-ТЭДНИЙ ЭД ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖЛЭХЭЭС ГАДНА ДАНСНЫ ГҮЙЛГЭЭГ НЬ ХААХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖ-
Улсын ерөнхий прокурорын газраас “Анод” банкинд төлөх их хэмжээний зээлээ төлөөгүй иргэдийг шалгах даалгаврыг Цагдаагийн ерөнхий газарт саяхан өгчээ. Ингэхдээ банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, хууль тогтоомж зөрчиж зээл их хэмжээгээр гаргасан хүмүүсийг сэжигтэн, яллагдагчаар татах гэнэ. Томоохон зээлэгчдийг банкны ажилтнуудтай хамтран оролцсоноор шалгаж, шаардлагатай бол эд хөрөнгийг нь битүүмжилж, дансны гүйлгээг нь хаах хүртэл арга хэмжээ авах чиглэлийг Улсын мөрдөн байцаах газарт даалгажээ. Ингэснээр “Анод” банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт учирсан хохирлыг шуурхай бодитой барагдуулж, гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоох боломж бүрдэж буй гэнэ. Энэ дагуу цагдаагийн байгууллагынхан зээлээ төлөөгүй зээлдэгч нарын нэрсийг гаргаж, хөрөнгийнх нь судалгааг хийж эхэлсэн байна. Шалгалтын явцад хууль зөрчин зээл авч, түүнийгээ төлөөгүй хэнбугайд ч хариуцлага тооцох нөхцөл ийн бүрджээ. Үүнээс үзэхэд “Анод” банкийг дампууруулсан гэх хэрэгт зөвхөн банкны эздийг буруутгаад зогсохгүй, 40 гаруй томоохон зээлдэгчдийг ч шалгаж эхлэв бололтой. Юутай ч гурван жилийн хугацаанд 12 удаа эргэж буцсан энэ хэргийг хуулийнхан арай өргөн хүрээнд шалгах нь. Нөгөөтэйгүүр томоохон зээлдэгч нарын зарим нь ямар ч гэрээгүй аман хэлбэрээр зээл удаа дараа авч байсан тул “Анод” банк дампуурсан шалтгааныг хайхад бас учир дутагдалтай нөхцөл байдал үүссэн байна. Иймд зээлдэгч нарыг “Анод” банкны хэн гэдэг ажилтнаас хэдийд хэдий хэмжээний зээл авч байсан зэргийг нь нягталж зээл олгосон буруутныг ч тогтооход дөхөм болох аж. Энэ албан даалгавар бол “Анод” банкнаас зээл авсан хэр нь өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй томоохон зээлдэгчид бүгд эрүүгийн хариуцлагад татагдахаар болжээ.
Тухайлбал өмнө нь энэ хэрэгт шалгагдаж байсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын хэргийг “Анод”-ын гэх хэргээс тусгаарлан прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. 15 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байгаа “Монгол газар”-ын энэ хэргийг сэргээн шалгах үүргийг ч хуулийнханд өгчээ.
Түүний араас “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, “Сити такси”, “Эрхэс майнинг”, “Аэро Монголия”, “Санд”, “Очиртөв”, “Дээж-Овоо”, “Улбаа”, “Эм Энд Жи” констракшн зэрэг компаниуд хуулийнхны хамгийн эхэнд шалгах арвын жагсаалтад багтжээ.
“Мон уран”-тай холбоотой өөр нэг асуудал нь “Дүнжингарав” худалдааны төвийг барихдаа тус банкнаас 20 орчим тэрбум төгрөг зээлсэн. Ингэхдээ “Дүнжингарав” худалдааны төвөө эзэмшлийнх нь газартай, бас “Анод” банкны төв байрлаж байсан барилгыг барьцаанд тавьж байсан юм. Дараа нь энэ байраа хууль бусаар төв банкныхантай зарсан байж болох үндэслэл байгаа сураг гарч байна.
Олон мянган хадгаламж эзэмшигчийн мөнгийг хууль бусаар ашиглаж улсад 120 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хэргийн гэм буруутнаар 20 гаруй хүнийг буруутган шалгаж буй юм. Энэ талаар өмнө нь манай сонин мэдээлж байсан. Тухайлбал “Анод” банкны ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх, тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, төв банкны Дотоод аудитын газрын дарга Г.Тогтохбаатар (Анодын удирдлагаас 23 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэж үздэг), Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганбаатар нар байсан юм. Мөрдөн байцаалтын явцад шинээр дараахь хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
5.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй “Стардевелопмент” компанийн захирал Э.Цэрэндаш (Э.Гүр-Аранзын төрсөн дүү), “Шивээговь флюрит” компанийн захирал Д.Ганзориг (Д.Энхтөрийн төрсөн дүү), “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл (Э.Гүр-Аранзын төрсөн дүү), хувиараа бизнес эрхлэгч Э.Оюунсүрэн, Ж.Гантулга, Э.Оюунчимэг, Г.Энхцэцэг, Б.Ганбаяр гэсэн хүмүүсийн нэрс жагсаж байна.
Анх тус банк нийт 54.4 тэрбум төгрөгийн зээл олгосон хэмээж байсан. Банкны аккредитив, батлан даалтын дүн нь дөрвөн сая ам.доллар. Японы Иточу корпораци тус банкнаас их хэмжээний мөнгө нэхэмжилснийг дээрх аккредитивийн дүнд оруулаагүй байсан байдаг. Эрх хүлээн авагчийн шалгалтын явцад тус банкийг удирдаж байсан Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нараас авах авлага нь 58.6 тэрбум төгрөг гэж гаргаж байжээ. Энэ нь гадаадын банкин дахь харилцах данснаас дутсан аж. Харин үндсэн хөрөнгөтэй холбоотой авлагын дүн нь 7.8 тэрбум төгрөг. Энэ хэргийн хохирлын хэмжээ нь 120.8 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.доллар болсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
“Анод” банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийн жагсаалтыг нийтэллээ. Гэхдээ энэ жагсаалтад байсан манай зарим нэг томоохон аж ахуйн нэгжүүдийн зарим нь дутуу байгааг хуулийнхан онцолж байгаа юм. Байхгүй байгаа зарим аж ахуйн нэгж муу ангилалд байсан зээлээ төлсөн үү эсвэл тэд сугарч үлдэв үү гэдэг нь тодорхойгүй байна.
Г.ЯЛГУУН
Зээлдэгчийн нэр | Зээлийн үлдэгдэл | Зээлийн ангилал |
“Стардевелопмент” ХХК | 5.302.176.498.58 | Муу |
“Очиртөв” ХХК | 4.199.899.509.71 | Муу |
“Жи Энд Юу Голд” ХХК | 3.861.664.100.00 | Муу |
“Улбаа” ХХК | 3.858.290.000.00 | Муу |
“Шарихэрд” ХХК | 3.499.797.001.04 | Муу |
“Санд”ХХК | 3.358.146.646.75 | Муу |
“Монголгазар”ХХК | 3.120.197.257.97 | Муу |
“Дээж-Овоо”ХХК | 3.011.731.638.31 | Муу |
“Сити такси”ХХК | 2.999.603.794.05 | Эргэлзээтэй |
“Мон сити”ХХК | 2.831.075.857.21 | Эргэлзээтэй |
“Эм Энд Жи констрашн” ХХК | 2.499.769.648.44 | Муу |
“Аэромонголия”ХХК | 2.460.470.508.35 | Муу |
Иргэн Цогзолмаа | 2.385.751.122.63 | Муу |
“Аэромонголия”ХХК | 1.900.137.132.30 | Муу |
“Смарт инт систем” ХХК | 1.804.040.702.77 | Муу |
“Ай Ти Зэт”ХХК | 1.730.116.663.00 | Муу |
“Шарын гол” ХК | 1.723.267.00.00 | Муу |
“Уянга болор”ХХК | 1.642.778.461.02 | Муу |
“Комитсөрвис” ХХК | 1.641.425.600.00 | Муу |
“Уянга болор” ХХК | 1.1.434.352.456.02 | Муу |
Тацуурт” ХХК | 1.400.000.000.00 | Муу |
“Ар ПиЭм”ХХК | 1.349.701.233.75 | Муу |
“Тас петролиум”ХХК | 1.324.934.734.35 | Муу |
“Жи Энд Юу Голд” | 1.300.000.000.00 | Муу |
Их барилга төсөл | 1.291.679.886.75 | Муу |
“Смарт инт систем” ХХК | 1.1.233.062.804.82 | Муу |
“Шивээговь флюрит” ХХК | 1.226.934.363.34 | Муу |
“Дээд цэг” ХХК | 1.200.000.000.00 | Муу |
Сэквоя” ХХК | 1.199.969.037.00 | Муу |
“Мон форте “ХХК | 1.162.866.139.51 | Муу |
‘Хотын зам” ХХК | 1.109.429.698.57 | Муу |
“Си Эйч Эм Жи Ай” | 1.031.797.832.00 | Муу |
“Тас петролиум”ХХК | 1.1.021.324.583.33 | Муу |
“Улбаа” ХХК | 997.000.000.000.00 | Муу |
“Гүнтөгөл” ХХК | 996.954.243.57 | Муу |
“Сэквоя” ХХК | 994.639.700.00 | Муу |
“Дээд цэг” ХХК | 766.487.827.00 | Муу |
“Тодмонгол” ХХК | 728.703.983.00 | Муу |
“Гацуурт” ХХК | 698.312.927.74 | Муу |
“Шивээговь флюрит” ХХК | 657.000.000.00 | Муу |
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.