Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-тай хамтран ажиллаж, тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэний араас Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жилийн уулзалтанд оролцчихоод ирлээ. Тэднийг явахаас өмнө Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайханы тухайд Вашингтон хотноо очиж, ОУВС-д Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг албан ёсоор уламжилна гэх мэдээлэл гарч байсан. За харин түүний томилолтын талаарх албан мэдээлэлд “Уулзалтын үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Фурусава, гүйцэтгэх захирал Б.Стэрланд, Ази, Номхон далайн газрын дарга Сэссир Ри болон Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Кваква, гүйцэтгэх захирал Хенам Чой нартай уулзалт хийх юм.Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн удирдлагуудтай хийх уулзалтынхаа үеэр Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьж, тавигдах нөхцөлүүдийн талаар харилцан зөвшилцөнө” гэсэн байсан юм.
Тэгвэл тэд ямар ч байсан яваад уулзаад ирлээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон гэх албан мэдээллийг өгч байна. Түүнчлэн ОУВС-ийн ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар болсныг дуулгаж байна. Тэгэхээр манай нөхдүүд нөхцөл байдал хүнд байна хэмээн хэлж ярьсны араас ОУВС-ийнхан Улаанбаатарт бууж, улмаар ямар хэлбэрийн хөтөлбөр хэрэгжүүлж болохыг шийдэж таарах нь ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.