Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабах улсад байдал хүндрэх эрсдэл эртнээс үүссэн юм. Учир нь Азербайжан, Армян, УКУ-ын хоорондын эвлэрлийн 1994 оны Бишкекийн протоколд улс төрийн шийдэл тусгагдаагүй үлджээ. Ийм төрлийн сөргөлдөөнүүдээс ялгаатай нь талууд гал зогсоох дэглэмээ барьж, энхийг сахиулах хүчнийг дайчилсангүй.
Азербайжаны талд гадаад орнуудын дэмжлэг байгаагүй учраас байдлыг хурцатгалгүй явж иржээ. Харин одоо тэдэнд өөрийн тоглоомыг явуулж болно гэсэн сэтгэгдэл төрсөн бололтой. Энэ үүсээд байгаа байдлыг шийдэж болохгүй зүйл биш. Удалгүй гал зогсоох дэглэм сэргэх бололтой.
Дөрөвдүгээр сарын 4-нд мэдээлснээр, Азербайжаны Батлан хамгаалахын сайд Закир Гасанов Уулын Карабахын нийслэл Степанакерт хотод цохилт өгөхөд бэлэн байх тушаалыг зэвсэгт хүчиндээ өгсөн байна. Хэрэв дайсны тал манай суурингуудыг буудахаа зогсоохгүй бол нийслэлд нь цохилт өгнө гэж БХЯ нь онцлон мэдэгдсэн байлаа.
Даваа гарагт Азербайжаны БХЯ-ны мэдээнд Уулын Карабах дахь Армяны зэвсэгт хүчний 170 цэрэг, 12 хуягт техникийг устгалаа гэв. Мөн тэр өдөр Уулын Карабахын хүчнийхэн “Азербайжаны арми хүнд хохирол үзэн 300 цэргээ алдаж, мянга гаруй хүнээ шархдуулсан” гэж зарлав. Тэд 20 танк устгасан гэжээ.
Уулын Карабахын сөргөлдөөний бүсний гал зогсоох дэглэм 2016 оны дөрөвдүгээр сарын 2-ны шөнө зөрчигджээ. Өнгөрсөн зууны наяад оны сүүлч, ерээд оны эхээр хурцатсан үндэсний сөргөлдөөн нь 1991 онд Уулын Карабах улс (УКУ) тунхаглагдсаны дараа зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан юм. Баку уг бүсийг хүчээр хяналтаа авах гээд бүтээгүй билээ. 1994 оны тавдугаар сард Азербайжан, Армян болон хүлээн зөвшөөрөгдөөгүй УКУ-ын төлөөлөгчид Оросын зуучлалаар Бишкекийн эвлэрлийн гэрээнд гарын үсгээ зуржээ. Тэр сардаа дээрх талуудын Батлан хамгаалах яамдын тэргүүнүүд гал зогсоох дэглэмийг хугацаагүй сахих гэрээнд гарын үсгээ зуржээ.
Зэвсэгт мөргөлдөөний идэвхтэй үед Азербайжаныг Турк дэмжин Армянтай хил залгаа нутагт цэргийн томоохон хүчийг барин Ереванд шахалт хийж байлаа. Тэр цагаас хойш Азербайжан, Турк хоёр цэргийн салбарт нягт хамтран ажиллаж иржээ. Азербайжаны армийн хошуучаас дээш цолтой ахлах офицерүүд Туркийн цэргийн сургуулиудаар дамжин суралцаж, дадлага хийсэн юм.
УКУ-ын энхийн зохицуулалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дахь Минскийн групп хариуцдаг бөгөөд Орос, АНУ, Франц нь тус группыг толгойлдог.
Уулын Карабахын 1991-1994 оны зэвсэгт сөргөлдөөнд Азербайжаны 11.5 мянган цэргийн албан хаагч үрэгдсэн гэх Бакугийн албан ёсны мэдээлэл бий. Харин нийгэм судлаач Владимир Мукомель “Сөргөлдөөний бүхий л хугацаанд хоёр талаас нийлээд 24 мянган хүн амь үрэгдсэн” гэж тооцоолжээ. Мөн сөргөлдөөний үеэр нийт сая гаруй хүн бүс нутгаас дүрвэжээ.
Уулын Карабах нь голчлон армян үндэстнүүд амьдардаг, Азербайжан, Армян хоёрын хоорондын газар нутгийн маргаант бүс юм. Уг бүс нутаг 1988 онд Азербайжаны бүтцээс гарч буйгаа зарласан юм. Өнөөдөр тэнд явагдаж байгаа байлдаан нь өмнөх мөргөлдөөнүүдээс эрс ялаатай. Өмнө нь тэр бүс нутагт үе үе орон нутгийн шинжтэй сөргөлдөөн гарч байв. Харилцан буудалцах нь бараг дадал болсон байлаа. Харин өнөөдөр фронтын байдал нь эрс өөр. Тулалдаан өргөн цар хүрээтэй бөгөөд тэндхийн бараг бүх хүчний бүтцэд онцгой байдлын дэглэм зарлажээ. Карабахын өмнөх сөргөлдөөнүүдэд онц байдал хэзээ ч ийм цар хүрээгээр зарлагдаагүй юм.
Ирж байгаагаа мэдээллүүд ихээхэн зөрөлдөөнтэй, шинжээчид хэрэг явдалд зөвхөн таамаглал дэвшүүлж байна. Турк нь Азербайжаны ойрын хөрш бөгөөд Москва, Анкара хоёрын харилцаа муудсаны дараа хөрш орнуудын харилцаа улам нягтарсан юм. Алиев Туркт айлчилсан нь Азербайжанд урам өгсөн байж болох талтай.
Америкийн “Stratfor”-ын шинжээчид Орос хоёр орны хооронд зуучлагчийн уламжлалт үүргээ гүйцэтгэж байгаа ч үнэн хэрэгтээ Уулын Карабахыг хяналтдаа авч, тэнд энхийг сахиулагчдаа байрлуулах хүсэлтэй гэлээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.