Хүн өөртөө хэзээ ч мартагдашгүй, сэтгэлээс уяатай дурсамж бүтээнэ гэдэг сайхан. Мэдээж хүн бүр өөрөө өөрийнхөө амьдралд тэр л сайхан дурсамжийг хэдэн зуугаар нь бүтээж, ганц олдсон хүмүүн заяагаа хөглөж яваа байх л даа.
Гэхдээ бүтэн таван сарын турш ямар ч техник хэрэгсэлгүйгээр эх орноо явган тойрно гэдэг хэр баргийн аавын хүү, ээжийн охиноос гарах зориг биш гэж бодож байна. Харин тэр зориг, тэр тэвчээрийг Б.Эрдэнэтогтох гэх залуу гаргажээ. Үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Үнэндээ түүнийг олж уулзах тийм ч амар байсангүй. Удаан хайсны эцэст сая нэг уулзаж, цөөн хором ярилцах боломж гарч, Б.Эрдэнэтогтохыгоо “Шинэ танил” буландаа урилаа. Учир нь, уншигч тантай ч бас уулзуулахыг хүссэн юм. Хүлээн авна уу…
-Ярилцлагаа эхлэхээс өмнө танд өөрийнхөө зүгээс болон нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Эх орноо явган тойрно гэдэг үнэхээр том зориг шүү?
-Тийм ээ, баярлалаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Б.Эрдэнэтогтох гэдэг. Баянхонгор аймагт төрж, өссөн. Гэхдээ Дархан хотод амьдардаг, гэр бүлтэй. Ажил, мэргэжлийн хувьд гэвэл “Бундын тамга” хамтлагийн ахлагч.
-Арай, радио зохиомж бэлтгэдэг “Бундын тамга” хамтлаг биш биз дээ?
-Тийм ээ, мөн. Энэ жил 9 жилийн ойтойгоо золгож байна.
-Үнэхээр санамсаргүй зүйл боллоо. Учир нь, таны талаарх мэдээлэл надад ганцхан өгүүлбэрт л багтаж байлаа?
-Ямар өгүүлбэр билээ.
-Таван сарын хугацаанд явганаар эх орноо бүтэн тойрсон нөхөр л гэдгийг тань мэдэж байлаа. Хэзээ нэгэн цагт “Уншигчидтайгаа уулзуулна даа” гэж бодож явсан юм. Одоо би тэрхүү хүслээ биелүүлж сууна?
-Баярлалаа. Би өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд аялалаа эхлүүлсэн. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд аялалаа дуусгалаа.
-Ганцаараа, дээр нь явганаар 21 аймгаа тойрно гэдэг маш том зориг л доо. Гэхдээ цаана нь түүнээс том зорилго байсан байх. Тийм үү?
-Ерөөсөө л залууст эх орноо хайрлах сэдлийг төрүүлэх зорилготой.
-Яаж тэр вэ?
-Би уран бүтээлч хүн шүү дээ. Энэ бол уран бүтээлийн аялал байсан. Ном бичихээр төлөвлөж, үүндээ зориулж уран бүтээлийг тойрон аялал хийсэн юм.
-Аан, зөв зөв. Уран бүтээлээрээ дамжуулж аялалынхаа зорилгыг биелүүлэх нь байна шүү дээ?
-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж гол ус, уул нуруу онцлог газруудынх нь талаар тэмдэглэл, шүлэг бичлээ. Ерөнхийдөө номондоо орох материалуудаа цуглуулчихсан. Номоороо болон энэхүү аялалаараа дамжуулж Монголын залуустаа эх орноо хайрлах тэрхүү сэдлийг нь өгөх хамгийн том зорилго маань байлаа. Залуус маань заавал эх орныхоо муу муухайг дурсаж явах гэхээсээ илүүтэй гоё сайхныг илүүтэй мэдээсэй гэж хүсэж байна.
-Та бол уран бүтээлч хүнийхээ хувьд бүтээлч сэтгэлгээгээр аялалаа харж. Харин анх гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Ээж маань өндөр настай хүн. Мэдээж хэрэг санаа зовж байсан. Гэхдээ одоо цагт хаанаас л бол хаанаас гэрийнхэнтэйгээ холбогдож болно. Тэр ч утгаараа хаана яваагаа байнга гэрийнхэндээ хэлж байсан. Харин эхнэр маань анх “Миний хань чадна аа” гэж хэлсэн. Учир нь, миний ажил, амьдралыг ойлгодог хүн л дээ. Тиймдээ ч энэ үгийг хэлсэн байх.
-Ингэхэд аялалаа хаанаас эхлүүлэв?
-Баянхонгор аймгаас эхлүүлж Баянхонгор аймагтаа дуусгасан.
-Төрсөн нутгаасаа эхлүүлсэн байх нь ээ?
-Тийм.
-Аялал тань амаргүй байсныг ойлгож байна. Гэхдээ бүр зорьж хэлэх хүндрэл, бэрхшээл юу байв?
-Ямар ч тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр аялаад ирсэн. Мэдээж хэрэг аяллын хугацаанд хүндрэлтэй зүйлүүд байсан. Гэхдээ манай Монголчууд үнэхээр сайхан сэтгэлтэй хүнлэг ард түмэн юм байна. Орчин цагт хүн чанар байхгүй болсон гэдэг зүгээр л өөрсдийн зохиосон үг гэдгийг мэдэрсэн. Нэгнийгээ зүтгээд явж байхад маш сайхан мэтгэлээр тусалж дэмжиж байсанд үнэхээр их баярлаж байна.
-Эр хүн ганцаараа аялаж байхад чухам юу хань болдог юм бэ?
-Гал, хутга хоёр минь л их хань болсон доо. нь гэр бүлийнхний дэмжлэг маш их зоригжуулж, хань болсон.
-Үнэхээр санаанд оромгүй сайхан хариулт байна. Уран бүтээлч хүн тэр чигээрээ эмзэглэл байдаг. Эх орноо тойрч явахад эмзэглэж, халагламаар зүйл их тохиолдож байв уу?
-Монгол орноо тойрч аялаж, бодит байдлыг нүдээр харсан хүний хувьд бүх газар дандаа сайхан байгаагүй. Үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол байсан. Гэхдээ ганцхан жишээ л хэлье, тэгэх үү.
-Бололгүй яах вэ?
-Аяллын маань хамгийн сүүлчийн буюу 21 дэх аймагтаа очиход Орхон гол шар ногооноор урсаж байгааг хараад сэтгэл үнэхээр шимширсэн. Ингээд цаашлаад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу очиж нутгийн иргэдээс энэ тухай асуухад Орхон голын эх авдаг Хангайн нурууны тэнд алтны компаниуд үйл ажиллагаагаа явуулж, бохирдсон усаа шууд голд цутгаж байгаа тухай хэлсэн.
-Гэхдээ саяхан Д.Оюунхорол сайд тэргүүтэй албаныхан үйл ажиллагаатай нь танилцаж, зөвшөөрлийг нь цуцалсан санагдах юм?
-Сонссон. Гэсэн хэдий ч есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Орхон гол шар ногооноор урссан хэвээр байсан. Хоёр жилийн турш ингэж урсаж байгаа гэсэн. Энэ асуудлыг ингээд орхиж боломгүй санагдаж байна. Салбарын сайд дарга нар, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн ч гэсэн дахин дахин сурвалжилж Орхон голоо аврахгүй бол тэнд байдал үнэхээр хэцүү байна билээ.
-Нутгийн иргэд нь ямар зовлон тоочиж байна вэ?
-Малынх нь үс ноос унаж эхэлсэн тухай хэлж байна. Тэдний ярьж байгаагаар бол Орхон голыг бохирдуулж буй тэдгээр компанийн ард саарал ордонд сууж байгаа нөхдүүд байдаг гэсэн шүү.
-Тэгж л сонсогдох юм билээ. Ингэхэд хоол ундаа хэрхэн зохицуулж байв аа?
-Ерөнхийдөө аймаг, сумдад очоод учир байдал, зорилгоо хэлэхэд нутгийн иргэд их сайхан хүлээн авч, буудалд байрлуулах гэх мэтээр нэлээд тусалж, дэмжиж байсан. Хоол ундны тухайд ээжийнхээ бэлдэж өгсөн борцоор болгож явсаар ирсэн дээ.
-Гадаа, хээр ганцаараа их хонов уу?
-Өө, тэгсэн.
-Хамгийн хэцүү зүйл нь?
-Хөдөө хээр талд бие өвдөх л хэцүү байлаа. Ганцаараа халуураад хэвтэх үе байсан. Усан бороонд шалба норчихоод алхах үе ч байлаа. Гэхдээ энэ бүх зүйл бүгд ард хоцорсон.
-Санхүүгийн асуудлаа яаж болгосон юм бэ?
-Миний хувьд ямар нэгэн ивээн тэтгэгч гэж байгаагүй. Өөрийнхөө зардлаар яваад ирсэн.
-Монгол орноороо бүтэн тойрч явахад алслагдсан сумдын хөгжил танд ямар санагдав. Хаана хамгийн өндөр хөгжил харагдав?
-Сумдын хөгжил гэвэл шинэ сумуудын хөгжил гайхалтай юм билээ. Миний анзаарч харсан нэг зүйл бол “Шинэ сум” төсөл нүдээ олсон төсөл юм байна гэж бодогдсон. Монголын залуу гэр бүлүүд заавал хот суурин газар тэмүүлэх биш тэнд интернет орчин, спорт заалнаас эхлээд залуусын сонирхлыг татах бүх зүйл байсан нь сэтгэлд их хүрсэн. Бусад алслагдсан сумдын тухайд хөгжил тааруу, залуус нь суурин газрыг зорьж, эзгүйрч байгааг хэлэхгүй байхын аргагүй.
-Тэр бүгдийг номондоо оруулна биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, би өөрийн тэмдэглэл, номондоо энэ талаар оруулна. Ингэхэд 21 аймгаа тойрч аялж байгаа олон л хүн байгаа. Хэсэг бүлгээрээ нийлж, амралт зугаалгын байдалтай, спорт аялал ч хийж байгаа хүмүүс байгаа. Миний хувьд бол 100 хувь уран бүтээлч аялал гэдгээрээ ялгарч байгаа байх. Би эх орныхоо сайн сайхан, зарим нэг шүүмжлэлтэй зүйлүүдийг өөрийн нүдээр үзэж харж, тэндээс төрсөн сэтгэгдлээ бичиж номоо гаргана аа. Бас шүлэг бичнэ. Бүр кино зохиолын сэдэвтэй хүртэл ирсэн шүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.