antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2016 Comments are off

Монголд цөмийн хаягдал булшлахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

нийтлэсэн Admin
 3-28-2_700x700М.ГАН

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш нээлтээ хийнэ. Энэ долоо хоногийн турш ердөө дөрвөн өдөр үргэлжлэх чуулганаар таван асуудал хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамж гаргажээ.Үүнд, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөл­тийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт багтжээ.

Ээлжит бус чуулга­наар цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой төслүүдийг хэлэлцэхээр болсон нь олны дунд хардалт төрүүлээд байна. Энэ талаар дээр дурдсан хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг сонирхлоо.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлт нь олон улсын тээвэрлэлтээс гадна дотоодод ашиглах, хадгалах, тээвэрлэж байгаа цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг хангах, цөмийн материалыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүжүүлсэн, турхирсан этгээдэд ял шийтгэл оногдуулах, мөн хулгайлагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн цөмийн материал, түүнд холбогдох гэмт хэрэг, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх зэрэг олон улсын хамтын ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлжээ. Энэхүү конвенци нь нэгдэж орсон улс орнуудын тухайд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг юм байна. Манай улс уг конвенцийн нэмэлтэд нэгдэн орсноор цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх, цөмийн терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдгээр зорилтод нийцсэн үндэсний эрх зүйн орчныг бий болгоход дөхөм болох чухал ач холбогдолтой.

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци нь Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 2001 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 69 улс нэгдэн оржээ.

Уг конвенцид нэгдэж орсон орнууд конвенцийн Удиртгал хэсгийн 12 дахь заалтын дагуу “Аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэйг хүлээн зөвшөөрөх” юм. Иймээс манай улс уг конвенцид нэгдэн орсноор цөмийн хаягдлыг өөрийн нутагт оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглож,цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлэх үүргийгконвенцид нэгдсэн улс орнууд хүлээж байгаа аж.

Энэ сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа, тэр дундаа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хандаж конвенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ажиллах хүсэлт тавьсан байна. Өнөөдрийн байдлаар есөн улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж орвол уг конвенцийн нэмэлт хүчин төгөлдөр болох юм байна. Иймээс  энэ асуудалд онцгой анхаарч УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах гэж байгаа аж.

Монгол Улс цөмийн энергийн холбогдолтой эдгээр конвенциудад нэгдэн орж соёрхон баталснаар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус, цөмийн хаядлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх, хадгалах, дамжин өнгөрүүлэхгүй байх эрх зүйн орчинг олон улсын хэмжээнд баталгаажуулах чухал ач холбогдолтой. Түүнчлэн хөрш орнууд болон хэлэлцэн тохирогч талуудын цөмийн байгууламжийн талаарх мэдээллийг авах эрхтэй болж байгаа юм.

Мөн энэ талаар парламентын холбогдох байнгын хороо болон агентлагийн удирдлагууд тайлбар өглөө. Тухайлбал, Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав “Цөмийн хаягдалтай холбоотой хууль эрх зүйн орчин Монгол Улсад бий. 2000 оны Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд тодорхой заасан байдаг. 2011 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хаягдлыг Монгол Улсын газар нутагт хадгалах, булшлах мөн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх энэ бүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Цаашид бид олон улсын конвенцид нэгдэж орсноор цөмийн хаягдлыг Монгол Улсад хууль бусаар тээвэрлэх, дамжуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг зогсоож, хориглож байгаа. Монгол Улсын хэмжээнд бол хог, хаягдлын тухай хуульд энэ заалт хаягдсан байгаа. Иймд Цөмийн энергийн тухай хуульд Ерөнхийлөгчийн зарлигийг хуульчлах асуудал яригдаж байгаа. Энэ оны гуравдугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн” гэв.

Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн “Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлаар олон улсад манлайлагч орнуудын нэг. Харин бүс нутгийн хувьд цөмийн байгууламжтай улс орнууд олон байдаг.  Манай хоёр хөрш л гэхэд цөмийн том байгууламжуудтай бөгөөд эдгээр  байгууламжийн талаарх мэдээлэл хангалттай байдаггүй. Энэхүү конвенцид нэгдэн орсноор хоёр хөршөөсөө болон бусад цөмийн байгууламжтай улс орнуудаас мэдээлэл авах бүрэн эрхтэй болно. Тэрхүү мэдээлэлдээ тулгуурлан цөмийн байгууламжаас гарч болох эрсдлээс өөрийгөө хамгаалах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж мөрдөх боломж нээгдэж байгаа юм. Энэ бол том дэвшил” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car