antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 Comments are off

Мянгуужин ГЭЖ ХЭН БЭ?

нийтлэсэн Admin

mingujin_121Тавиад оны сүүлчээр эцэг маань нэгэн том ном авч өгсөн нь бидний байн, байн уншдаг “Мянгуужингийн үлгэр” байжээ. Бараг тавь хүртлээ л тэрхүү баатрыг үлгэрийнх гэж мэдэхгүй явлаа. Интернэт гарч, гүүглээс хайлт хийдэг болсноос хойш л тэр хүнийг жинхэнэ бодит гэж мэдэж авсан юм. Харин дандаа залж, худал бурдаг хүнийг манайхны адил “Мянгуужин” гэж дуудаад явж байлаа. Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд болсных нь дараа түүнийг олны адил “Буурал Мянгуужин” гээд л явж байлаа. Харин тэр номыг анх монгол хэлнээ хэн буулгасныг санадаггүй нь хачин. Манай алтан үеийнх гэх аварга зохиолчдын нэг нь орчуулж, буулгаад баатрын нэрийг “Мянгуужин” гэж монголчилсон нь мэдээж. Их том орчуулагч, их том оновчтой нэр өгч дээ. Ингэхэд бидний мэдэх “Мянгуужин” гэдэг чинь хэн байв аа?

Мюнхгаузен, Иероним Карл Фридрих фон

Иероним Карл Фридрих, барон фон Мюнхгаузен орос баримтуудаар, Минихгоузин эсвэл Минигаузин, германаар Hieronymus Karl Friedrich Freiherr von Mьnchhausen гэдэг хүн өнөөгийн Германы Доод Саксонийн холбооны газар нутгийн Боденвердер хотноо 1720 оны тавдугаар сарын 11-нд төрөөд тэндээ 1797 оны хоёрдугаар сарын 22-нд мөнх бусыг үзүүлсэн герман тайж язгууртан хүн юм. Тэрээр 1739-1754 онд Оросын цэргийн алба хааж, дараа нь газрын эзэн, өөрийнхөө тухай хачин сонин, итгэмээргүй бас хөгжилтэй адал явдлыг үнэн юм шиг ярьдаг хоосон сагсуурагч болсон юм. Түүний ан гөрөөний адал явдлыг нь өөрсдийн онигоо, зөгнөлөөр Бюргер, Распе, Иммерман гэсэн гурван зохиолч баяжуулж өгсний буянаар Мюнхгаузен амьд ахуйдаа “барон-залагч”, Lьgenbaron (немц хэлээр) гэсэн хочтой болсон нь түүний амьдралыг багагүйгээр харлуулж орхисон юм.

Иероним фон Мюнхгаузений гарал үүсэл ба хүүхэд нас

Мюнхгаузены удам XII зуунаас эхлэн мэдэгдэж байгаа. Иеронимын өвөг дээдэс нь XVI-XVII зууны үеийн хөлсний олон тооны дайны цэрэг цуглуулагч ландскнехтүүд байсан бөгөөд нэлээдгүй хөрөнгө цуглуулаад амжсан юм. Тэр ч утгаараа Мюнхгаузений удмынхны арваад шилтгээн одоо Доод Саксонийн Хамельн хотоос 30 км-ын орчимд тойроод байдаг.
Бароны эцэг Отто фон Мюнхгаузен залуудаа Ганновер хотод герцог Христианы хиа байжээ. Ромын эзэнт улсын цэрэг, ганноверийн морин цэрэгт алба хааж байгаад дэд хурандаа болсон ажээ. Хастенбекийн Сибилла Вильгельмина фон Реден гэдэг язгууртан эмэгтэйтэй 1711 онд гэрлэсэн тухай сүмийн номонд бүртгэгдсэн байгаа. Тэр сүмийн номонд 1720 оны тавдугаар сарын 13-нд “Эрхэм дээдэс дэд хурандаа фон Мюнхгаузен хүүгээ загалмайлуулан түүнд Иероним, Карл, Фридрих гэсэн гурван нэр өглөө” гэж бичжээ. Иероним 1603 онд байгуулагдсан эдлэнд өсчээ.

Хиа

Эцэг нь 1724 онд нас баран долоон хүүхдээ өнчин үлдээв. Иероним 1735 оноос Брауншвейгийн герцогийн Беверн шилтгээнд хүргэгдэв. “Эрхэм дээдэс Фердинанд Альбрехт намайг ивээн өөрийн хиа нарын бүрэлдэхүүнд 1735 оны дөрөвдүгээр сарын 4-нд орууллаа” гэсэн Мюнхгаузений өөрийн бичлэг нь Беверн хотын хиа нарын номонд үлджээ. Герцог Фердинанд II Альбрехт хагас жилийн дараа нас барж, засаглал нь том хүү Карлд шилжив.
Карлын дүү Брауншвейгийн жонон Антон Ульрих 1733 онд Вольфенбюттелиэс Орост очжээ. Түүнийг Оросын армийн хуягт морин цэргийг зохион байгуулах ажилд Миних урьсан байжээ. Антон Ульрих 1737 оны зун Очаковыг дайрахад оролцсон юм. Түүний хиа нарын нэг нь алагдаж, нөгөө нь нас барсан учир жонон ахаасаа хиад ирүүлэхийг хүссэн байлаа.
Зөвлөх Эбен хоёр залуугийн (фон Хойм, фон Мюнхгаузен) хамт Вольфенбюттелиас 1737 оны арванхоёрдугаар сарын 2-нд аян замдаа гарсан байв. Петербург дэх Брануншвейгийн элчин яамнаас “Гүнтэн фон Эбен саяхан хоёр хиатай цуг ирлээ” хэмээн 1738 оны хоёрдугаар сарын 8-нд мэдээлж байжээ.
Хоёрдугаар сарын сүүлчээр Антон Ульрих Минихийн армийн бүрэлдэхүүнд Бендерийн байлдааны аянд оролцон Билочь гол дээр Туркийн морин цэргийн довтолгооныг няцаав. Төдийлөн амжилтгүй аяныхаа дараа Антон Ульрих Мекленбургийн гүнж Аннатай гэрлэсэн юм. Тэднийг Мюнхгаузен дагуулдан явсан бололтой. Дараа нь Бироны герцогийн ахайтны хүсэлтээр хиа Мюнхгаузенийг Брауншвейгийн хуягт морин хорооны бага даргаар авчээ.
Тэрээр захирагчаар алба хааж байхдаа мэдлэгтэй, жирийн цэрэг, тэдний ахуйд анхаарал тавьдаг, хөрөнгө мөнгө иддэггүй шударга офицер болохоо харуулсан байна. Үүнийг гэрчлэх Мюнхаузений өөрийн гараар бичсэн цөөнгүй тооны илтгэх хуудас архивт өдгөө хүртэл хадгалагдаж байгаа гэнэ.

Мюнхгаузений алба хаасан жагсаалт:

• 1739 оны арванхоёрдугаар сарын 4. Брауншвейгийн хуягт морин хорооны бага дарга
• 1740 оны арваннэгдүгээр сарын 26. Хорооны сумангийн дарга. Бага офицер.
• 1750 оны хоёрдугаар сарын 20. Ротмистр цолтой.
• 1750 оны арваннэгдүгээр сарын 2. Эхнэрийн хамт хувийн эд хөрөнгө өвлөх асуудлыг зохицуулахаар төрлөх Боденвердер хот руугаа чөлөөгөөр явав.
• 1754 оны долдугаар сарын 11. Амралтаас цагтаа ирээгүй гээд хорооны бүрэлдэхүүнээс хасагджээ.
Шагнал, шийтгэл байхгүй, байлдааны ажиллагаанд оролцоогүй, Иероним фон Мюнхгаузен цэргийн албанаас чөлөөлөгдсөний дараа европын ямар нэгэн армид алба хаасангүй. Оросын хуягт морин цэрэгт алба хааж байснаараа бахархдаг бөгөөд өөрийн хорооны өдөр тутмын дүрэмт хувцастайгаа нутаглуулагджээ.

Ирээдүйн хатан хаантай тааралдсан нь

Бароны албаны хамгийн тод агшин нь Петербургт очиж явсан 15 настай Ангальт-Цербсткийн София Августа Фредерикатай танилцсан явдал байлаа. Хожим Оросын хатан хаан II Екатерина нэрээр тэр гүнж олон жил улсаа захирсан юм. Хэн ч танихгүй гүнжийг 1744 онд Оросын нутаг руу орж ирэхэд нь хуягт морин цэргийн хүндэт харуул угтан авчээ. Тэр харуулын дарга нь Мюнхгаузен байсан бөгөөд ирээдүйн хатан хааны ээж нь тэмдэглэлийнхээ дэвтэрт “Бидэнтэй таарсан хуягт морин цэргийн харуулыг би их магтсан. Тэд үнэхээр гайхамшигтай харагдаж байсан” гэж бичсэн байдаг. Энэ уулзалтын дараа 1744 онд Мюнхгаузен Рига хотын шүүгчийн охин Якобина фон Дунтентай гэрлэсэн байдаг. Гэрлэлт нь аз жаргалтай байсан ч тэдэнд хүүхэд заяагаагүй юм.

Газрын эзэн Мюнхгаузен

Хуягт морин цэргийн хорооны ротмистр Мюнхгаузен хоёр удаа амралтаа сунгаж байж, эх, том ах, бас нэг дүүгийнхээ нас барсны дараа хөрөнгөө хоёр удаа хуваалцахад оролцсон юм. Эцэст нь Иеронимд Боденвердер дэх эдлэн газар шилжин очжээ.
Байр сууц нь Везер голын нэгэн салаанд, түүний ой, газар нутаг нь нөгөө эрэгт байлаа. Тэр гүүрээр гарч газартаа очихын тулд нэг км-ын тойруу зам хийж байсан учир шинэ гүүр бариулахаар шийджээ. Шинэ гүүрээр элдэв гуйлгачид хотод орж ирнэ гэж түгшсэн олон түүний гүүрийг эвдлэн устгав. Гүүр нь өөрөө жижигхэн байсан учир үймэрсэн олон эдлэнгийн хашааг бас нурааж санаа нь амарчээ. Иймэрхүү зүйлээс Мюнхгаузен хотын захирагчтай дандаа хэрүүл маргаантай байдаг байв. Хөршүүд нь Мюнхгаузенд огт таалагдахгүй, уурыг нь хүргэдэг байсан гэх.

Геттингийн буурчийн газар ба ордон дахь хүүрнээн

Элдэв хэрүүл дуулианаас залхсан Мюнхгаузен бусад газрын эздийн хамт улс орноороо явж, ан гөрөө хийдэг байлаа. Ан хийх нь хэдэн долоо хоног үргэлжилж, олон хүн цугларч, сайн дарс амсан, сэтгэл амраадаг талаараа сайхан байлаа. Мюнхгаузений цагаа дуртайяа өнгөрөөдөг газар нь Геттингены Юденштрассе, 12-т байрладаг Рулендер гэх буурчийн газар байжээ.
Амьдралдаа шулуун шударга, худлаа ярьдаггүй “барон” онцгой нэгэн зантай. Тэрээр яриад эхлэхээрээ тэр бүгддээ өөрөө итгэдэг. Орчин цагийн сэтгэл зүйд өгүүлэгч хүний тийм араншинг “Мюнхгаузены синдром” ч гэж нэрлэдэг болсон.
Түүний үеийнхний дурсамжид “Тэрээр оройн хоолны дараа, богинохон соруултай, асар том өөрийн гаансаа асааж аваад халаасан дарстай аягаа өмнө тавиад яригаа эхэлнэ… Улам бүр гар, хуруугаа савчин, байн, байн жижигхэн хиймэл үсээ толгойдоо эргүүлэн, нүүр нь гэрэлтэн улайгаад ердийнхөөр хамгийн үнэн ярьдаг хүн өөрийн зөгнөлийг ундруулж өгдөг” хэмээн бичсэн байдаг.
Худал хэлээд байгааг нь зогсоох гэсэн зарим нэгэнд нь бусад нь түүнийг ухаан санаа нь халиад явсан учир саад болсны хэрэггүй гээд зогсооно. Мюнхгаузен хүмүүс сонсогчид байхад онгод нь орно. Сонсогчид нь итгэмээргүй байсан ч түүнтэй учирсан хэрэг явдлыг эчнээ төсөөлөн ургуулна.
Нэгэн удаа буурчийн газар байсан залуу офицерууд авгай, хүүхэн ярин гайхуулж эхлэв. Мюнхгаузен хажууд нь даруухандуу сууж байснаа “Оросын хатан хааны урилгаар миний хийсэн чаргатай аян ч ёстой л…” гээд л яриагаа эхлэн тэдэнд амрах газартай, залуу офицерууд ордны хатагтай нартай бүжиглэх бүжгийн танхимтай асар том чаргануудын тухай өгүүлжээ. Нэг хэсэгт нь бүгд инээлдэхэд Мюнхгаузен яриагаа тайван үргэлжлүүлэн дуусгаад, хоолоо чимээгүй суун идэж дуусгажээ.
Гэтэл яриа нь үндэслэлтэй л байсан гэдэг. Үнэндээ, II Екатерина ажлын өрөө, унтлагын газар, номын сантай том чаргаар аян замд явдаг байв. Ногтруу шувууг шомполоор буудсан яриа нь бас нэг болсон явдлаас үүдэлтэй. Нэгэн цэрэг буу алдаж, бууны аманд чихэгдсэн байсан шомпол нь жонон Антон Ульрихийн морины хөлийг шархдуулж байсныг Мюнхгаузен өөрөө харсан хүн. Энэ тухай Британийн элчин сайдын албаны мэдээнд өгүүлсэн байдаг. Мюнхгаузен яриагаараа алдаршиж, түүнийг сонсохоор захирагчийн ордонд урих болов. “Бароны” яриаг ямар нэгэн эхлэлээр өдөж өгөөд, харин түүнийг өгүүлээд эхлэнгүүд бүгд чимээгүй болдог байсан гэх.

Уран зохиолд алдаршсан нь

Барон юу ярьснаа санадаггүй байсан болохоор өөрийн яриаг хэвлэгдсэн байхыг үзээд учиргүй уурласан гэнэ. Анхны ном нь нууц нэрийн дор Ганновер хотод «Sonderling» (Гайхал) нэртэйгээр 1761 онд хэвлэгджээ. Нууц нэртэй зохиогч нь баронтай нэгэн үе Орост цуг байсан гүн Рохус Фридрих Линар (Rochus Friedrich Lynar) юм. Сүүлэндээ гэрэлтэй нохой, шомполоор сүлбэгдэн буудагдсан ногтруунууд, туулай хөөж явахдаа гөлөглөсөн анч нохойн тухай түүний гурван өгүүлэл дараа нь бүх түүвэрт нь орсон юм. Зохиогч хүүрнэгчийн талаар нэрийг нь хэлээгүй, гэхдээ “ангийн талаар сайн өгүүлэгч” нэгэн танил мастер ярьсан гэж тайлбарласан байлаа.
Хорин жилийн дараа, 1781 онд Берлин хотноо “Хөгжөөнтэй хүмүүст зориулсан лавлах” нэртэй ном хэвлэгдэн гарахад түүний 18 өгүүллэгийг бараг танигдахаар “М-н-х-з-н” гэдэг баатар ярьсан байдаг. Нас дээр гараад байсан барон өөрийгөө шууд танин бараг гудамж булан бүрт л “их сургуулийн профессорууд Бюргер, Лихтенберг хоёр намайг Европ даяар гутаалаа” гээд хашгирч явжээ. Тэр ном нь Геттингений номын наймаачдыг нэлээдгүй баяжуулсан гэдэг.
Гэлээ ч хамгийн гунигтай түүх өмнө нь хүлээгдэж байлаа. Зоосны цуглуулга хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн түүхч Эрих Распе 1786 онд Англид зугтан гарчээ. Бага ч гэсэн мөнгө олох санаатай тэр англи хэл дээр ном бичин бароныг уран зохиолын түүхэнд үүрдээр оруулж өгсөн юм. “Барон Мюнхгаузены Орост хийсэн гайхамшигтай аяллууд ба дайн тулааны тухай өгүүллэгүүд” хэмээн тэр номоо нэрлэжээ. Жилийн дотор ном нь дөрвөн удаа дахин хэвлэгдээд гурав дахь номоос нь эхлэн зураг чимэглэлтэй болгожээ.
Бароны амьд ахуйд нь уг ном Орост хэвлэгдсэн байлаа. “Таалагдахгүй бол бүү сонс, харин худал ярихад битгий саад бол” гэсэн нэртэй номыг 1791 онд Орост хэвлэхдээ орос цэргийнхэн ба хааны ордны зан араншинг харуулсан хэсгүүдийг нь түүнд оруулаагүй аж.
Ер нь бодит Мюнхаузены амьдрал сүүлдээ өөдөлсөнгүй. Хуучин эхнэр нь өөд болж, шинэ эхнэр авсан ч нөгөөх нь үрэлгэн, энгэр султай нэгэн байжээ. Тэгээд нэг хүү төрсөнд Мюнхаузен түүнийг нь өөрийнхөө хүү биш, харин туслах бичээчийнх гээд эхнэрээсээ салах зарга явуулсаар эцэст нь дампуурч хоосон хөндий гэрт ганцаар амьсгаа хураасан байдаг. Гэхдээ амьсгаа хураахын өмнө асрагч эмэгтэй нь хөлийг нь угааж байгаад хоёр хуруу байхгүй шалтгааныг лавлахад “Орост явж байхад цагаан баавгай тас хазчихсан юм” гэж хэлээд амьсгаа хураасан гэх яриа бий.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car