Индус шашинтнуудын эртний уламжлалын дагуу сарын тэмдэг нь ирсэн бүсгүйг малын хашаанд хорьсны улмаас амь
эрсэджээ. Энэ явдал өнгөрсөн сард Балбын баруун нутагт болсон байна.
28 настай Мунадеви Шахи хэмээх бүсгүй сарын тэмдэг нь ирсний төлөө үхрийн саравчинд тав хоног суухаас өөр аргагүй болжээ. Энэ үеэр Балбад цочир хүйтэрч, цас, бороо их орсон тул хөөрхий бүсгүй хөлдөж үхсэн аж.
“Чаупади” хэмээх энэхүү уламжлал Балбын ядуус олонтой уулархаг бүсэд тархсан байдаг. Эндхийн заншил ёсоор сарын тэмдэг нь ирсэн бүсгүйчүүдийг бузар хэмээн цээрлэж, тусгаарладаг гэнэ.
Энд бүсгүйчүүд биений юм нь үзэгдсэн өдрүүдэд өвсөн овоохой, малын саравчиндаа орогнодог бөгөөд орон гэрийн өдөр тутмын ажилд ч орох эрхгүй болдог аж. Тэд нөхөртөө төдийгүй мод бут, гэрийн тэжээвэр амьтан, жимс, ногоонд гар хүрч болохгүй, усанд орох, сүү, махан бүтээгдэхүүн идэх хориотой. Мөн гэртээ болон сүм хийдэд очихыг ч цээрлэдэг. Энэ өдрүүдэд охид, бүсгүйчүүдийн голоо зо¬гоодог хоол нь ердөө л ус, будаа, давс юм. Дулаан хувцас, хөнжил, ариун цэврийн хэрэгсэл ашиглахыг ч зөвшөөрдөггүй юм байна.
Хүний эрхийг боогдуулсан энэхүү эртний уламжлалаас болж охид, бүсгүйчүүд цэвэр усаар гачигдаж, гэдэсний халдварт өвчин, уушгины хатгалгаа, амьсгалын замын өвчин их тусч байгаа талаар НҮБ-ын баримтад дурджээ. Үүнээс болж олон эмэгтэй амиа алдаж байгаа ч яг нарийн тоо одоогоор алга байна.
Өвчин тусахаас гадна олон эмэгтэй энэ үеэр могой, хилэнцэд хатгуулж, зэрлэг амьтны халдлагад өртөж, амиа алдаж байна.
Хамгийн аймшигтай нь эндхийн иргэдийн сахидаг дээрх уламжлалын дагуу дөнгөж төрсөн эмэгтэйг ч бас малын саравч, хашаанд амьдруулдаг аж. Энд дөнгөж төрсөн хүүхдийг ээжийнх нь хамт тусгай саравчинд хөөж оруулдаг. Үүнээс болж өнгөрсөн жилийн есдүгээр сард Ачхам дүүрэгт залуу бүсгүй Канша Чхетри дөнгөж төрсөн үртэйгээ хамт амиа алд¬жээ. Тэд бохир саравчинд гурав хоног тэссэн ч эх нь маш ихээр цус алдан халуурснаас болж тусламж авч чадаагүй байна.
Ер нь Балбад жилд 600 мянга гаруй эмэгтэй эмэгтэйчүүдийн өвчинд өртдөг бөгөөд сав, умайн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Үүнээс болж охид бүсгүйчүүд өвчиндөө шаналж, зовдог. Гэвч Балбад эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх асуудлыг бараг хөнддөггүй. Эмэгтэйчүүд ч бэлгийн амьдрал, эмэгтэйчүүдийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар огт дуугардаггүй гэхэд болно. Тэр бүү хэл ихэнх эмэгтэй өвчнөө оношлуулж, эмчлүүлэх, мэс засал хийлгэхээс зайлсхийдэг байна.
Балбын Дээд шүүх 2005 оны тавдугаар сард чаупадийг хууль бус уламжлал хэмээн үзэж, энэхүү бүдүүлэг занш¬лыг үндсээр нь халах тухай хууль баталж байсан юм.
Үүнээс гурван жилийн дарга тус улсын Эмэгтэйчүүд, хүүхдүүд, нийгмийн хангамжийн яам энэ заншлыг халах зарчим боловсруулсан боловч амьдрал дээр хэрэгжихгүй өдий хүрчээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.