antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 Comments are off

Утаа багассаныг Ерөнхий сайдаас өөр анзаарч байгаа хүн алга

нийтлэсэн Admin

-ӨМНӨХ ЖИЛИЙНХЭЭС УТАА ИХЭССЭНИЙГ ИРГЭД ЯРЬЖ БАЙЛАА-

Энэ жил утаа багассан гэх мэдээллийг Ерөнхий сайд хэлсэн. Гэвч идэр ес эхэлсэн энэ үед гэр хорооллын утаа улам бүр ихэсч, амьсгалахад түвэгтэй байгааг иргэд ярьж байгаа. Тиймээс бид утаа үйлдвэрлэгч гэр хороололд нэгэн үдшийг өнгөрөхөөр болов. Нийслэлийн утаа өглөөний 06.00 цагаас эхэлдэг гэхэд болно, Иргэд ажил, хичээлдээ явахаас өмнө гэртээ гал түлдгээс тэр. Тиймээс ч үүр цайхаас эхлээд урдах зам харагдахгүй болтлоо утаан манан болчихно. Энэ утаа үдийн алдад гайгүй болно. Учир нь гэр хорооллынхны түлсэн нүүрс шатаж, цурам болдог учраас тэр. Харин орой ажил тарахын үед өнөөх их утаа дахин суунаглаж эхэлдэг. Тэр үед нь буюу өнгөрсөн баасан гаригийн 18.00 цагийн үед “Долоон буудал”-ыг чиглэн алхлаа. Харин “32-ын тойрог” руу дөхөх тутам хоолой хорсож, ойр орчмыг харахад түвэгтэй болох юм. Бидэнтэй адил алхаж яваа хүн бараг харагдсангүй. Замд тааралдсан хоёр хүний эмэгтэй нь ороолтоороо амаа таглажээ. Харин эрэгтэй нь их утааг тоосон шинжгүй алхана. Замын түгжрэл хаа очиж бага байсан юм. Айлууд дөнгөж галаа түлж эхэлж байгаа бололтой яндангаас нь хар утаа суунаглана.

utaa

Бид алхсаар хотын төвөөс “32-ын тойрог” орох замд байх мод, нүүрс зардаг ченжүүдтэй таарлаа. Тэд гэр хорооллын зам дагуу бараг автобусны нэг буудал хэртээ газарт эгнэцгээжээ.

Зарим нь амбаар шиг юм барьсандаа бараагаа хийчихсэн харагдана. Бид “Мод нүүрс байнга зарж байна” гэсэн хаягтай жижиг амбаарт орлоо. 3×5 метрийн хэмжээтэй болов уу гэмээр жижиг модон амбаарын нэг талд нь шуудайтай нүүрс, нөгөө талд нь мод өржээ. Тэндээ жижиг сандал, ширээ тавьсан байх аж. Ширээн дээр зурагт тавьсан бөгөөд ченж залуу мэдээ үзсэн шиг ээ суув. Нүүрс, мод шуудайлж зардаг тэр залууг Г.Мөнхбаяр гэдэг. Хувийн компанид ачигч хийдэг тэрбээр амралтынхаа өдрүүдэд ээждээ тусалж байгаа нь тэр гэнэ. Г.Мөнхбаярын бараагаа зардаг амбаар нь түрээсийнх аж. Түрээсэнд нэг сард зуун мянган төгрөг төлдөг. Гэсэн ч гайгүй ашигтай ажиллачихдаг гээд тэр ажлаа магтаад байх шинжтэй.

utaaМод нүүрс шуудайлж зараад дөрвөн жил гаруй хугацааг өнгөрөөж байгаа. Г.Мөнхбаяр ачигч хийж, ээж нь мод нүүрсний ченж хийж гэр бүлийнхээ зургаан ам бүлийг тэжээдэг. Тэднийх “Долоон буудал”-д байдаг учраас “ажил”-даа ирж очиход унааны мөнгө шаардагдахгүй. Биднийг ийн ярилцаж суух зуурт нэгэн эмэгтэй ирж гурван шуудай мод авснаа өлхөн өргөөд явчих юм. Ер нь иргэд ажлаа тараад ихэвчлэн шуудайгаар мод, нүүрсээ аваад харьдаг гэнэ. Тиймээс ч Г.Мөнхбаярын наймаа орой ажил тарахын үед гүйлгээ сайтай болдог гэнэ. Түүний утас зогсоо зайгүй дуугарч байв. Байнгын үйлчлүүлэгчид нь гэртээ нүүрс захиалж байгаа бололтой. Дөрөв, таваас дээш шуудай нүүрсийг тэргээр гэрт нь хүргээд өгчихдөг юм байна. Тэгэж үйлчлүүлэгчдэдээ найр тавьснаар бараагаа хурдан зарж дуусгах арга гэнэ. Тэрээр бараагаа өөрөөсөө арай том гарын ченжүүдээс авдаг гэсэн. Тэд нь “Цайз” захаас портероор авсан нүүрс, модоо шуудайлж жижиглэнгийн наймаачдад зардаг аж. Тэд нэг шуудай нүүрсний үнэн дээр 200 төгрөг нэмээд зардаг. Нэг шуудай модон дээр харин 250 төгрөг нэмж зардаг аж. Бид цаг агаар тогтуун байвал баярладаг бол Г.Мөнхбаяр нарын наймаачид эсрэгээрээ. Хүйтэн зэвэргэн өдөр бол тэд 60-70 шуудай нүүрс, 30-40 шуудай мод зарчихдаг. Ингэж сайн ажилласан өдрөө 25 мянга орчим төгрөгийн ашиг олно. Гэхдээ ийм ашигтай өдөр тэр бүр тохиохгүй. Зарим үед маргааш зарах бараагаа аваад 4-5 мянган төгрөг үлдэх нь ч бий аж. Тэдний ажлын оргил үе нэг, хоёрдугаар сар гэнэ.

Г.Мөнхбаяр “Өмнөх жилүүдэд иргэд ихэвчлэн портероор нь түлшээ бэлтгэчихдэг байсан учраас шуудайгаар мод, нүүрс зарах тийм ч ашигтай биш байсан. Энэ жил нүүрс үнэтэй байгаа учраас иргэд өнөө маргаашийнхаа түлшийг л залгуулж байна. Тиймээс бид энэ жил гайгүй ашигтай ажиллаж байна. Энэ хавийнхнаас утаагүй түлш хэрэглэдэг айл байдгийг би л лав мэдэхгүй. Гэтэл Ерөнхий сайд гэр хорооллынхон утаагүй зууханд утаагүй түлш хэрэглэж байгаа талаар ярих юм. Утаагүй гээд байгаа зуух нь гэрт зориулагдсанаас том байшинг халааж хүчрэхгүй юм билээ. Утаагүй зуух үр дүнгээ өгсөн бол бидний зарж байгаа түлш борлохгүй байх. Харин ч өмнөх жилүүдийнхээсээ ч илүү эрэлттэй байна шүү дээ” гэж байсан юм. Зарж байгаа шуудайн дээрээсээ ганц хоёр бондгор нүүрс аваад галаа түлчихнэ, гэрээсээ хоолоо авч ирээд идчихнэ. Цахилгааны мөнгө 5000 төгрөгөөс шальдаггүй гэнэ. Бид нар хагас цаг орчим ярилцаж суухад Г.Мөнхбаяр таван шуудай нүүрс, гурван шуудай мод зарчихсан юм. Бас гурван ч айлд тус бүрт нь дөрвөөс таван шуудай нүүрс хүргэж өгөх захиалга авчихаж дөнгөлөө. Тэр хавьд зарж байгаа нэг шуудай нүүрс 1200 төгрөг, хар мод 1400, нарс 1200 төгрөгийн үнэтэй байв. Өнгөрсөн жил ч жижиглэнгийн түлш ийм л ханштай байсан. Энэ талаар “Мод, нүүрсний үнэ нэмэгдчихээр иргэд маш их уурладаг. Гэтэд бид дөнгөж л хоёр зуун төгрөг нэмдэг шүү дээ. Ченжүүд ямар үнээр бидэнд зарна, бид түүн дээр ашгаа нэмээд зарахаас аргагүй. Мод, нүүрсний үнэ өмнөх жилийнхтэйгээ адил мэт харагдуулахын тулд шуудайгаа жижигрүүлдэг. Энэ жил шуудай нүүрс бараг нэг шар тор дүүрэхтэй үгүйтэй хэмжээтэй л байгаа. Энэ байдлаар ирэх жилээс нүүрсээ кг-аар нь зардаг болох байх” гэсэн юм.

Г.Мөнхбаярынхаас гарахад тэр хавийн утаа өмнөхөөсөө хэд дахин ихэссэн болов уу гэмээр гашуун үнэртэж байв. 19.00 цагийн орчим гэр хорооллынхон утаагаа голчлон үйлдвэрлэдэг. Дөнгөж хийсэн нүүрс нь цурам болтол энэ хорт утаа үргэлжилнэ. Гэр хорооллынхон хямд, удаан асдагийг нь тооцож Налайхын нүүрс ихэвчлэн түлдэг. Гэтэл тэр хавийнхны ярьснаар Налайхын нүүрс илүү их утаатай, харин Алаг толгойн нүүрс хурдан шатаж дуусдаг ч утаа бага гаргадаг аж.

“Долоон буудал” хавиар дугуйны хаймар түлдэг айл бараг байхгүй гэнэ. Учир нь тэр хавийнхан нэгэндээ хяналт тавьж, хэл ам хийх нь их байдаг гэнэ. Дугуйны хаймар түлсэн айл андашгүй. Тиймээс ойр орчмынхон нь хороонд нь хэлж, хэл ам хийгээд байдаг учраас нүүрс, модноос өөр элдэв бус зүйлс түлээд байдаг айл ховор гэнэ. Харин нийслэлийн захын хорооллынхон л элдэв юм түлдэг гэж мод нүүрсний наймаачид ярьж байсан. Биднийг явж байхад хашаандаа машинаар нь нүүрс буулгачихсан, мод хураачихсан айл ер тааралдсангүй. Ихэнх байшингуудын гадна хоёр, гурван шуудайтай түлш л харагдана. “Таван буудал”-д амьдардаг Л.Цэвэгмэд гуай мод, нүүрс худалдаж аваад явж байхад нь таарлаа. Тэрбээр “Манайх зөвхөн өглөө, оройд галлахдаа дөрвөн шуудай нүүрс түлдэг. Амралтын өдрүүдэд хүүхдүүд гэртээ байхад өдөржин галтай байлгаад зургаа, долоон шуудай нүүрс түлчихдэг. Нүүрсний мөнгийг оройд хүүхдүүд л залгуулах юм. Тэгээд оройныхоо түлшийг аваад харьж байна. Зөвхөн гал асаагаад байхад нэг шуудай нүүрс бараг гурав хоночихно шүү. Өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөд урдах замаа харахгүй шахам явах юм. Салхитай, дулаахан өдөр л тэнгэр гээч юмыг харах юм байна. Хотоос гарвал Монголын цэлмэг тэнгэрийг харах боломж олдох байх. Манай бэр жирэмсэн. Телевиз харахад хотод төрсөн хүүхдүүдийн 70-80 хувь нь уушгины өвчтэй, гажигтай төрж байна гэх юм. Энэ бол жинхэнэ гамшиг байх. Гэтэл эрх баригчид биднийг утаагүй зуух хэрэглээд, нийслэл утаагүй болчихсон мэт ярих юм. Би бэрээ дөрвөн сартай жирэмсэн байхад нь хөдөө явуулчихсан. Тэнд нь төрүүлнэ. Бусад эхчүүдэд ч ингэж зөвлөмөөр санагддаг” гэсэн юм. Ерөнхийдөө бидэнтэй таарсан хүн бүр утаа ихэссэн, нийслэлд амьдрахад хэцүү болж байгаа, төр үүнд дорвитой анхаарахгүй байгааг ярьцгааж байсан юм. Тэгэхээр нийслэлийн утаа багассаныг Ерөнхий сайдаас бусад нь анзаарахгүй байгаа бололтой.

“Долоон буудал”-аас 20.00 цагийн орчимд буцахад суунагласан их утаа хэвээрээ л байлаа.

М.УУГАН-ЭРДЭНЭ Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car