Өнөөгийн Монгол улсын хамгийн эмзэг асуудлын нэг бол хүний эрүүл мэнд. Тэр тусмаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулагдсан үр дүнтэй, бодит ажлууд хийгдэх шаардлагатай байгаа билээ. Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаанаас үзэхэд 2010 оны эхний таван сарын байдлаар Монгол улсад 27,597 хүүхэд төрсөн бөгөөд эдгээрээс 625 нярай хүүхэд нь нэгээс доош насандаа эндэж, хүүхдийнхээ эмчилгээний зардалд хандив гуйж яваа хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ганц нэг нь гадаадад өндөр зардлаар эмчилгээ хийлгэж, ард нь үлдсэн олон хүүхдүүд амь насаа алдаж байна.
Монголчууд бид саруул ухаанаар сэтгэж үр хойчийнхоо төлөө хамтран ажиллаж чадвал олон зуун хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж, эрүүл саруул өсөн бойжих боломжийг нэмэгдүүлж чадах билээ. Үүний нэг жишээ нь ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага (ТББ) юм. Манай нийгэмд буй болж бүтэхгүй юм болгоныг засаж сайруулахыг төр засгийн ажил мэтээр ойлгодог үзэл бодол газар аваад байгаа билээ. Харин `Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ` ТББ-ын гишүүн залуус төр засгийг хараад суух биш өөрсдийн боломжийг дайчлахаар санаа нэгдсэн аж. Тийм ч учраас тус ТББ-ын гишүүд бүгд Монгол залуус бөгөөд Монгол улсад 13, АНУ-д 6, Япон-д 5, Бельгид 1, Туркд 1 гишүүн сурч, амьдарч хоорондоо фэйсбүүк, емайл, мессенжер-ээр харилцаж ажил хэргээ явуулдаг ажээ. Мөн гишүүд нь сайн дурын үндсэн дээр энэхүү үйл ажиллагаанд оролцог учир цалин авах биш, харин ч үйл ажиллагаагаа явуулахын тулд гишүүнчлэлийн татвар өгдөг гэнэ.
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ нь 2010 онд байгуулагдан, улмаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 3 ширхэг хяналтын мониторыг хандивлах, Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбайг байгуулж өгсөн зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.
Харин тус ТББ-ын хамт олон дараагийн үйл ажиллаагаараа ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бэхжүүлэхийн тулд Нярайн инкубатор авах зорилт тавин ажиллаж байна. ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасаг нь 5 их эмч, 19 сувилагчийн орон тоогоор, нярайн 17-н оронд7 инкубатортайгаар өдөрт дундажаар 25-28 нярайг хүлээн авч эмчилж ажлын ачаалал их, аппарат тоног төхөрөмжийн хангалт муутай ажилладаг.
Тиймээс ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн Draeger фирмийн өндөр чанартай нярайн инкубаторыг нийлүүлэх, нийлүүлэхэд шаардлагатай 25.6 сая төгрөгийг босгох, хандив цуглуулах зэрэг үйл ажиллагааг урьд урьдын туршлагадаа тулгуурлан явуулж байна. Хэдийгээр тус ТББ-ын энэ төсөл нь ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бүрэн бэхжүүлж чадахгүй ч, энэхүү төсөл амжилттай хэрэгжүүлсэний дараа бусад дутагдалтай байгаа тоног төхөөрөмж нийлүүлэх талаар судалгаа хийж энэхүү төслийн II шат болгон хэрэгжүүлэх юм байна.
‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ нь Нярайн инкубатор авах зардлыг санхүүжүүлэхийн тулд Монголын үндсэний томоохон аж ахуйн нэгжүүд болон сайн санаат иргэдээс хандив цуглуулах арга хэмжээнүүдийг 2011 оны 10-р сарын 15-с 2012 оны 4-р сарын 1-н хүртэл авч хэрэгжүүлж инкубатороо захиалан тээвэрлэж 2012 оны 6-р сарын 1-ний өдөр ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт гардуулахаар ажиллаж баина.
Төслийн хэрэгжих явцад ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ Төрийн бус байгууллага өөрийн вэб хаяг болох www.saveinfants.mn , http://www.youtube.com/saveinfants болон www.facebook.com-ийн Save Infants хуудсуудаар санхүүжилт болон санхүүгийн баримтууд, мөн цугларч буй хандивуудын талаар тогтмол мэдээлж байх юм байна.
Уншигч та хандив өргөхийг хүсвэл Голомт Банкны 1105039384 тоот данс, гар утаснаасаа 150601 дугаарын тусгай дугаарт мессэж бичиж, мөн ТББ-ын вэб хаяг болох www.saveinfants.mn -ээр дамжуулан өөрийн хувь нэмэрээ оруулаарай.
Монголын Үрс маш олон болох болтугай!
Холбоотой мэдээ
Comments are closed.