Өмнө нь батлагдсан хэд хэдэн хуулийг ээлжит бус чуулганаар хүчингүй болгосон зэрэгцэн “Төрийн мэдээлэл” гэдэг эмхэтгэлийн чухлыг хаа хаанаа ойлгодог болсон гэхэд болно. Уг эмхэтгэл дээр нийтлэгдээгүй бол тухайн хуулийн төслийг хүчин төгөлдөр гэж ойлгож хүлээж авч болохгүй юм билээ. Тэгвэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 34 дэх дугаар гарчээ. Тус дугаарт Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг нийтэлсэн байна.
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулиар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс онцгой албан татвараас чөлөөлөхөөр болсон юм.
Түүнчлэн Монголбанкны Дэд ерөнхийлөгчий, чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.
За мөн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэжээ. Уг тогтоолоор Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулан, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны хязгаарыг баталсан байна. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор шинээр болон өөрчлөн зохион байгуулагдаж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх, хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) 1-тэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг Засгийн газраас дээрх тогтоолоор үүрэг болгосон байна. Мөн Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь 7-гоос доошгүй байх чиглэл баримтлахаар тогтоолд тусгажээ. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Хуваарь шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай”, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолуудыг нийтлэсэн байна.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гарсан шийдвэрүүд тус эмхэтгэлд нийтлэгдсэнээр баталгаажиж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.