Долоо хоногийн хугацаа улс төрийн хүрээнийхэн болоод энэ чиглэлээр шоу, пи-ар хийгчдэд бараг багадахаар байгаа бололтой. Хаврын чуулган эхлэхээс өмнө яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэмээн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар зүтгэж байсан нь саяхан. Гэтэл ээлжит чуулган эхэлчихээд байхад нөгөө яаралтай хэлэлцэх гээд байсан урантай холбоотой асуудал байтугай горимоор хэлэлцэгдэх асуудлын үеэр ч гишүүд эзгүй шахам болсоор байна.
Өнгөрөгч долоо хоног улс төрийн хүрээнд хачин сүртэй эхэлсэн. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн “хор”, найруулгын талаар мэдэгдэл хийсэн нь олон нийтээс талархал хүлээсэн гэхэд болно. Мэдээж түүний хувьд АН-ын дарга байсан учраас нам болон улс орны талаар хэлж буй үгсэд нь итгэхээс аргагүй байдал ч үүссэн. Гэхдээ итгэлээс илүү байгааг ил болгосон нь гэх шударга үнэнд нийцэх байх. Н.Алтанхуягийн энэхүү мэдэгдлийн дараа “АН-ынхан хөлөө жийлцэх байх” хэмээн хүлээсэн ч тэд “олгой хагаравч тогоон дотроо” гэгчээр бямба гарагт “Их тэнгэрийн ам”-д хуралдаж, эв зүйгээ олсон гэх мэдээллийг цацах болсон.
Юутай ч өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхээр хамгийн их зүтгэж байгаа нь МАН, АН, МАХН гэдэг нь үйл явдлуудаас тодорхой харагдаж байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзах шаардлагыг өөрт нь гардуулж өгсөн. Шаардлагад “Зандаахүүгийн Энхболд Та Монгол Улсын Их Хурлын даргаар “сонгогдож” ажилласнаас хойш дөрвөн жил шахмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө. Ийм хямралт байдалд орсон нь эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой нь үнэн боловч Улсын Их Хурлын дарга таны хэт дураараа авирласан, ганцаараа бүхний дээр гарч бүхнийг удирдах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа бүр ч ихээр нөлөөлсөн нь баримттай бодит үнэн….
….Та Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ. Таны хууль бус балмад үйлдлүүд Засгийн газрыг ч бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй болголоо. Монгол орныг дарангуйллын тогтолцоонд оруулах гэсэн таны эдгээр бусармаг ажиллагааг цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг Улсын Их Хурлын гишүүд бид албан ёсоор ШААРДАЖ байна” гэсэн байв. Харин АН тус шаардлагын хариуд “МАН ямар ч үндэслэлгүй, нэг хүн рүү дайрсан улс төр хийж байна. МАН-ынхны шаардлага тавилаа гээд УИХ-ын дарга огцорно гэж байхгүй” хэмээн мэдэгдэд байна.
МАХН-ын хувьд асуудал хүндэрч МҮАН-тай даргын суудлаа хэрхэхээ шийдэж чадахгүйд хүрээд байна. “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийнхэн өнгөрөгч пүрэв гарагт даргын асуудлаа шийднэ гэж байсан ч нам, гүм байв. Энэ нь мэдээж дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаагийн илэрхийлэл биз.
Улс төрийн хүрээнийхний үйлдэл олон нийтийн ахуй, амьдралд шууд нөлөөлдөг. Тэр утгаараа “томчуудын” шийдвэрт итгэл алдарсан иргэдийг төлөөлж, Монголын Залуучуудын холбооноос “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Гутлын жагсаал” арга хэмжээ зохион байгуулсан. Тэнд хөгжлийн гарц хайсан гутлуудыг цуглуулсан бөгөөд эзэд нь гэх хүмүүс хэлэх санаа, үзэл бодлоо цаасан дээр буулгаж, “хамт жагссан”.
Энэ мэтээр олны анхаарлыг татах зуурт УИХ-ын чуулганаар “давхар дээл”-ийг тайлах, 2016 оны ээлжит сонгуулийг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр зохион байгуулна, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн, заримыг нь батлан гаргасан.
Харин Засгийн газрын тэргүүн “Credit Suisse” банкнаас зохион байгуулж буй Азийн хөрөнгө оруулагчдын ес дэх удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдөд илтгэл тавьж, Монгол Улс бизнест эргэн ирсэн гэдгийг тодотгон, 2015 он Монгол Улсын эдийн засгийн хувьд хүнд жил байсан. Гэсэн ч Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засагтаа тодорхой ахиж дэвшил гаргалаа гэж Ерөнхий сайд хэлээд эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулалтыг татахаар хийж буй ажлууд, улс төрийн тогтвортой нөхцөл байдал, Засгийн газрын талаар сэдвийг онцлоод амжсан.
Түүнчлэн улс төрд гол тоглогч болохоор зэхэж буй, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс гарах саналыг нь УИХ-д мэдүүлж, танилцуулснаар тэд “сул” болсон. Түүгээр ч үл барам УИХ-ын гишүүн Г.Уянга МҮАН-ын гишүүнчлэлээс татгалзаж буй гэнэ.
Үндсэндээ УИХ-ын ээлжит сонгуулийн тов ойртож буйтай холбоотойгоор улс төрийн үйл явц Төрийн ордон, намуудын байрнаас хальж гудамжинд гарах эхлэл тавигдаж буй бололтой.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.