Энэ өдрийн хоёрдахь тоглолт үзэгчдийг уулга алдуулсан үйл явдлаар дүүрэн байлаа. З.Баясгалан эзэнтэй Альянс Тех Харцагын хувьд өмнөх тоглолтонд Смартыг 40 онооны зөрүүгээр хожиж, багаараа лигийн холын зайн шидэлтийн амжилтыг давтаж, Стив Пледчер лигийн холын зайн шидэлтийн рекордыг эвдсэн гээд сэтгэл зүй өндөртэй, дуулиан шуугиан дүүрэн тоглолтыг эхлүүлсэн юм. Тэдний өрсөлдөгч Д.Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн Төв Ургац багийн хувьд легионер тоглогчдоо сольсноос хойш чимээгүйхэн 5 дараалласан хожлыг байгуулаад байсан ба өнгөрсөн улирлын Аварга багийн эсрэг хожлоо бататгах ёстой байлаа. Өнгөрсөн жилийн плэйоффын эхний шатанд Харцагуудад 4:0 хожигдсон Төв Ургацынхан 5 дараалалж хожсон баг биш хожлоор цангасан баг шиг л талбайн бүх хэсэгт эрч хүчтэй тоглолоо. Төв Ургацынханыг мэдээж тоглолт бүрт трибль даблийг дундчилах шахуу тоглолтыг үзүүлж байгаа Крис Жонс удирдаж байлаа. Крис Жонс талбай дээр хийж болох бүх л зүйлийг хийж байлаа. Оноо авах хэрэгтэй бол оноо авч, хамгаалах хэрэгтэй бол хамгаалж, 24 секунд дуусч байхад баззер шот хийж, багийнхаа дамжуулалтаар хангаж “Ид шидтэн” шиг л байлаа. Крис Жонс 38 оноо, 10 самбар, 10 дамжуулалт, 6 бөмбөг таслалт!!! Дэлгэрням 23 оноо 12 самбар, Онвукамуче 19 оноо 11 самбар, Ганболд 11 оноо 6 самбар гэсэн үзүүлэлтийг үзүүллээ. Үүн дээр Онвукамучегийн будагтай талбайд нэг гишгээд маш холоос хийсэн данк үзэгчдийг цөсийг хөөргөсөн аймшигтай данк байлаа. Харцагууд эхнээсээ 10 онооны зөрүүтэй өрнөсөн тоглолтыг 3-р үеийн төгсгөлд 5 болгон ойртуулж чадсан ч нөгөө л Крис Жонес бөмбөг таслалт хийн буцаад 77:66 буюу 11 оноо болсон. Шийдвэрлэх үед оноог ойртуулахыг хичээсэн ч Төв Ургацынхныг зогсоож чадсангүй ялагдал хүлээлээ. Крис Жонсыг Стив Пледжер, Карл Блэйр, Э. Дөлгөөн, Цэнгүүнбаяр, Золзаяа нар ээлжлэн хамгаалсан ч зогсоож чадсангүй. Харцагуудаас Стив Пледжер 19 оноо, Карл Блэйр 21 оноо, Акол 17 оноо 14 самбар, Болортулга 10 оноо 8 самбар авсан ч хожил байгуулахад хангалтгүй байлаа. Төв Ургац баг 7 хожил 3 хожигдолтой лигийн амжилтын хүснэгтийн 2т эрэмблэгдэх болсон бол Альянс Тех Харцагууд 3 хожил 6 хожигдолтой 7-р байрт бичигдэж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.