С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар нэгэнт бутарч, АН-ын зургаан сайд гарсан. Тэдний оронд ажиллах сайд нарыг МАН тодруулаад байгаа. Гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди ажлаа өгөх хүсэлт гаргасан тухай мэдээлэл түгээд байна.
Эх сурвалжийн хэлснээр энэ нь багтай аж. Сая зургаан сайд олох гэж бөөн юм болсон Ардын намынхан дараагийн сайдынхаа эрэлд гарчээ. Гэхдээ тэд уг асуудлыг одоохондоо нууцалж байгаа юм байна. Учир нь С.Батболдын Засгийн газрын кабинетын 14 сайдын 50 хувь нь ажлаа өгсөн гэдэг үндэслэлээр хамтарсан Засгийн газар ганхаж эхэлнэ хэмээн болгоомжилж байгаа бололтой. АН-ын зургаан сайдын араас явах хүн С.Батболдын кабинетад байсан юм бол хамтарсан Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь унагаж, шинэ засаг бүрдүүлэх асуудлыг эхнээс нь ярих байжээ.
Ямартай ч Т.Ганди сайд Итали улсад суух Элчин сайдаар явах гэж байгаа нь үнэний ортой болж хувирлаа. Тиймдээ ч Засгийн газар хөдөлгөөнд орж, зургаан сайдын томилгоо яригдах энэ дүйвээнээр ажлаа өгчихье гэж бодсон бололтой. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяртай “тулалдаад” буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч ажлаа өгч магадгүй гэсэн яриа үүнтэй зэрэгцээд явж байна. Хэрэв үнэн бол хамтарсан Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь ажлаа өгөх хүсэлтээ гаргасан болж таарлаа. Ийм тохиолдолд С.Батболдын Засгийн газар огцорч, дараагийн шинэ засаг бүрдэх хэрэг гарна биз ээ.
М.Цэцэг
Холбоотой мэдээ
Comments are closed.