Монгол Улс түүхэндээ цаазын ялыг халсан улс болсон тухай мэдээ орон даяар тархаж байна. “Ардчилсан” гэх тодотголтой, “Шударга л байцгаая” хэмээх уриатай гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн улсын жишигт хүрэхийн тулд цаазаар авах ялаас татгалзаж байгаагаа хэлсэн. Тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, улсын билэг тэмдэг болсон суудалд суусныхаа дараа бүх шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж тухайн гэмт хэрэгтэнд оногдуулсан цаазаар авах онцгой ялыг уучлан хэлтрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Ингэж Монгол Улс цаазаар авах онцгой ялаас цааргалж эхэлсэн юм. Хэдийгээр 2002 оноос мөрдөж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулинд тодорхой хэдэн зүйл ангиар энэ ялыг оноодог нь хэвээрээ ч, эцсийн шийдвэрийг үзэглэн зурах эрхтэй Ерөнхийлөгч цаазлах, цагаатгах хоёрын алийг нь сонгосноор хэрэгтний хувь заяа шийдэгддэг. Тиймээс нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би цаазаар авах ялаас татгалзаж байна. Ерөнхийлөгч болсон цагаасаа эхлээд хэн ч байсан цаазын ял өгөхгүй” гэдгээ нийтэд зарлачихсан хойно гэмт хэрэгтнүүд өөрийн хувь заяагаа хаашаа эргэхийг урьдчилаад мэдэх нь ойлгомжтой. Ямартаа л Ерөнхийлөгчийн соёрхсон Өршөөлийн хуулиар суллагдаж, наранд гарсан “Махан толгой” хочит Тулга гэх мунаг эр 13 настай охиныг гэртээ унтаж байхад нь хөнжилд нь ороож нуурын эрэг дээр аваачиж, хүчиндэн буртаглаад, эцэст нь амийг нь егүүтгэн нууранд живүүлж орхисон бузар хэрэгтээ анхан шатны шүүхээс цаазаар авах ял сонсох үедээ “Миний амийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөх юм чинь” гээд үрээ алдсан эцэг эхийг тавлаж зогсох вэ дээ. Үнэндээ цаазаар авах ялыг халсан нь манайханд ингэж л бууж байгаа хэрэг. Цаазаар авах ялын оронд насаар нь хорих ялыг Ерөнхийлөгч санал болгоод байгаа. Гянданд насаараа хоригдох ял цаазаар авахаас ч хүнд хэцүү гэнэ. Өөрөөр хэлбэл, хийсэн хэрэгтээ гэмших боломжийг олгож, байнга сэтгэлээрээ шаналж явах учиртай юм байх. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болохоос өмнө Монгол Улс цаазаар авах ялыг хэрэглэсээр ирсэн. Энэ онцгой ялыг халах асуудлаар бас л бөөн маргаан хуульчдын дунд өрнөж билээ. Манай орны хувьд цаазын ял байх ёстой, үгүй гэж ирээд л ном хаялцсан юм даг. Хэнийх нь зөв байсан бүү мэд.
Юутай ч, цаазаар авах онцгой ялыг шат шатны шүүхээс авсан хүн эцсийн найдвар болгож Монгол Улсын Ерөнхийлөгчөөс амь гуйдаг. Харин эрхэм Ерөнхийлөгч өршөөх, эс өршөөх нь түүний тааллын л асуудал байлаа. Хэн нэгэн балмад этгээдийн гарт цаг бусаар дотны хүнээ алдсан хохирогчид “Амийг амиар солино” гэсэн хатуу гомдолтой байдаг нь нууц биш. Гэтэл цаазын ял товч мэдээлэгдээд л өнгөрдөг байв. Ийм ял авсан хүний хэдийг нь гүйцэтгэсэн болох, хэдэд нь Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Үгүй ядаж шударга хуулинд итгэж яваа хохирогчдын ар гэрт ч ямар нэг мэдээлэл очдоггүйгээс зарим нь гэмт хэрэгтэн наранд яваа гэдэгт итгэлтэй байх нь ч бий. Үнэндээ цаазын ялын гүйцэтгэл улсын нууцад хамаардаг болохоор тэр бүр мэдээлэх боломжгүй нь ойлгомжтой. Хүнээ алдсан хүн амь л нэхэж таарна. Тэгвэл бусдын амь насыг хөнөөж, айл гэр өнчрүүлсэн гэмтнүүд өөрийнхөө амийг хэрхэн гуйдаг нь сонин. Шуналаасаа, өс хонзонгоор, санамсаргүй санаатай гээд ямар ч шалтгаантай байсан хүний амь егүүтгэсэн л ял авч таарна. Харин ял авсан хойноо, цаазын гогцоо өөрийнх нь хооолойг боомилох тэр цагт өдөр өдрийн нарыг үзэх гэсэндээ өөрийн улаан амийг хэрхэн гуйдаг бол. Хэрэгтнүүд үйлдсэн хэрэг шигээ байж чаддаггүй байна. Ихэнх нь өөрийнхөө амийг өршөөхийг сөгдөн мөргөж гуйдаг ажээ. Хүний аминд хүрсэн олон хүнээс хуруу дарам цөөхөн хэд нь л амь гуйхгүй гэсэн үг амнаасаа унагадаг байна. Зарим нь гэнэт ухаарсан гэмшил царайлж, алд дэлэм уртын урт захиаг шүлэглэн шүлэглэн илгээдэг бол, зарим нь “Та намайг харж үзэх ёстой”, “Үртэйгээ адилтгаж бодох хэрэгтэй” хэмээн шууд л Ерөнхийлөгчийг “заналхийлдэг” байна. Ингээд шат шатны шүүхээс цаазаар авах онцгой ял авсан хүмүүс хэрхэн өөрийнхөө амийг гуйдаг талаар цувралаар хүргэхээр шийдлээ.
Б.Сүрэнжав гэдэг залуу одоогоос 5 жилийн өмнө Говь-Алтай аймагт гэр бүлийн хоёрын аминд хүрсэн хэрэг үйлдсэн байдаг. Тэгэхдээ өөрт нь тус дэм болж явсан таньдаг хүмүүсээ шунахайн сэдэлтэйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлджээ. Аймгийн төвд наймаа эрхэлдэг гэр бүлийн хоёроос мөнгө зээлж амьжиргаагаа залгуулдаг байсан энэ залуу өрөндөө мал өгнө хэмээн нөхрийг нь авч яваад хээр аваачиж буудан амийг нь егүүтгэжээ. Дараа өдөр эхнэр дээр нь ирээд “Нөхөр чинь мал туугаад ирж байгаа. Хоол унд аваачиж өгөх хэрэг байна” хэмээн хуурч авч яваад аймгийн төвөөс 13 км зайтай газар аваачиж, “Нөхөр чинь тэндээс ирж байгаа ” гэж баруун зүг харуулж суулгаад толгойд нь буудаж, цогцос руу нь бензин асгаж шатаасан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Зориулж авч явсан ТОЗ-8 бууны сум дагзаар нь ороод эрүүгээр нь гарсан байдаг. Ингэж нэгэн гэр бүлийн голомтыг самарсан атлаа өөрөө амь гуйхдаа их л уран цэцэн болсон байх юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж бичсэн өргөдөлдөө “ … Монгол хүн төрийн хуулийн үнэн дор амьдарч, хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх ёстой байтал мунхаг би тэгж чадсангүй. Эрдэнэт хүний амь егүүтгэсэн бузрын хэрэг үйлдсэндээ туйлаас гашуудан харамсаж өөрийгөө зүхэх юм. Орчлон гэдэг эргэх буцахыг хэлдэг үнэн ажээ. Намайг хүн егүүтгээд буруудаж байхад миний бага охин мэндэлж байлаа. Энэ хүүхэд насаараа алуурчны хүүхэд гэж явах болно гэхээс аймаар.
Би танаас амь гуйсны учир гэвэл хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдвэл өөрийнхөө хийсэн нүглийг биеэрээ эдэлж, ухамсарлаж, ойлгож, өөрөө өөрийгөө залхаах боломж олгоочээ гэсэн үг юм. Би үнэхээр хүн алж сэтгэл сэртхийлгэсэн аймшигт хэрэг үйлдсэн учраас өөрөө өөрийгөө залхаан цээрлүүлж, миний бохир гарт амь үрэгдсэн гэмгүй сайхан хүмүүсийн ариун сүнсийг амгалан байлгаж амраах гэсэн үг юм шүү” гээд уртын урт шүлэг илгээжээ.
Амийг минь өршөө
…Хүний амийг хөнөөсөн минь үнэн
Хүүхдүүдийг нь бас өнчрөөсөн минь үнэн
Хуулийн тавцанд ял авсан минь үнэн
Хүүтэйгээ зүйрлүүлж насыг минь бодооч
Хуульд заасан цаазыг минь өөрчилж өгөөч
Хувийн зүгээс үүнийг л хүсье
Хоёр хүний аминд хүрэх нь байтугай
Хорхойд хоргүй мөрөөрөө явсан
Ээж аавын хайртай хүү
Эхнэр хүүхдүүдийнхээ халамжит эцэг
Даруухнаас даруухан эгэл боргил эр явсныг
Нутгийнхан, найз нөхөд нуулгүй хэлэх нь мэдээж
Харь гаригийн хүч ирсэн үү,
Хараалын хүч буусан уу
Тэр л өдөр би тэрсүү гадны хүчинд автагдаж,
Тэнэг мунхагийн цаад нүгэл үйлдэж
Элбэрэлт төрийнхөө хуулийг өшигчиж
Эцэг эхийнхээ итгэлийг алдаж
Эхнэр хүүхдийнхээ голыг харлуулж
Хүний нүүрийг эгцэлж харахааргүй
Хүнд гэмт хэрэг үйлдсэн байдаг аа
Төр төмөр нүүртэй л гэдэг
Төр бас өршөөдөг л гэдэг
Дээд шүүх надад хуулийн дээд хэмжээ өгсөн
Үнэний өмнө би буруутай юм хойно
Үнэндээ яая гэхэв дээ
Ард үлдсэн алаг үрдээ
Аав ээж үр садандаа
Алуулсан гэж дуулдаж
Амьдаар нь хатаамааргүй байгаа учраас
Амь гуйж байна
Төр өршөөсөн амьд гэвэл
Тэд маань сэтгэл амрахсан болов уу
Төр өршөөсөн гэвэл
Төрийн тэргүүн танд баярласан билээ
Насанд минь намба тогтлоо
Надад шунахайн сэдэлт байгаагүй ээ
Намайг уучилж амийг минь өршөө
Төрийн сүлдэнд мөргөе
Түмэнтээ уучлал гуйсан
Б.Сүрэнжав гэжээ.
Энэ мэтчилэн уран цэцэн үгтэй, барагтай хүн уярмаар захидлыг алуурчид илгээдэг байна. Хийхээсээ өмнө ухаарах нь ч яасан юм бол гэж бодмоор ийм захидлуудыг өөрийнхөө утсан чинээ улаан голыг хуулийн дор тасдуулахгүй гэсэндээ бичиж байна гэж бодохоор хүн гэдэг хичнээн өчүүхэн амьтан бэ гэх адын бодол сэтгэл эмзэглүүлнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.