Санхүүгийн Зохицуулах Хороо “Компанид засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох журам”-ыг баталлаа. Энэ журам ёсоор 24-өөс доош оноотой компанийг муу засаглалтай гэж үзэх аж.
Хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд болон олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг компаниудын засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдад үнэн зөв, бодит мэдээллийг цаг тухайд хүргэх, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагад тулгуурлан энэ журмыг баталжээ.
Компанийн засаглалын үндэсний зөвлөл уг журмыг хэрэгжүүлэн ажиллах юм байна. “Хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд СЗХ болон Хөрөнгийн биржийн холбогдох дүрэм журмын хүрээнд засаглалын үнэлгээг зөвлөл, түүний ажлын албаар үнэлүүлж, түвшинг тогтоолгон хувьцаа эзэмшигчдэд хүргэнэ” гэж тус журмын 1.4-т тусгажээ. Компанид засаглалын үнэлгээ хийж, түвшин тогтоох эрх бүхий этгээд нь Компанийн засаглалын үндэсний зөвлөл аж. Тэд үнэлгээг засаглалын үнэлгээний нэгдсэн аргачлалын дагуу, хараат бус мэргэжлийн түвшинд хийж, компанийн удирдлагад танилцуулан, зөвлөмж өгнө.
Үнэлгээг хийлгэх компани Хөрөнгийн биржийн I,II ангилалд бүртгэлтэй, хувьцаа нь биржээр арилжаалагддаг хувьцаат компани байна. Засаглалын үнэлгээг хоёр жил тутамд хийлгэж, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэх аж. Харин “олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг аливаа компани засаглалын үнэлгээг сайн дурын үндсэн дээр хийлгэж болно” гэж дээрх журамд тусгажээ.
Тус журамд тусгаснаар компанид засаглалын түвшин тогтоох үнэлгээг:
75 онооноос дээш бол сайн засаглалтай буюу компанийн удирдлагын үйл ажиллагаа хэвийн;
50-74 оноо бол дунд засаглалтай буюу удирдлагын үйл ажиллагаанд асуудал үүсч болзошгүй;
25-49 оноо бол хангалтгүй засаглалтай буюу компанид хяналт шалгалт хийх нөхцөл бүрдсэн;
24-өөс доош оноо авбал муу засаглалтай компани буюу компанийн удирдлагын үйл ажиллагаанд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэх юм.
Тэгвэл үнэлгээний гол шалгуур нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх хамгаалагдсан байдал, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үр өгөөж, гүйцэтгэх удирдлагын менежментийн чадвар, компанийн нээлттэй байдал болон нийгмийн хариуцлага, компанийн оролцогч талуудтай харилцах харилцаа зэргийг багтаасан байна. Засаглалын үнэлгээ нь:
Баримт бичгийн шалгалт;
Хэрэгжилтийг шалгах;
Үнэлгээ ба тайлагнал гэсэн 3 үе шаттай хийгдэнэ.
Үнэлгээг дараах таван түвшингээр үнэлнэ. Үүнд:
“4” оноо буюу бүрэн хэрэгжүүлдэг;
“3” оноо буюу хэрэгжүүлдэг;
“2” оноо буюу хагас хэрэгжүүлдэг;
“1” оноо буюу зарим хэсгийг хэрэгжүүлдэг;
“0” оноо буюу хэрэгжүүлдэггүй гэсэн тоон үзүүлэлтийн таван түвшнээр дүгнэх ажээ.
“Компанид засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох журам”-д зааснаар хувьцаат компаниуд нь засаглалын үнэлгээний тайланг жилийн үйл ажиллагааны тайландаа тусгаж байх бөгөөд Хөрөнгийн биржийн цахим хуудас болон СЗХ, Зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд хүргэнэ гэж тусгасан. Харин Хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэлийн ангилалд өөрчлөлт оруулахаар засаглалын үнэлгээ хийгдсэн бол Зөвлөл нь уг үнэлгээний тайланг Хөрөнгийн биржид хүргүүлнэ гэж заажээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 444 тоот тогтоолоор Компанийн засаглалын үндэсний зөвлөлийг цаашид санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, компанид засаглалын үнэлгээ хийж олон нийтэд мэдээлэх, компанийн ил тод байдлыг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр мэргэжлийн институтын түвшинд хариуцаж ажиллахыг даалгасан байна.
Батлагдсан журамтай танилцах холбоос: http://frc.mn/legal/detail?id=4869
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.