antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2012 Comments are off

Нам нууж, сэм хуйвалддаг арга барилаасаа салъя!

нийтлэсэн Admin

Монгол Улсад хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгааг валютын ханш, бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа,

бүтээгдэхүүний үнийн гэнэтийн өсөлтүүд харуулдаг. Өнгөрсөн өдрүүдэд иргэдийг бухимдуулсан үнийн өсөлт Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүргээ умартсан, улмаар хэрэгжүүлэх сонирхол байдаггүйг харуулсан бодит жишээ болсон. Давамгай байдалтай буюу нефть импортлогч аж ахуйн нэгжүүд үгсэн тохирч, хууль бус аргаар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгдсөн явдалд Засгийн газар өөрөө буруутай.
Төрийг ард түмэн сонгодог. УИХ Засгийн газрыг томилдог. Харин Засгийн газар ба Ерөнхий сайд хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг. Энэ утгаараа төрийн оршин тогтнох үндэс нь хууль дээдлэх явдал юм. Өөрөөр хэлбэл төрийн аливаа байгууллага, төрд ажилладаг иргэд нам биш, зөвхөн хуульд захирагдах ёстой. Иймд хууль зөрчсөн тохиолдолд улс төрийн болон хуулийн хариуцлага тооцох шаардлагатай.
Өнөөдөр үнийн хөөрөгдлийн давалгаанд хайр найргүй цохигдон “золиослогдсон” иргэдийнхээ төлөө Засгийн газар ганхийгээгүй.
Харин Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолоор валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгаан, цаашид авах арга хэмээний талаархи санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ.
Тус ажлын хэсэг Монголбанк, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Газрын тосны газар, Сангийн яам зэрэг байгууллагуудаас мэдээлэл ирүүлэхийг хүсч, албан бичгээр хандсан байна.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж буй агаад, бүрэлдэхүүнд нь Батж.Батбаяр, Р.Раш, Д.Балдан-Очир, Ц.Цэнгэл, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүд багтжээ.
Тус ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар үнийн өсөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, Монголбанк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний Эвлэл, “НИК”, “Сод Монгол”, “Магнай трейд”, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төр болон хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирж, гишүүдийн асуултад хариулж мэдээлэл өгөхийн зэрэгцээ тодорхой саналууд дэвшүүллээ.
Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг удирдан явуулсан. Тэрээр “Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ буураагүй. Манайд үнийн өөрчлөлт хийсэн гэх боловч монгол төгрөгийн доллартай харьцах ханш хүссэн хэмжээгээр буурсангүй. Валютын ханш өссөн талаар Монголбанкнаас янз янзын байр суурь илэрхийлж байна.
Монголбанк үйл ажиллагааныхаа тайланд 245 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гэж тусгасан. “Энэ алдагдлаа төгрөгийн ханш өсгөх, бууруулах байдлаар битгий нөхөөрэй” гэж УИХ анхааруулж байсан. Энэ нь Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй, нэлээн тулгамдсан асуудал болоод байна” гэж онцлон хэллээ.
Нээлттэй засаглал бол хамгийн сайн засаглал. Бидний амьдран буй XXI зуунд ч нээлттэй засаглалын асуудал чухлаар тавигдаж байна. Энэ засаглалыг хэрэгжүүлэхэд иргэний нийгэм, иргэдийн оролцоо хамгийн чухал.
Хэрэв 2010 оны зургадугаар сардын 10-нд батлагдсан Өрсөлдөөний тухай хуулийг Засгийн газар хэрэгжүүлсэн бол ард түмэн ингэтлээ хүнд байдалд орохгүй байх байсан. Бүтэн 18 хоногийн турш тууштай тэмцсэний эцэст гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй уулзан учир явдлаа арайхийн тоочиж амжсан тухайгаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Ганбаатар хэлэлцүүлгийн үеэр онцолсон.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуульд заасны дагуу өргөн хэрглээний 20 гаруйхан төрлийн барааны эрэлт, нийлүүлэлтийн зохистой, тогтвортой байдлыг Засгийн газар хувийн хэвшилтэй хамтарч бүрдүүлэх, хэрэгжүүлэх хамтын удирдлагыг томилчихсон бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байх талтай.
Өөрөөр хэлбэл, ханшийн огцом өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, түүнчлэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөр орлого багатай айл, өрх, иргэдээ хохироохгүй байж болох байсныг хэлэх хэрэгтэй.
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр УИХ, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд сүүлийн арваад жил үнийн хөөрөгдөл гаарч, иргэдийг бухимдуулдаг асуудлыг ярьсаар үр дүнд хүрэхгүй, Засгийн газар асуудалд хариуцлагагүй хандаж, хуулиа хэрэгжүүлэхгүй, “нүдэн балай, чихэн дүлий” явсаар ирсэн гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.
Ажлын хэсгийнхний үзэж буйгаар 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн өмнө үйлчилж байсан үнэ төрлөөсөө хамааран 235-260 төгрөгөөр буюу 14.2-оос 18.3 хувиар огцом өсч байгаа нь дан ганц төгрөгийн валюттай харьцах ханшийн сулралтаас шалтгаалсан гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал “Дэлхий дахинд нефтийн үнэ өсөөд байна. Манайхан үнийн өсөлт гаарлаа, үнээ буулга гэж юу яриад байгаа юм” хэмээн омогтойхон дуугарах нь чихний хажуугаар өнгөрсөнгүй. Харин тус банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан 145 тэрбум төгрөгийн алдагдлаа хэрхэн барагдуулсан талаархи асуултаас бултаж, худал хариулт хэлсэн тул Д.Ганхуяг гишүүний зүгээс хатуухан зэмлэл хүртээв. Эрхэм гишүүн “УИХ дээр худлаа ярихгүй шүү. Алдагдлыг хаах хоёр арга байгаа. Намд биш, ард түмний төлөө үйлчлэх хэрэгтэй” хэмээн хэлсэн.
Ажлын хэсэгт Монголбанкнаас ирүүлсэн мэдээ тайланд дурдсанаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулралт нь нефтийн бүтээгдэхүүний борлуулалтын үнийг нэмэх үндсэн шалтгаан биш байж.
2011 оны нэгдүгээр сарын 16 буюу АИ-92 төрлийн шатахууны үнэ хамгийн сүүлд нэмэгдсэн өдрөөс хойш төгрөгийн ханш 6.5%-иар суларсан бол борлуулалтын үнэ 16.4 хувиар нэмэгджээ.
Нефьтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууны төлбөрт зориулан 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 1 дүгээр сард арилжааны банкуудаас нийт 128.4 сая ам.долларыг 1.388.7 төгрөгийн дундаж ханшаар худалдан авсан нь тогтоогдсон байна.
Эндээс үзвэл ам.долларын ханш огцом өссөний улмаас түлш шатахууны үнийг шууд 16 хувиар нэмсэн гэдэг тайлбар нь үндэслэлгүй, харин ч Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж, шатахууны үнийг нэмэгдүүлсэн нь олон нийтийн дунд бухимдал бий болгож, бараа, бүтээгдэхүүний үнийг хавтгайруулан өсгөх, бэлэн валютын захын ханшийг 60 төгрөгөөр хөөрөгдүүлж, 1450-1480 төгрөгт хүргэх болсон гол шалтгаан болжээ.
Манай улсын арилжааны банкуудын нөөц багассан, зах зээлийн эрэлт ихэссэн зэрэг үндэслэлээр ам.долларын ханш энэ оны 9 дүгээр сараас зугуухан нэмэгдсээр байсан бөгөөд Монголбанкны 2011 оны 9 дүгээр сарын дундаж албан ханш 1 ам. доллар 1260 төгрөг байсан бол 10 дугаар сард 1292 төгрөг, 11 дүгээр сард 1323 төгрөг, 12-р сард 1374 төгрөг болж тус тус өссөн, улмаар энэ оны 1 дүгээр сарын 7-нд 1429 төгрөгт хүрсэн бөгөөд энэ өдөр Найман шарга валют арилжааны зах дээр 1 ам. доллар 1475 төгрөг болж, үүнээс хойш аажмаар буурч 1 дүгээр сарын 11-нд Монголбанкны албан ханш 1411 төгрөг, Найман шарга валют арилжааны зах дээр 1410 төгрөг болж тус тус буурсан байна.
Газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болох “НИК” ХХК, “Магнай трейд” ХХК, “Содмонгол групп” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Жаст-Ойл” ХХК, “Ойн бирж” ХХК, “М-Ойл групп” ХХК, “Петрожамп” ХХК-иуд 2012 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Эрдэс, баялаг, эрчим хүчний яаман дээр хуралдаж 1 литр АИ-92 автобензинийг 1850 төгрөг, дизелийн түлшийг 1885 төгрөг, А-80 автобензинийг 1550 төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр хэлэлцэн тохиролцсон байна. Улмаар 2012 оны 1 дүгээр сарын 6-ны орой “НИК” ХХК, “Содмонгол групп” ХХК-иас бусад аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг хэлэлцэн тохиролцсоны дагуу нэмэгдүүлжээ.
Нефть бүтээгдэхүүн импортлогчдын мэдээлснээр Монголд орж ирж буй бензин шатахууны үнийн “хатуу бодлого”-ыг ОХУ-ын Засгийн газрын гишүүн, “Кремлийн газрын тосны хүн” хэмээгддэг Игорь Сечин гэгч атгаж суугаа сурагтай. Энэ нь цаанаа эдийн засаг, улс төрийн томоохон асуудалтай холбоотойг тэд мэдээлж байлаа.
Хилээр орж ирэхдээ тонн нь 1000-1200 төгрөгийн үнэтэй атлаа дотоодын зах зээлд хоёр дахин нугарч буй шалтгаан ч энд буй гэнэ.
Нефть импортлогчид үгсэн тохирч үнээ нэмснээс үүдэн ард түмэн ямагт үнийн хөөрөгдөлд дарлуулдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч үгсэн тохирч, үнээ нэмснийг нь тодруулсны үндсэн дээр 10 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан. Хуулиараа 30 хоногийн дотор торгуулийн төлбөр төлөх компаниуд гомдол гаргах эрхтэй. Гэвч тэрхүү гомдлыг нь авч хэлэлцэх зөвлөл нь байхгүй, өөрөөр хэлбэл Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг Д.Ганхуяг гишүүн дахин онцолсон юм.
Өнгөрсөн 2011 онд Монгол Улсын хилээр нэг сая 0.55 мянган тонн шатахуун импортлосны 70 орчим хувь буюу 700 мянган тонныг дизелийн түлш эзэлжээ. Нефть импортлогч компаниуд жижиглэнгийн худалдаанд анхаарал тавьдаггүй тул бөөний худалдааны өрсөлдөөн харьцангуй их байдаг байна.
Монголд өнөөдөр 54 компани нефть оруулж ирэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг агаад бөөн болон жижиглэнгээр худалдах эрх нь бүрэн нээлттэй ажээ.
Дэлхий дээр нефть олборлодоггүй импортын 100 хувийн хараат орон асар их бий. Тухайлбал Солонгос, Япон, Зүүн Азийн орнуудыг нэрлэж болох юм. Гэхдээ эдгээр орнууд гадаад худалдаанд холбогдолтой асуудлаа төр засгийн оролцоотойгоор шийдвэрлэж иржээ.
Монгол Улсын хувьд ч энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь энэ харилцаанд оролцогч Монголбанк, Засгийн газрын агентлагууд буруугаа бие бие рүүгээ чихдэгээс асуудал шийдэгдэхгүй өдийг хүрсэн. Иймд өнөөдөр энэ харилцаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн гадаад худалдаанд тулгарч буй асуудлаа төр засгийн оролцоотойгоор шийдвэрлэх боломж нээлттэйг хэлэлцүүлэгт оролцогчид харилцан хүлээн зөвшөөрсөн юм.
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчлэн ийнхүү  УИХ, Засгийн газар, Монголбанк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний Эвлэл, “НИК”, “Сод Монгол”, “Магнай трейд”, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төр болон хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд үнийн хөөрөгдлийн асуудлаархи хэлэлцүүлгийг амжилттай өрнүүллээ.
Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгаан, цаашид авах арга хэмээний талаархи санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг тун удахгүй эл асуудлын талаар санал дүгнэлтээ гарган, УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодоор хэлэлцүүлэх юм байна.
Төгсгөлд өгүүлэхэд, төрийн ажиллагаанд хууль хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангахыг эрхэмлэх нь чухал. Нам нууж, сэм хуйвалддаг арга барилаасаа салах цаг болжээ.

Д.Эрдэнэтуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car