antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2012 Comments are off

Шатахууны үнэ ба улстөржилт

нийтлэсэн Admin

Шатахууны үнийн өсөлт улс төрийн хүрээнд томоохон маргаан дэгдээж байна. Салж байгаа хоёр нам бие бие рүүгээ бурууг чихсээр. Монгол ардын намынхан АН-ын Б.Ариунсан сайд Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг огоорч, үнэ нэмэх зөвшөөрлийг дур мэдэн гаргалаа гэж ярьсан бол зөрүүлээд МАН-ын хариуцлагагүй албан тушаалтнууд Л.Пүрэвдорж, Д.Амарсайхан тэргүүтэн ажлаа хийж чадаагүйгээс үнэ нэмэгдлээ гэж байна.

Улстөрчдийн хэлээд байгаа шиг эхнээсээ л бие биенээ чадахын тулд шатахууны үнээр тоглодог албан тушаалтан гэж арай ч баймгүй байлтай. Байнга л тохиолдож байдаг шатахууны үнийн өсөлт энэ удаад нэлээд өндөр нэмэгдэж, энэ нь улс төрийн эгзэгтэй үед таарснаараа харин намуудын тоглоом болж байх шиг.

Харин шатахууны үнэ яагаад нэмэгдэв? Б.Ариунсан сайдын хэлсэнчлэн ам.долларын чангаралтаас болов уу? Эсвэл Монголбанкны удирдлагуудын хэлж байгаачлан ам.доллар үүнд буруугүй юу? Шатахууны үнийн өсөлт ам.долларын чангаралтаас болсон хэмээх Б.Ариунсан сайдын мэдэгдлийн эсрэг Монголбанк валютын ханшаас болоогүй гэж мэдэгдэв. Бие биенээ буруутгасан дээрх хоёр байгууллагын мэдэгдлийг хэвлэлийнхэн өлгөж аваад  өөр өөрийнхөөрөө буруутанг “хайн олж” дайрч эхэллээ. Яван явсаар нөгөө л “хойд талын хар овоохой” гэдэг шиг импортлогч компаниуд, Газрын тосны газар буруутнаар цоллогдох янзтай.

Яагаад ам.доллараас болсон гэж?
Юуны түрүүнд манайд шатахууны дотоодын жижиглэнгийн үнэ нь дэлхийн зах зээлийн үнэ, ялангуяа ОХУ-ын дотоод нөхцөл байдал, татвар зэргээс хамаардаг хилийн үнэ болон дотоодын валютын ханшаас голлон хамаардаг. Түүх сөхвөл 2008-2009 оны зааг дээр мөн л нэг ийм дүр зураг бий болж байсан. 2008 оны сүүлээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ цойлж, тэр нь дам дамаа манай шатахууны үнийг 2000 төгрөг хүргээд авсан. Нефтийн үнэ буурч, ОХУ-ын хилийн үнэ хямдарсан ч дотоодын шатахууны үнийг ам.долларын чангаралт өлгөн авч нэлээд хугацаанд буулгахгүй барьсан билээ. 4 жилийн дараа энэ байдал дахин давтагдаж байна. Гэхдээ сонгуулийн дараа биш өмнө гэдгээрээ онцлог. Анхаарлын төвд орж байгаа нь ч илүү хүчтэй байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоёр жилийн өмнө ам.долларын ханш өнөөдрийнхтэй адил түвшинд байхад, мөн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ энэ хоёр жилд 15 орчим хувиар өссөн байхад Монголд шатахууны үнэ 60-70 хувиар өслөө хэмээн импортлогчдыг буруутгаж байна. Гол мессежийг нь Монголбанкнаас өгч орхисон. Гэтэл үнэхээр тийм үү гэдэг дээр тодорхой баримттай, үнэнд нийцсэн тайлбар огт гарахгүй байна.

Энэ удаагийн өсөлтийг цэвэр дотоод хүчин зүйлээс буюу валютын ханшаас ихээхэн хамаарсан гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь өнгөрсөн гурван сарын хугацаанд нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ маш тогтвортой байсан бол энэ хугацаанд ам.долларын ханш 100 гаруй төгрөгөөр чангарчээ. Хоёр жилийн өмнө ам.доллар 1450 төгрөг байхад шатахууны үнэ 1200 орчим төгрөг байсан нь үнэн ч өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ 2 жилийн өмнөхөөс бараг 500-700 ам.доллараар буюу 70-90 хувь хүртэл нэмэгдсэн байгааг графикаас харж болно.

 

Өөрөөр хэлбэл өнөөдөр ОХУ-аас импортолж байгаа шатахууны үнэ хоёр жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. ОХУ-аас авч байгаа хилийн үнэ дэлхийн зах зээлийн үнэ гэхээсээ илүүтэй ОХУ-ын дотоод байдлаас шууд хамаардаг гэдгийг санах хэрэгтэй. Харин ч хоёр жилийн өмнө нефтийн бүтээгдэхүүнээс бүх татварыг авдаг байсан бол өнөөдөр НӨАТ-аас бусдыг нь тэглэсний хүчинд жижиглэнгийн үнэ хоёр дахин өсөөгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

Ч.Улаан гишүүний адармаатай мэдэгдэл
Энэ удаагийн шатахууны өсөлт улс төрийн намууд ямар шуурхай ажиллаж, сонгуульд хэр их ач холбогдол өгч байгаа харууллаа. Засгийн газар ямар ч мэдээлэл хийгээгүй, энэ талаар юү ч хэлээгүй байхад АН ажлын эхний өдрийн өглөө л албаны хүмүүсийг хэдхэн минутад байцаан, үнийн өсөлтийн гол буруутнаар Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарыг “тогтоочихов”. МАН ч дутсангүй. Ажлын хэсэг томилж, Монголбанкийг “хэргийн эзэн”-ээр нэн даруй тодруулах нь тэр. Монголбанкинд орой нь шалгалт хийгээд ганцхан өдрийн дотор буруутанг олж, Ерөнхий сайд нь Засгийн газрын нэрийн өмнөөс намынхаа хүмүүсийн мэдээллийг үндэслэн сүржин хэрнээ даржин мэдэгдэл хийв.

МАН-ын Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан гишүүн импортлогч компаниудын үнэ нэмэх тооцоо нь нотлогдохгүй байгаа. Мөн шатахууны үнийг даган гурил, зарим тээврийн үнэ хөөрөгдлөө хэмээн мэдээлэл хийсэн. Хэрэв Ч.Улаан гишүүний хэлсэнчлэн импортлогч компаниудын үнээ нэмсэн үндсэн тооцоо нь нотлогдохгүй, хөөрөгдөл байсан бол энэ жинхэнэ асуудал болж хувирна.

Үнэхээр тийм бол импортлогч компаниуд өнгөрсөн бүх хугацаанд үндэслэлгүй, буруу тооцоогоор үнэ нэмж, хасч ирсэн байх магадлалтай гэсэн үг. Нэг удаа долларын ханшийн өсөлтийг далимдуулсан ашиг хонжоо хайн үнэ нэмж болсон юм чинь өмнө нь тэгж байгаагүй гэж хэн хэлэх юм. Тийм болохоор гишүүний энэ мэдэгдэлтэй холбогдуулан компаниудыг байгуулагдсан цагаас нь эхлээд бүх санхүүгийн тайланг шалгах хэрэгтэй болох биз. Өнөөдөр компаниуд л үнэ нэмэхгүй бол болохгүй нь гэдгээ хэлж, нэмэх үедээ нэмсээр ирсэн шүү дээ.

Нөгөөтэйгүүр, гарын 10 хуруунд багтах импортлогч компаниудын ашгийг Засгийн газар, Ерөнхий сайд нь мэдэхгүй байна гэвэл итгэх хүн олдох болов уу. Ерөнхий сайд намынх нь бүлгээс томилсон гишүүдийн мэдээлэлд үндэслэн компаниудын эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцож болно гэж хэлсэн нь бас л анхаарал татаж байгаа юм. Хэрэв холбогдох газрууд нь шалгаад компаниуд үндэслэлтэй үнэ нэмжээ гэвэл Ерөнхий сайд тун ч эвгүй байдалд орох нь дамжиггүй.

Гэтэл Ерөнхий сайд өөрөө хэлсэн болохоор компаниуд тооцоогүйгээр үнээ нэмсэн байх магадлал өндөр. Тэгсэн бол компаниудад төр төмөр нударгаа үзүүлэх ёстой болж таарна. Эсрэгээр, компаниуд үндэслэлтэй нэмсэн бол харин Ерөнхий сайд худлаа ярьж, олон нийтэд таалагдах, өөрсдийнхөө хариуцлагагүй байдлыг нуухын тулд компаниуд руу бурууг чихсэн болж таарна. Энд НИК компанийн Гүйцэтгэх захирал М.Халиунбатын хэвлэлд өгсөн “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид гурван хувийн алдагдалтай ажилласан” гэдэг үгийг давхар дайя.

Харин долларын ханшны өсөлтөд яалт ч үгүй Монголбанк буруутгагдаж байна. Тус банкийг олон жил толгойлсон УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголбанк валютын хангалттай нөөцтэй хэрнээ зараагүй, тодорхой хэмжээгээр интервенц хийж байсан ч үр дүнгүй болсон гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Ийм нөхцөл тус банкны Ерөнхийлөгчийн суудлыг ганхуулж эхэллээ. Гэхдээ зарим эдийн засагчдын зүгээс Монголбанкийг шууд буруутгаж бас болохгүй гэсэн санаа хэлж байгаа. Ганцхан сарын дотор валютын нөөцийнхөө 10 гаруй хувь буюу 290 сая доллараар интервенц хийсэн нь тийм ч бага тоо биш.

Зөвхөн долларын ханшийг 50 төгрөгөөр өсгөхгүйн тулд валютын нөөцөө баруун солгойгүй цацдаг Төв банк ч гэж байхгүй биз. Тэд ч энэ л зарчмаар ажилласан. Харин одоо бол нийгэм болоод улс төрийн томоохон дарамтад орсон тэд сүүлийн гурван  өдөр дараалан багагүй хэмжээний ам.долларыг зах зээл рүү гаргалаа. Валютын урсгал асар ихээр нэмэгдэж байгаа, гадаад худалдааны алдагдал буурах биш өсч байгаа нь Төв банкны зохицуулалтын хэм хэмжээг хүчгүйдүүлж байгаа бололтой.

Яаж зохицуулж болох вэ?
Энэ удаагийн үнийн өсөлтийг гэнэтийн байсан гэж хэлж болно. Урьд нь хилийн үнэ нэмэгдэх болгонд Засгийн газар ямар нэг байдлаар үнийн өсөлтийг барих, чаддаггүй юм аа гэхэд өсөлтийн хувийг бууруулж болдог байв. Харин энэ удаад Засгийн газар юу ч хийж чадсангүй. Үнэ нэмэгдсэний дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж буруутнуудыг тодруулсны дараа өчигдөр л Засгийн газар хуралдаж, арга хэмжээ авахаар болов. Эндээс харахад Засгийн газрыг бүр гариг андуурчихсан явж байна уу гэмээр.

Шатахууны өсөлтийн гол буруутан нь ам.долларын чангаралт байсан бол энэ тал дээр Засгийн газар анхаарал хандуулсан бол үнийг өсгөхгүй барих боломжтой байв. Монголбанкны мэдээлж байгаагаар ам.долларын энэхүү чангаралт түр зуурынх гэнэ. Өнгөрсөн оны 12 болон энэ оны нэгдүгээр сард ам.доллар чангарлаа ч 2, 3 дугаар саруудад буцаад сулрах магадлалтай болохоор Засгийн газраас импортлогч компаниудтай тохиролцож болох байсан. Ам.доллар өндөр үнэтэй байгаа саруудад компаниуд үнээ 260 төгрөгөөр биш 100, магадгүй 50 төгрөгөөр нэмэгдүүлж, үлдсэн хэмжээний алдагдлыг өөрсөд дээрээ үүрээд гарах бүрэн боломжтой. 2008-2009 оны зааг үеийн их өсөлтөөс хойш шатахууны үнэ багагүй хямдарсан бөгөөд энэ хугацаанд компаниудад хуримтлагдсан тодорхой хэмжээний ашиг бий. Тэр ашгаараа энэ удаагийн алдагдлыг хаах, эсвэл дараагийн саруудад валютын нийлүүлэлт нэмэгдэж, ханш нь суларсан үед шатахууны үнийг боломжит хямдрах үнээс нь тодорхой хувиар хасч ашгаа хаах боломж бүрэн нээлттэй. Өнгөрсөн хугацаанд ийм аргыг хэрэглэж байсан тохиолдол ч бий.

Хоёрдугаарт ЭБЭХ-ний Дэд сайд Б.Ариунсангийн хэлснээр компаниудын нэгдүгээр сарын татан авалтын төлбөрийг Монголбанкны ханшаар буюу зах зээлээс бага үнэтэй доллараар авч нийлүүлэх боломж нээлттэй байж. Харин ЭБЭХ-ний Дэд сайдын эрх мэдэл “жулдаж”, Монголбанк хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Магад Төв банкны хувьд ийм тусгай хүсэлтийг хүлээн авах үүрэг, дүрэм журам байдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ зах зээлийн ханшаас хямд үнээр Монголбанк зөвхөн нефть импортлогч компаниудад зориулан доллар гаргаж өгсөн бол арай бага үнээр нэмэгдэх боломж байсан. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар импортлогч компаниудын төлбөрийн валютыг Монголбанкны ханшаар бодож компаниудад олгохыг Төв банкны Ерөнхийлөгчид зөвлөсөн байх юм. Энэ хэтэрхий хожимдсон зөвлөгөө санагдана. Өнгөрсөн сард л энэ зөвлөгөөг өгсөн бол шатахууны үнэ өдийд 260 төгрөгөөр нэмэгдээ ч үү, үгүй ч үү.

С.Болд-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car