antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 Comments are off

ХӨГЖЛИЙН “КОД”

нийтлэсэн Admin

 …Ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа бол Монголыг санал болгож байна. Төв Азийн өвөрмөц энэ орон тэр чигээрээ боломж. Эдийн засгийн өсөлтөөрөө Монгол Улс ойрын жилүүдэд дэлхийн улс орнуудыг ардаа орхино… гэсэн утгатай ярилцлагыг дэлхийн том эдийн засагч, санхүүчид байсхийгээд л “Bloomberg”-т өгдөг болсноос сүүлдээ бүр уйдах шинжтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Сингапурын хөрөнгө оруулалтын “Khan” хэмээх компанийн захирал Трэвис Хамилтон яг ийм сэдвээр “Bloomberg”-ийн Ришад Саламаттай өнгөрсөн лхагва гаригт хагас цаг орчим ярилцахыг сонслоо. Тэр хоёрын “амьд” нэвтрүүлгийн дундуур Монголд хөрөнгө оруулалт хийхийг хүсэгчид шууд холбогдон, олон асуулт тавьж байна билээ.

Хятад, Орос гэсэн дэлхийн хамгийн том хоёр зах зээлтэй шууд хиллэсэн зэс, алт, нүүрсний гайхмаар арвин нөөцтэй энэ орны ирээдүй хөрөнгө оруулагчдад санаанд ч багтамгүй боломжийг авчирна гэдгийг тэд ойлгуулж байна. Тэр тусмаа дэлхийн нүүрсний эрчим хүчний хэрэглээний хамгийн том зах зээл болох Зүүн өмнөд Азийн бүс нутагт Монгол тун удахгүй “түлхүүр тоглогч”-оор тодрон гарч ирнэ гэдгийг онцолж байлаа. Гаднынханд ийнхүү мэдрэгдэж, хүсэл сонирхлыг нь илт өдөөж буй тэр боломжийг “юмны эзэн, сумны занги” болсон монголчууд харин олж чадаж байна уу, чадаж байгаа бол түүнийгээ хэрхэн үсрэнгүй хөгжлийн өдөөгч болгож ашиглах вэ гэдгээ зайлшгүй эргэцүүлэн тунгааж, төлөвлөн даруй ажил хэрэг болгох амин чухал эрх ашиг бидэнд байна.

Өөрөөр хэлбэл Монголоор, Монголын нүүрсээр дэлхийн эрчим хүчний эрин зуун амьсгалж байгаа энэ “Алтан боломж”-ийг алдах уу, эс алдах уу гэдгээ монгол хүн бүр ухамсарласан байхын тухай энд өгүүлж байгаа юм. Бид хөгжлийн гараан дээр ирчихээд байгаагаа байн байн гайхуулж ярьдаг болсон. Тэгээд үнэхээр л ирсэн юм бол одоо зогсож, саатахын учир юун, уралдааны замдаа даруй гарах ёстой юм биш үү. Тэрхүү хөгжлийн бариа өөд хурдлуулах олон хөшүүрэг бидэнд бий. Түүний нэг нь нүүрс гэж боддог. Зэс, алт, нефть, уранаас илүүтэйгээр өнөө цагт Монгол Улсын хөгжлийн “код” нь нүүрс болчихоод байна.

Аливаа бизнес, ажил үйлсийг эрхлэхэд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэрхүү эх үүсвэрийн цараа тэлэн, бяд суух тусам, бизнес өргөжиж, томрон илүү чанаржиж, өрсөлдөх чадвар нэмэгддэг. Түүн лүгээ Монгол Улсыг санхүүгийн бядтай болгох гол “амин дэм” нь нүүрс. Бодоод үз дээ! Нэг сая таван зуун жаран таван мянган ам.дөрвөлжин км уудам нутгийн 80 хувь нь нүүрсний нөөцтэй улсын эзэн гэж байгаа бид. Тэгээд энэ их баялгийнхаа хэргийг одоо гаргая л даа. Зөвхөн нүүрс маань л биднийг дэлхийн аль ч улс орноос илүү баян чинээлэг амьдралтай болгож чадна. Гагцхүү энэ боломжийг одоо л ашиглаж, давуу талаа болгохгүй бол хоцорно, бас алдана. Монгол Улсын ДНБ-нд гол жин дардаг байсан зэсийн үйлдвэрлэл эдүгээ нүүрсэнд байраа тавьж өгч эхэлснийг сүүлийн хоёр жилийн статистик харуулдаг юм.

Манай улсад нүүрсний салбар тэргүүлээд эхэллээ. Оюутолгойгоос өмнө нүүрснийхээ ашгийг бид хүртээд эхэлчихлээ. Одоогоос зургаан жилийн өмнө улсын хэмжээнд жилд 7-8 сая тонн нүүрс олборлодог байсан бол өнгөрсөн оноор жишээлэхэд 20 сая тонн нүүрс буюу хоёр тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүнийг бид экспортод гаргасан. Энэ бол монголчуудын бахархах бахархал, амжилт яалтгүй мөн. Гаднынхан Монголыг яагаад нүүрсний “гол тоглогч” орон болох тухай зөгнөөд байдаг юм бэ гэвэл бид 200 тэрбум гаруй тонн сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэйд байгаа юм. Энэ тоо хэд болтлоо өсөхийг мэдэхгүй. Зөвхөн илрээд байгаа ордуудад л ийм хэмжээний нүүрс байна. Тэгвэл дэлхийн нүүрсний эрчим хүчний 60 хувийг Азийн зах зээл хэрэглэдэг, жилдээ энэ том зах зээл 3.6 тэрбум тонн нүүрс “иддэг” гээд бодоод үзэхэд Монгол Улс хэрэв зөв бодлого хэрэгжүүлэх аваас яах аргагүй дэлхийн нүүрсний зах зээлд “АС” тоглогч болох хангалттай боломж бий. “Том тоглогч” болоход туслах зөв бодлогод саад болж байгаа тээг нь монголчууд бидний талцсан улстөржилт. Бид ядаж энэ алтан “боломж”-ийн үед жүүдүүд шиг санаа нэгдэж, хол алхах тэнхээтэй, бас бэлтэй болоод авъя л даа.

Нүүрсээ бид дэлхийн зах зээлийн үнээс хямдаар экспортолж байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож өндөр үнээр заръя гэх мэтийн шүүмжлэлийг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл эрэлт нийлүүлэлтийн энэ таатай цаг үед аль болохоор хурдан баяжаад авах хэрэгтэй биш үү. Өнөөдөр шууд л нүүрс баяжуулах, коксжуулах үйлдвэрээ бариад эхлэх тийм санхүүгийн чадавхи бидэнд алга. Мэдээж түүхий нүүрсээ дотооддоо баяжуулаад, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод экспортлох нь хамгийн зөв бөгөөд гол зорилго мөн хэдий ч үүний тулд тэрхүү үйлдвэрлэлийг цогцлоох, өндийлгөх хөрөнгө, мөнгөтэй болох ёстой. Одоогоор нүүрс баяжуулах үйлдвэрлэл шууд явуулах тэнхээтэй үндэсний компани манайд нэг ч алга. “МАК”, “Энержи ресурс”, “Таван толгой транс” гэсэн боломжтой гэг дэж буй хэдхэн компани ч түүхий нүүрсний экспортоос хальж чадахгүй байна шүү дээ. Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд дөнгөж хөл дээрээ босож байна. Гэхдээ ойрын жилүүдэд нүүрс боловсруулах үйлдвэртэй болохоор олон туршилт судалгааг дээрх компаниуд хийгээд эхэлчихсэн байгааг төрөөс бүхий л бололцоогоо ашиглан дэмжээд өгмөөр санагддаг.

Магадгүй боловсруулах үйлдвэрийг яаравчлах шахалт үзүүлснээрээ гаднын хөрөнгө мөнгөтэй компаниудад л Монголын нүүрсний ордыг бүрэн эзэмших боломжийг олгочих аюултай. Тэгэхээр үндэсний, өндийж яваа компаниудаа улам чадавхижих хүртэл түүхий нүүрс экспортлохыг шүүмжилж, хориод яах билээ. Харин боловсруулаагүй нүүрснээс олсон мөнгөө зөв зарцуулах нь чухал бөгөөд өнөөгийнх шигээ халамжийн хэлбэрээр тарааж цацаад байвал нүүрс минь биднийг хөгжлийн биш дампуурлын барианд хүргэх магадлал их. Уг нь Монголын төр, засаг нүүрсний тухайд чамбай нь аргагүй цогц бодлоготой юм билээ.

Нэгдүгээрт; энэ их нүүрстэйн хувьд эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй ойрын 5-10 жилд илүүдэл эрчим хүч үйлдвэрлэж экспортлох, хоёрдугаарт; нүүрс баяжуулах, коксжсон нүүрсний үйлдвэртэй болох, гуравдугаарт; импортын нефть, шатахууныг орлох шингэн түлшийг нүүрснээс гаргах аж үйлдвэрийн иж бүрэн цогцолбортой болно гэсэн зорилгыг бодлогодоо тусгасан байсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд эхлээд дэд бүтцээ яаралтай сайжруулах шаардлагатай тулгарна. Бид аль эртнээс хэвтээ, босоо тэнхлэгээр төмөр зам тавих тухай ярьж байгаа ч, аанай л улстөржсөөр хэчнээн цаг хугацаа алдав даа. Авто замын тухайд ч ялгаагүй. Энэ жил сонгууль болно. Аль ч нам, улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарч ирсэн хамаагүй, харин улс орны хөгжлийн амин чухал эрх ашгийг өнгөрсөн шигээ золиослох юм бол туйлын харамсалтай.

Эцсийн дүндээ улс үндэстэн хохироод л үлдэнэ. 2011 онд түүхий нүүрсний экспортоос 300 тэрбум төгрөгийн татвар төсөвт орсон юм билээ. Энэ бол бага мөнгө биш. “Эрдэнэт” үйлдвэрийг эс тооцвол нэг салбараас ийм хэмжээний мөнгө хэзээ төсөвт орж байлаа даа. Энэ нь нүүрс бол яах аргагүй Монголын хөгжлийн гол түлхүүр гэдгийг харуулж байна. Монгол Улсын нүүрсний салбарт 13 мянга гаруй хүн ажилладаг гэсэн тоо байсан. Энэ тоог улам олон болгох боломж бас л нүүрсийг дагаад байж байгаа. Ажлын байр олон болсноор бидний амьдрал сайжирч, ядуурал буурна. Зөвхөн нүүрсээрээ дэлхийд гайхагдах хөгжилтэй улс орон болж чаддагийн жишээг Австрали харуулдаг. Бидэнд тэднээс ч илүү боломж бий.

Ш.ДАВААДОРЖ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car