УИХ-ын нэгдсэн чуулганаар хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарахтай холбоотойгоор үүрэгт ажлаа өгөх өргөдлөө өгөөд байгаа зургаан сайдыг ажлаас нь чөлөөлөх эсэх талаар гишүүд санал хураалт явууллаа.
Зургаан сайд тус бүр дээр нь санал хураалт явагдаж, Ардчилсан намын сайд нарыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөллөө. Сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол батлагдсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа сайд нарт хандан үг хэлсэн юм.
С.Батболд: Өнөөдөр Монголын улс төр, нийгмийн хувьд томоохон шийд болсон ололт амжилттай ажилласан Засгийн газрын нэг тулгуур болж байсан Ардчилсан намаас орж ажилласан зургаан сайд маань Засгийн газраас гарч байна. Монголын улс төрийн хувьд Монгол Улсын нийгмийн сэтгэлгээний төвшинд жишиг тогтоосон олон ажлаа бид цаашид анхаарах ёстой.
Эерэг олон зүйлийг бид хамтран хийсэн. Энэ бол хоёр намаас сонгогдон ажилласан Засгийн газрын гишүүдийн бүтээлч, хариуцлагатай, сэтгэлтэй ажилласны үр дүн. Бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, ард нь гарахын төлөө ажилласан. Засгийн газрын хурал хэзээ ч хоёр нам болж хуваагдсан байдалтай болж байгаагүй. Гишүүд маань соёлтой, хариуцлагатайгаар хурлаа авч явж байсан. Хамтран ажиллах хугацаанд УИХ-аас оруулсан томоохон шийдвэрүүдийг гаргасан.
Энэ бол УИХ, Засгийн газрын харилцан уялдаатай ажилласны үр дүн байсан. Энэ бол эрх зүй, эдийн засаг талаасаа бодит ажлууд байлаа. Гэхдээ дутуу хийсэн ажлууд бий. Энэ үгийг Засгийн газарт хамтран ажиллаж байсан нөхдүүддээ хандаж хэлье. Цаашид Ардчилсан намын нөхдүүд маань Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэж итгэж байна. Үлдсэн хугацаа сонгуулийн жил ч хэдий ч бидний хамтран амлаж, ажил болгохоор тэмцсэн ажлууд байгаа гэдгийг онцольё.
Засгийн газарт хамтран ажиллаж байсан Н.Алтанхуяг, С.Баярцогт, Х.Баттулга, Р.Болд, С.Ламбаа, Л.Гансүх сайд нартаа баярлалаа. Та бүхэнтэй хамтарч ажиллахад таатай байсан. Биднийг дэмжиж ажиллаарай. Харин хамтарсан мөрийн хөтөлбөрөө дэмжиж ажиллахгүй бол муухай шүү, сайд нар аа.
Холбоотой мэдээ
Comments are closed.