-Архи, тамхи худалдаалдаг бүх газрууд, амралтын газар, баар, ресторан, зочид буудлуудад 1.5 сая төгрөгийн үнэтэй кассын машин “шахах”-аар болжээ-
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэл хотын татварын хувь хэмжээг нэг хувь байхаар өчигдөр баталсан. Тодруулбал, маргаашнаас эхлэн хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд хотын албан татварыг авч эхлэх юм.
Энэ асуудлаар НИТХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “НИТХ дахь манай намын бүлэг нийслэлийн татварын асуудалд завсарлага авч байсан. Учир нь ийм чухал асуудал хэлэлцэх гэж байхад хотын дарга Э.Бат-Үүл байгаагүй. Тэгвэл өчигдөр НИТХ-ын 29 дүгээр хуралдаан маш ширүүн уур амьсгалтай болсон. Эрх баригчид энэ асуудлыг олонхоор түрээ барьж батлаад зориудаар олон нийтэд архи, тамхинаас татвар авч байгаа тухай ойлголт өгөхийг хичээж байна. Гэтэл нийслэлийн иргэд баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд мөн татвар төлөх болчихоод байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт 30 хувь унасан байна. Энэ нь жирийн иргэн та бид өдөр цайны цагаараа хоол идсэнийхээ төлөө нэг хувийн татвар төлнө гэсэн үг. Анх энэ хуулийг хэлэлцэж байхад жилд нийслэлийн төсөвт 13-14 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж байсан. Гэхдээ гаднаас ирж байгаа жуулчид нийслэлд үйлчилгээ авсныхаа төлөө татвар төлснөөс бүрдэнэ гэсэн. Гэтэл манай улсад ирэх жуулчдын ихэнх нь онгон дагшин байгаль үзэхээр ирдэг учраас нийслэлд төдийлөн үйлчилгээ авдаггүй. Ингээд тооцоод үзэхээр дээрх мөнгөний нэг хувьд хүрэхтэй үгүйтэй байгаа юм. Тэгэхээр үндсэндээ дээрх 13 тэрбумыг нийслэлчүүд бид хоол идсэнийхээ төлөө, гэр бүлээрээ амарсныхаа төлөө татвар төлж бүрдүүлэх болчихоод байна. Бидний хувьд хямралтай үед тэг хувийн татвар санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, хямралтай үед иргэдээс шинэ төрлийн татвар авч болохгүй гэсэн ч эрх баригчид энэ хуулийг баталлаа” гэж мэдээлсэн юм.
Түүнчлэн мэдээллийн үеэр нийслэлд худалдаа эрхэлдэг байгууллагууд дээрх татварыг суутгахын тулд 1.5 сая төгрөгийн үнэтэй төхөөрөмж байршуулах шаардлагатай байгааг ч хэллээ. Харин энэ төхөөрөмжийг тавих иргэд хэр байгааг ч мөн тооцож үзэх ёстойг сануулсан бөгөөд эхнээсээ худалдаа эрхлэгчид дээрх төхөөрөмжийг лизингээр авч болох эсэхийг хотын даргаас тодруулж өгөхийг хүсч байгаа тухай ч мөн онцоллоо.
Холбоотой мэдээ
Comments are closed.