Нийслэл хотын албан татварын тухай хууль ердөө гуравхан хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх учиртай. Гэтэл нийслэлчүүд хэдий хэмжээний татвар төлөхөө, хэзээнээс хэрхэн төлөхөө ч мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүдийн үл ойлголцлоос болж хууль хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна гэж хэлж болох юм. Өнгөрсөн долоо хоногт НИТХ –аар “Нийслэл хотын албан татварынх хувь хэмжээг тогтоох тухай”, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам” батлагдах ёстой байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар хурал маргаашийг/IX.29/ хүртэл хойшлогдсон. Хэрэвзээ төлөөлөгчид маргааш шийдэлд хүрч, татварын хувь хэмжээг тогтоовол ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн нийслэл хотын татварыг төлж эхлэх юм. Одоогоор яригдаж буй хувилбараар хэн, хэзээ, хэдий хэмжээний татвар төлөх талаарх мэдээллийг хүргэе.
Согтууруулах ундаа, тамхи худалдан авсан эсвэл түүгээр үйлчлүүлсэн мөн зочид буудал, амралтын газар, ресторан, баар, хоолны газруудаар үйлчлүүлсэн бол нийт төлбөрийн нэг хувийг татварт төлөх юм. Өөрөөр хэлбэл 10 мянган төгрөгийн худалдаа, үйлчилгээ хийсэн бол 10100 төгрөг болгон төлнө гэсэн үг. Харин татварын гэх 100 төгрөгийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд төрд дамжуулах үүргийг гүйцэтгэж татварт төвлөрүүлэх үүргийг хүлээж буй юм. УИХ-аас баталсан хуулинд татварын хэмжээг 0-1 хувь байна гэж заасан. Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүхий л татварыг нэг хувь байна гээд эцсийн цэгт “тулгасан”-ыг НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн эсэргүүцэж байгаа юм. “Эдийн засаг хүнд, төсвөө бүрдүүлэх нь чухал ч гэлээ иргэдийн халаасын тэмтэрч албан хүчээр хэдэн төгрөг олох”-ыг тус бүлгийн гишүүд үзэж байна. Харин хотын удирдлагууд “Нийслэл албан татвартай боллоо гэдэгт иргэд эсэргүүцэл илэрхийлэхгүй болов уу. Энэ бол ирээдүйгээ бодсон том шийдвэр гэж харах хэрэгтэй” гэж онцолж буй.
Нийслэлийн удирдлагуудын тооцоолсноор Нийслэл хотын албан татварыг авч эхэлснээр архи согтууруулах ундаа, тамхины худалдаа борлуулалтаас нийт 11 орчим тэрбум төгрөг, харин үйлчилгээний газруудаас хоёр тэрбум төгрөгийг жилдээ нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой болох гэнэ. Мөн хуулийн бэлтгэл ажилд буюу татварын хуулийг хэрэгжүүлж, нутагшуулах автомат программ боловсруулахад нийт 400 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулаад байгаа аж.
Ямартай ч хууль ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Харин татварын хувь хэмжээг маргааш хуралдах НИТХ-аар эцэслэх болов уу.
Холбоотой мэдээ
Comments are closed.