Ардчилсан намын зүгээс батлагдаж, нотлогдоогүй асуудлаар мэдээлэл хийж, зарим нэр дэвшигчийн эрхэнд халдлаа хэмээн МАН-аас мэдэгдэж байна. Тус намын сонгуулийн штабаас хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийсэн юм. Су.Батболд гишүүн хэлэхдээ “Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сонгуулийн сурталчилгаа явж байгаа энэ үед нэр дэвшигч Д.Оюунхоролын бүрэн эрхэд, нэр хүндэд халдсан ноцтой мэдэгдлийг хийлээ. Нэрийг нь татах хэмжээний ноцтой зөрчил гаргалаа гэсэн. Гэтэл Д.Оюунхорол нэр дэвшигчийн нэр дээр шүүхийн шийдвэр ирээгүй байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос “Нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэр дэвшигчээс хасах шийдвэр гаргаагүй” гэдэг тайлбарыг ирүүлсэн” гэлээ. Мөн тэрбээр “Архангай аймгийн Их тамир сумын сонгогчдод архи тараах гэж байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирж, очиж шалгахад “УБМ” дугаартай автомашинд нэр дэвшигч Д.Ганхуягийн сонгуулийн сурталчилгаа, архи ачсан байсан. Энэ хэргийг аймгийн Цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга асан Төмөр-Очир оролцохдоо “Р.Гончигдоржийн сонгуулийн штабынхан Ж.Мөнхбатын штабынханд халдсан” гэдэг зүйл ярьж хууль зөрчсөн гэсэн. Энэ асуудлыг бид утсаар ярьж тодруулахад “Ийм зүйл яриагүй” гэдэг тайлбар хийлээ. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа хараахан дуусаагүй байх үед нэр дэвшигч Ж.Мөнхбатын сонгуулийн штабт ажиллаж байсан хүний биед халдсанаас хоёр хавирга хугарч бэртэл авсныг эмнэлгийн байгууллага тогтоосон, эмчлүүлж байна. За мөн Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын авто машин руу цагдаагийн байгууллага хууль бусаар нэвтэрч нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх үед нь хувийн хэрэгцээний 200 мянган төгрөг байсан. Үүнийг нь биедээ их хэмжээний мөнгө авч явсан, түүнийгээ сонгогчдод тараах гэж байсан гэж сошиалаар хуурамч мэдээлэл тарааж ташаа ойлголт төрүүлж байгаад харамсаж байна.” гэхчлэн мэдэгдлээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.