ВАШИНГТОН. /VOA/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй хийхээр төлөвлөсөн анхны уулзалтаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цуцалжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Б.Обама мягмар гарагт Лаост болох бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзана” гэв.
Р.Дутерте өнгөрсөн зургадугаар сард ерөнхийлөгч болсон даруйдаа мансууруулах бодистой тэмцэх өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлж эхэлсэн юм. Энэ ажиллагаа эхэлснээс хойш ердөө хоёрхон сарын хугацаанд Филиппиний цагдаа нар 1000 гаруй хүний аминд хүрсэн байна.
Б.Обама хэлэхдээ “Филиппиний Ерөнхийлөгчтэй уулзсан бол хүний эрхийн асуудлыг хөндөх байсан” гэжээ. Р.Дутерте сэтгүүлчдийн өмнө Б.Обамагийн талаар ярих үедээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн аж. Үүнтэй холбогдуулан Б.Обама хэлэхдээ “Р.Дутертетэй үр дүнтэй уулзалт хийж чадна гэдэгт эргэлзэж байна” гэжээ.
Товлосон уулзалтыг цуцалсан нь холбоотон хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Уг уулзалт нь Өмнөд Хятадын тэнгист Хятадын үйл ажиллагаа идэвхжиж байгааг хэлэлцэхэд чухал гэж АНУ үзэж байв.
Г.Доржханд
Эх сурвалж: Montsame.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.