
Их Британийн армийн поло баг 2015 оноос эхлэн Монгол армийн багтай хамтран поло спортоор сургуулилах хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Энэхүү тэмцээнд Их Британий армийн поло багийн удирдагч ноён Саймон Леджер тэмцээний тайлбарлагчаар, багийн дасгалжуулагч Гастон Девриент, багийн ахлагч ахмад Роберт Фриймен-Керр болон ахмад Хью Ричардсон, нэрт фото зурагчин Сам Черчилл нар хүндэт зочноор оролцоно. Мөн Их Британийн Ерөнхийн Сайд асан Винстон Черчиллийн жич /ачийн хүү/ оролцож байна.
Их Британи улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоёр улсын нөхөрсөг харилцаа, пологоор холбогдсон түүхээ хүндэтгэн үздэгийн илэрхийлэл болгож ийнхүү олон улсад нэр хүндтэй армийн багаа Монголд урьж ирүүлээд байна. Энэхүү үйл явдал нь хоёр улсын батлан хамгаалах, соёл, аялал жуулчлалын харилцаанд шинэ түүхийг бүтээх ач холбогдолтойг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Их Британийн ЭСЯ-наас онцолж байна.
Монголын эзэнт гүрний түүхэнд морьтон дайчид байлдааны сургуулилтад бог малын толгойн ясаар наадгай хийдэг байсан нь XII зууны сүүлээр Ил хаант улсын өмнөх Персэд боловсронгуй хэлбэрээр нутагшсан байдаг. Улмаар XV зуунаас эхлэлтэй Энэтхэг дэх Могул тэргүүтний аян дайны дараа тус улсад поло тоглоом түгэн дэлгэрч, дүрэм нь дахин шинэчлэгдэж байжээ. Харин 1860-аад онд Британийн морин цэргийн хороо Энэтхэгийн Гималайн нурууны Манипур мужид 12 морьтон поло тоглож байхтай анх учирч, тэр цагаас эхлэн Британийн цэргүүд энэхүү эрэмгий спортод хөл тавьж байсан түүхтэй.
Хоёр улсын баг өмнө нь гурван удаа хамтарсан бэлтгэл хийж байсан бөгөөд 2015 онд Монгол Улсын БХЯ-ны оролцоотойгоор Хэнтий аймгийн цэргийн баазад анхны хамтарсан бэлтгэл хийж байв. Удалгүй Монгол армийн баг Их Британи улс дахь Сандхерст Хатан Хааны Цэргийн Академид сургуулилт хийснийхээ дараа алдарт Guards Polo Club-д анхны томоохон тэмцээндээ оролцож байсан юм.
Энэхүү поло тэмцээн нь олон нийтэд нээлттэй тул поло төдийгүй морин спорт сонирхогчид үзэгчдээр оролцох боломжтой.
Тус тэмцээн Гачууртад байрлах Хаан поло клубт энэ сарын 17-нд болно.
Ж.Болор
Эх сурвалжэ: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.