Энэхүү булангаа сүүлийн үед хэвлэлийнхэнд ярилцлага өгөх нь бүү хэл, сэтгүүлчидтэй тааралдахаас ч яс нь хавталзаж яваа Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн хууль бус үйл хэргийн талаар тус дүүргийн иргэд удаа дараалан мэдээлж, мэдэгдсэний дагуу бэлтгэлээ. Учир нь Б.Батзориг дарга хэдхэн хоногийн өмнө хороодын Засаг дарга нарыг хууль бусаар томилсон, Иргэдийн нийтийн хурал хийхдээ зөвхөн МАН-ынхаа гишүүдийг цуглуулаад л хийчихдэг хэмээн иргэд болон тус дүүргийн АН-ынхан жагсаж байсан юм. Энэхүү мэдээллийн мөрөөр өөрөөс нь тодруулга авах гэсэн боловч дарга ажилдаа хараахан ирээгүй байна хэмээн туслах нь хариулав. Мөн ойрын хугацаанд ямар ч сонин, сэтгүүлд ярилцлага өгөх сонирхолгүй гэдгээ дамжуулжээ. Ганцхан удаа Б.Батзориг даргатай холбогдоход эелдэгээр “Өө бололгүй яах вэ, ярьж байгаад ирээрэй” гэсэн хариулт сонссон дараа нь утас руу нь залгахад авдаггүй. Хэдэн хоног дараалан холбогдох гэж хичээсэн ч болсонгүй.
Б.Батзориг бол НИТХ-ын тэргүүлэгч, мөн яггүй бизнесмэн. Үнэндээ төрийн ажлыг, хувийн бизнестэйгээ төгс хослуулан панз үсэргэдгээрээ ярих юмгүй тэргүүний нэгэн. Б.Батзориг даргын Засаг дарга болсон түүхийг эргэн санавал мөн л хууль зөрчсөн үйл явдал болж таарна. Өнгөрсөн 2008 оны орон нутгийн сонгууль арав, арваннэгдүгээр саруудад хоёр удаа болжээ. Үүний дараа хуулийнхаа дагуу 50 хоногийн дотор дүүргийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж, сонгогдсон төлөөлөгчдөөсөө дүүргийн Засаг даргаа сонгох ёстой ажээ. Гэтэл Б.Батзориг дарга Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон атлаа Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилогдон иржээ. Анхнаасаа энэ нь МАН-ын томилгоо байсан гэдэг.
2009 онд дүүргийн Засаг даргаар ажиллахдаа нэг бүтээлийг аргагүй сайн хийсэн байдаг. Тэр нь хөшөө босгох юм. Уншигч та андахгүй дээ. “Эвтэй дөрвөн амьтан” Баянзүрх дүүргийн Шүтээн Банхар нохой, Аюулгүйн тойрог дахь усан оргилуур гээд л. Гэхдээ энэ бүтээн байгуулалтыг өөрийн барилгын компани болох “Green house” гүйцэтгэсэн. Энэхүү бүтээн байгуулалтуудад зориулж 47 тэрбум төгрөгийг зарцуулсан хэмээн ярьжээ.
МАН 100 мянган төгрөгөөр гишүүн элсүүлж байна
Тус дүүргийн XXVII хорооны иргэн Ш.Батхишигтэй цөөн хором уулзсан юм.
-Та Баянзүрх дүүргийн оршин суугч уу?
-Тиймээ. Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Ш.Батхишиг гэдэг хүн байна.
-Танай харьяа хороо хэдэн хэсэгтэй бол?
-Манай хороо есөн хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн дөрвөн гудамжны ахлагчтай ажиллаж байна.
-Гудамжны ахлагч гэв үү. Хэзээнээс ийм ажилтантай болсон бэ. Тэд юу хийдэг вэ?
-Гайхах чинь зөв өө. Тийм албан тушаал анх удаа сонсож байгаа байх. Хэсгийн ахлагч нарын заавраар л ажиллана. Яг үнэндээ намдаа гишүүн элсүүлэх ажлыг л хийдэг юм даа.
-Яагаад хороон дээр ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм бол. Тэд хаанаас цалинждаг вэ. Та мэдэх үү?
– Төсвөөс цалинждаг гэж ойлгосон. Энэхүү дарга нар сар бүр хөдөлмөр халамжийн хэлтсээс авдаг юм билээ. Гэтэл энэ гудамжны ахлагч албан ёсны орон тооны ажилтан биш төсөвт энэ тухай хөрөнгө суугаагүй байх гэж бодож байна. Хэсгийн ахлагч нар МАН-ын сонгуульт албатнууд байдаг. Хэсгийн ахлагч бүр намын үүрийн гишүүд байдаг юм.
-Шинээр бий болсон албан хаагчид хэдэн төгрөгийн цалин авах уу?
-30 мянган төгрөг авдаг. Өдөр судартай нь хэлье. Сар бүрийн 15-ны өдөр дүүргийн ИТХ буюу МАН-н гишүүн “Монфреш” компанийн захирал Насанхүү гэдэг хүнээс 50 мянган төгрөг авдаг юм. Төрийн үйл ажиллагаа хороонд явагдах ёстой байтал намын үйл хэрэг явагдаж байна. Ингэж намын үйл ажиллагаа явагдахын зэрэгцээгээр дүүргийн Засаг даргын даалгавраар намын гишүүнчлэлийн ажил өрнөж байна.
-Намдаа ихэвчлэн ямар хүмүүсийг элсүүлж байна?
– Хороон дээр МАН-ын гишүүнээр элссэн хүн бүрт 100 мянган төгрөг өгч байна. Энэ хөрөнгө намаас гарч байна уу эсвэл дүүргийн төсвөөс гарч байна уу бүү мэд. Биднийг сонгоогүй байхад дүүрэг, хороодын Засаг дарга нарын томилгоогоор л хийдэг болсон. Нэг хоёрдугаар курсын оюутнууд, нам бус амьжиргааны төвшин доогуур амьдралтай хүмүүс ихээр элссэн. Манай найзын хүү элсчихсэн байна лээ.
-Дүүргийн чинь Засаг дарга ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Юун арга хэмжээ авах вэ. Түүний зохион байгуулж байгаа ажлын нэг нь. Аль хэдийнээ сонгуулийн бэлтгэл эхэлсэн. Хорооны засаг дарга нар, хэсгийн ахлагч бүгд л Б.Батзориг даргатай үзэл бодол нэгтэй хүмүүс шүү дээ гэв.
Энэ мэт хороонд хүртэл улс төр үүрлэчихсэн байхад сонгууль яаж шударга явагдах билээ дээ. Энэ бүхнээс харахад Баянзүрхчүүдийг МАН эзэгнэж байгаа нь илэрхий. Үнэхээр ДИТХ-ын 35 гишүүн нь бүгд МАН-ынх юм билээ. Дараа нь Баянзүрх дүүргийн Ардчилсан намын байраар ороод гарсан. Гишүүд нь ийн ярьж байна.
Хурлынхаа зарлалыг 30 минутын өмнөөс л нааж эхэлдэг
Иргэдийнхээ төлөө явдаг газар Засаг даргаа магтан дуулдаг газар болж хувирч байна. Ялангуяа манай дүүрэг шиг 100 хувиар МАН ялсан газар. Иргэдийн Нийтийн хурлыг хийхдээ хүртэл хууль зөрчинө. Хуулиндаа иргэдийн нийтийн Хурлыг хуралдуулахдаа “аймгийн, сумын, хорооны 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд уг хурал нь хүчинтэй гэж үзнэ” гэж заасан байдаг атал өөр хорооны намын гишүүдээ цуглуулаад л хийчихдэг. Сар бүр цалин авчихдаг байж иргэд рүүгээ чиглэсэн зүйл юу ч хийдэггүй. Хурлаа зарлахдаа зөвхөн намын гишүүдийн хуралтай гэж зарладаг. Тэгэхээр хэн очих вэ. Ажлын өдрөөр зарлачихна. Үүнд нь залуучууд огт оролцдоггүй. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгж удирдлагын тухай хуулийн 23.2,23,4,23.10 заалтуудыг ноцтойгоор зөрчсөөр байгаа. Эдгээр нь ямар заалтууд байдаг вэ гэхээр Иргэдийн нийтийн хурлаас тухайн хорооны засаг даргыг томилдог. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн дүүргийн Засаг даргыг томилдог. Гэтэл Б.Батзориг Сонгинохайрхан дүүргээс манай дүүргийн Засаг дарга болж ирсэн. Худаг буудал дэлгүүрийн хананд иргэдийн нийтийн хурлын зараа болох өдөр нь болох цагаас нь 30 минутын өмнө нааж байх жишээтэй. Хэрхэн сонгуульд ялах нь нэн чухал болжээ. Хороодын иргэнээ намын бүртгэл явуулаад завсрын хүнийг дарамталж байгаад намдаа элсүүлж байна. Өнгөрсөн онд дүүрэгт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Засаг захиргааны ордонг 3,6 тэрбум төгрөг, нохойтой хөшөөг 750 сая төгрөг, аюулгүйн тойргийн төвд усан оргилуур хийгээд хүний сонирхол татахаар очдог юм байна л даа. Гэтэл тийшээ аюулгүй очих нөхцөлийг нь тавьж өгөөгүй, гарц тавиагүй. Гурван эгнээ замыг яаж гатлах вэ? Сонирхож явсан хүүхэд машинд шүргүүлсэн ш дээ. Машингүй байна гэж байхгүй. Дүүргийн иргэддээ санхүүгийн нарийвчилсан тайлангаа тайлагнадаггүй. 750 сая төгрөгөөр ганц хөшөө босгож байхаар хэд хэдэн цэцэрлэг, оношлогооны төв барих боломжтой ш дээ. Манай дүүрэгт сургуульгүй хороо олон, мөн цэцэрлэг ч бүүр цөөхөн байдаг. Цэцэрлэгээр хүмүүжих насны хүүхдийн хоёрны нэг нь цэцэрлэгтээ явж, үлдсэн нь гэрээр хүмүүжиж байна хэмээн байгаа байдлыг танилцуулсан юм. Б.Батзориг даргын энэхүү хууль бус үйл ажиллагаанд хяналт тавьчих хүн даанч алга. Харин ч эсрэгээрээ намдаа 8000 гишүүн элсүүлсэн гээд магтаж байгаа гэсэн. Тэрбум төгрөг намаасаа авч гишүүн элсүүлэх ажилдаа зарцуулсан гэж намынхан нь ярьж байна лээ. Ийм л нэг задарсан Засаг даргын удирдаж яваа дүүрэг утаатай, ядууралтай, хулгайтай байна. Гэтэл дарга маань УИХ-д нэр дэвших гээд уг яан жолоогүй зүтгэж явна. Та зүгээр гурилын компаниа удирдаад бүтээн байгуулалтаа хийгээд л улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан нь дээр биш үү. Үнэндээ 28 хороотой дүүрэг ахлах ажил танд хүнддэж байна шүү дээ.
Б.НЭРГҮЙ
Холбоотой мэдээ
Comments are closed.