Филиппиний шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Родриго Дутерте цаазын ялыг эргэн сэргээж, цагдаагийн байгууллагын ажилтнуудад эсэргүүцсэн этгээд рүү буудах эрх олгохоо амлалаа. Энэ бол шинэ төрийн тэргүүний зүгээс амласан этгээд амлалтуудын зөвхөн нэг хэсэг.
Үүнээс өмнө тэрбээр архи, тамхины хоригийг бий болгож, хүүхдүүдэд хөл хорионы цаг тогтооно гэж байсан юм. Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгчийн ордныг эмнэлэг болгоно гэж байлаа. Филиппин улс 2006 онд цаазын ялыг цуцалсан. Дутертегийн хэлж байгаагаар тэрбээр ялын дээд хэмжээг дүүжилж хороох замаар гүйцэтгэдэг болгох асуудлыг парламентад тавих гэнэ. Харин цагдаагийн байгууллагынхны хувьд баривчлуулсан хүн эсэргүүцсэн тохиолдолд, эсвэл зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг баривчилсан тохиолдолд шууд буудах эрхтэй болох юм байна. Дутерте нь тус улсын өмнөд хэсэгт орших Давао хотын даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаагаараа “Залхаан цээрлүүлэгч” хоч зүүсэн нэгэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн аяны үеэрээ хар тамхины худалдаалагчдыг хөнөөж, цогцсыг нь Манилагийн тэнгисийн буланд хаяхаа амлаж байлаа. Дутертег хотын дарга байх үед тус хотын цагдаагийн ажилтнууд хэдэн мянган гэмт хэрэгтэнг буудаж хороосон учраас “Human Rights Watch” хүний эрхийн байгууллагынхан түүнийг “Үхлийн батальоны дарга” гэж нэрлэж байжээ. Давао хотын мэрээр ажиллаж байх үед нь хүчирхийлэлд өртөж, амиа алдсан австрали бүсгүйг дооглосон түүний бичлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан нь дуулиан, шуугиан тарьсан юм. Тэрбээр австрали эмэгтэйг хэтэрхий царайлаг байсан учир мэр нь түрүүлж түүнд хүрэх ёстой байсан гэж хошигнож байжээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.