Энэ сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн орон сууцанд хий дэлбэрч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн билээ.
Энэхүү дэлбэрэлтийн үеэр түлэгдсэн гурван иргэний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа тул ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байна.
Түлэгдсэн иргэдийн нэг болох Н.Жаргалсайхан нь 48 настай Дархан-Уул аймгийн Анагаахын коллежид багшилдаг аж.
23 настай Лхагважаргал нь Дархан-Уул аймгийн Анагаахын коллежийн хоёрдугаар дамжааны оюутан гэнэ. Нэг нутгийнх учраас Н.Жаргалсайхан нь Лхагважаргалыг гэртээ байлгадаг байжээ.
Манай сурвалжлах баг хийд түлэгдсэн өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа талаар сурвалжлахаар ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийг зорьсон юм. Бид өвчтөнүүдийн хэвтэж буй Түлэнхийн төвийн 15 дугаар тасагт очиход эмч нар тэдэнд эмчилгээ хийж байв. Н.Жаргалсайхан, Лхагважаргал нарын ил харагдах бие нь нэлэнхүйдээ түлэгдэж, танигдахын аргагүй болжээ. Лхагважаргалыг бодвол Н.Жаргалсайханы биеийн байдал нь арай гайгүй байсан юм. Харин Лхагважаргал нь дэлбэрэлт болсон өдрөөс хойш өчигдрийг хүртэл ухаан ороогүй байлаа.
Хийн дэлбэрэлтийн талаар Н.Жаргалсайханаас зарим зүйлийг тодруулах гэсэн боловч биеийн байдал нь хүнд байгаа болохоор яриа өгөх боломжгүй гэлээ.
Харин тэднийг Н.Жаргалсайханы төрсөн дүү Н.Эрдэнэсувд гэх эмэгтэй сахиж байв. Тэрбээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны тасагт сувилагч хийдэг аж. Дэлбэрэлт болсон өдөр Н.Эрдэнэсувд жижүүрт гарч байжээ.
Болсон хэргийн талаар Н.Жаргалсайханы дүү Н.Эрдэнэсувдаас тодрууллаа.
Бүх бие нь хийд норж, гал авалцсан байсан
-Дэлбэрэлтийн талаар тодруулаач. Тухайн үед яг юу болсон юм бол?
-Их аюултай зүйл болсон. Би тэр өдөр ажил дээрээ байсан. Оройн 21:15 цагт гэнэт хүчтэй чимээ гарч, газар доргисон. Газар хөдөлж байна л гэж бодсон. Удалгүй манай эмнэлэгт дуудлага ирсэн. Гэтэл замын цаана байх манай эгчийнд дэлбэрэлт болчихсон байсан. Цонхнуудаас нь гал гарч байгаа нь үнэхээр аймшигтай харагдаж байсан. Ийм аюултай байдалд хүний амь эрсдээгүйд л баярлаж байна.
-Хийг буруу холбосноос болж дэлбэрэлт болсон гээд байгаа?
-Энэ бол ташаа мэдээлэл. Манай эгчийн нөхөр нь тэр өдөр 15:45 цагт “Дашваанжил” компаниас таван литрийн хийн баллонтой хоёр ширхэг хий авсан юм билээ. Тухайн үед “Дашваанжил” компани машин байхгүй гээд хүргэж өгөөгүй гэсэн. Тэгээд өөрсдөө гэртээ авч ирээд нэгийг нь хэрэглэж, нөгөөг нь нөөцөлсөн гэсэн. Угаасаа манай эгчийнх байнга хоёроор нь авдаг. Олон жил хий хэрэглэсэн хүмүүс. Буруу холбоно гэж байхгүй. Тэгээд ч хэрэглэж байсан хий нь биш нөөцөлсөн нь дэлбэрсэн.
-Паарны хажууд тавьсан байсан гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?
-Манай эгчийнх олон жил хий хэрэглэж байгаа. Тэр зэргийн юмыг мэдэлгүй яах вэ. Нөөцөлсөн хийгээ ширээн доогуур сэрүүн газар хадгалсан юм билээ. Гэтэл тэндээс хий алдаж, дэлбэрэлт болсон гэсэн.
-Нөөцөлсөн хий дэлбэрсэн гэдгийг яаж мэдсэн юм бол?
-Гэнэт ямар нэгэн юм дэлбэрсэн юм билээ. Гэтэл тэдний бүх бие нь нэлэнхүйдээ ус болсон байсан гэсэн. Харин холбосон хий нь хэвийн байсан юм билээ. Тэгээд гэнэт л гал авалцаж, дэлбэрсэн байгаа юм.
-“Дашваанжил” компаниас эмчилгээний зардал өгч байгаа юу?
-Үгүй. Нэг ажилтан нь ирээд явсан. Биеийн байдал нь ямар байна гэж асуучихаад л явчихсан. Эмчилгээний зардал өгөөгүй. Ер нь “Дашваанжил” компани биднийг буруутгасан. Өөрсдийнхөө хариуцлагагагүй байдлаас болж ийм зүйл гаргаснаа үгүйсгэж байгаа.
-Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-Хүндхэн байна. Хийд түлэгдэх илүү аюултай юм байна. Улам цаашаа үрэвсдэг гэнэ. Одоогоор хэддүгээр зэргийн түлэгдэлтэй гэдгийг нь тогтоох боломжгүй байна. Ирсэн өдрөө бодвол Лхагважаргалын нүүрнийх нь хавдар татарч, нүд нь мэдэгдэж байна. Гэхдээ өөрийн гэсэн ухаангүй байгаа мөн амьсгалах эрхтний түлэгдэлтэй ч байж магадгүй гэсэн. Юу болохыг сайн мэдэхгүй юм.
-Эмчилгээ хэрхэн хийгдэж байна вэ?
-Хийх ёстой бүх эмчилгээг хийж байгаа. Өдөрт 280 гаруй мянган төгрөгийн эмчилгээ хийгдэж байна.
Н.Эрдэнэсувд ийн ярьж байлаа. Бид Түлэнхийн төвөөс гарч, “Дашваанжил” компанийг зорилоо. Тус компанийн хашаагаар ороход машин машинаар ачсан баллонтой хийг тээвэрлэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байв. Мөн удалгүй чиргүүл дүүрэн баллон ачсан машин компанийн хашаа руу орсон юм. “Дашваанжил” компанийн захиралтай уулзах гэсэн боловч туслах нь гэх эмэгтэй янз бүрийн шалтаг тоочиж байв. Сүүлдээ захирал нь бидэнтэй уулзахаас эрс татгалзаж, Дархан явсан гэж хэлүүлсэн юм. Өөрсдийнхөө бурууг эрс үгүйсгэж, “Манай компани сайн. Ямар нэгэн буруу юм хийгээгүй” гэх зэргээр их л бардам хариулж байна лээ.
Дахиад айл дэлбэрч, эрдэнэт хүний амь насанд заналхийлэхийг таах аргагүй. Энэ асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авч, арга хэмжээ авахгүй бол хичнээн хүн амь насаараа хохирч, Н.Жаргалсайхан, Лхагважаргал нар шиг нүд халтирам болтлоо түлэгдэхийг тааж мэдэхгүй шүү дээ.

Холбоотой мэдээ
Comments are closed.