УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяаг чөлөөллөө. Тэрээр УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг УИХ хүлээж авсан юм. Мөн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг асуудлыг зөвшилцлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан элчин сайд нарыг томилох тухай саналыг танилцуулсан бол УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ танилцуулсан.

Энэ хүрээнд БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг,БНАСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаяр болон Бүгд найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалжав нарыг томилж байгаа юм. Мөн дээрх улсуудад сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эргүүлэн татах асуудлыг УИХ зөвшилцөж, дэмжлээ.

Дараа нь Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан.