Засгийн газрын энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Улаанбаатар хот болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ талаар БХБЯ-ны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн О.Энхтуяатай ярилцлаа.
-Төрийн түрээсийн орон сууцанд иргэд хэзээнээс хамрагдах вэ. Ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдэд хүрсэн бодлогыг анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, манай улсад 1990 оноос хойш хотжилт эрчимтэй явагдаж, иргэд хот, суурин газарт шилжин суурьших болсонтой холбоотойгоор төлөвлөлт, зохицуулалтгүйгээр гэр хороолол ихээхэн нэмэгдэж агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээг даваад байна.
Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулснаар дээрх асуудлыг зохих хэмжээнд бууруулахаас гадна тэдний орон сууцны нөхцөлийг сайжруулахад маш чухал нөлөөтэй. Орон сууцны нөхцөл сайжирснаар иргэдийн ажиллах, сурч, боловсрох нөхцөл сайжирна. Хөтөлбөрийн зорилго нь орон сууц шууд худалдан авах боломжгүй, урьдчилгаа төлбөр хуримтлуулж амжаагүй, банкны зээлийн шаардлага хангадаггүй ахмад настан, өрх толгойлсон эмэгтэй, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхэлж буй залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүхий гэр бүл зэрэг зорилтот бүлгийг түрээсийн орон сууцанд хамруулах юм. Тийм болохоор энэ чиглэлийн хүмүүсийг хамруулна. Гэхдээ ерөнхий шаардлагыг журамд тусгаж байна. Жишээлбэл, ашиглалтын болон түрээсийн төлбөрөө төлөх чадвартай, инженерийн хангамжтай өөрийн орон сууцгүй байх, тухайн орон нутагтаа таваас дээш жил амьдарсан байх гэх мэт. Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай комисс байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдлийг хянан судалж, шаардлага хангасан иргэдийг түрээсийн орон сууцанд дарааллын дагуу үе шаттайгаар хамруулах асуудлыг төсөлд тусгаж байна. Манай яамнаас одоо хөтөлбөрийн хүрээнд бий болсон түрээсийн сууцанд иргэдийг хэрхэн хамруулах, ямар нөхцөл шаардлагыг хангасан байх, түрээсийн орон сууцтай холбоотой харилцаанд оролцогч талуудын эрх үүргийг тодорхойлох зэрэг асуудлаар журмын төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авах төвшинд ажиллаж байна.
-Түрээсийн байранд яаж хамрагдах талаар иргэд их асууж байна. Журмын төслийг хэзээ боловсруулж дуусах вэ?
-Энэхүү журмыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан батлуулж, мөрдүүлэхээр ажиллаж байна. Журмыг баталсны дараа дээр хэлсэн өмчийн гурван төрлийн орон сууцны сан бүрдэх, орон сууцанд иргэдийг хамруулах асуудал тодорхой болно.
-Энэ онд хэчнээн түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах гэж байна вэ?
-Засгийн газрын 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг 2015-2021 оны хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн, хувийн хэвшлийн 20 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөсөн. Үүний 16 мянгыг нийслэлд, 4000-ыг орон нутагт ашиглалтад оруулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд, тус яамнаас төрийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх асуудлаар санал боловсруулж Засгийн газрын энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хуралдаанаар Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Улаанбаатар хот болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Эдгээр орон сууцны 350 нь нийслэлд, 579 нь Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймагт бий. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт барисан орон сууц багтаж байгаа. Ямар ч байсан энэ онд төрийн өмчийн түрээсийн 929 орон сууцанд иргэдийг хамруулна. Миний яриад байгаа журмыг баталснаар орон нутгийн болон хувийн хэвшлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх боломж бүрдэнэ.
-Түрээсийн орон сууц хэдэн төгрөгийн төлбөртэй байх вэ. Тухайн үнэ өрөөний тооноос эсвэл ам метрээс хамаарах уу?
-Орон сууцны нэг сарын түрээсийн хөтөлбөрийг жил бүр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд тулгуурлан өрхийн дундаж орлогын 25 хувиас хэтрүүлэхгүй байхаар хот, хөдөөд ялгавартай тогтоож мөрдүүлэхээр заасан. Үүний дагуу тодорхой хэмжээний үнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тодруулбал, орон сууцны талбайн хэмжээнээс хамааруулан нийслэлд 200-280 мянга, /ам метр нь 6500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /ам метр нь 4500 төгрөг/ байхаар санал оруулсан. Гэхдээ энэ үнэ жил бүр өөрчлөгдөнө. Яагаад гэвэл, Үндэсний статистикийн хорооноос гаргадаг өрхийн дундаж орлого жил бүр өөр гардаг.
-Хэдэн жил төрийн түрээсийн орон сууцанд амьдрах боломжтой вэ?
-Амьдрах хугацааг түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
-Тухайн иргэн түрээсийн орон сууцанд амьдарч байгаад цаашид худалдаж авч болох уу?
-Худалдаж авахыг хөтөлбөрт хориглосон. Түрээсийн орон сууцыг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх, өв залгамжлуулах, дамжуулан түрээслэх болон өөр ямар нэгэн хэлбэрээр бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглосон. Түрээсийн сууц нь тухайн иргэнийг хуримтлалтай болж, өөрийн орон сууцтай болох хүртлээ амьдрах түр байр гэж ойлгох хэрэгтэй.
-Түрээсийн орон сууцны ам метрын доод, дээд хэмжээ хэд байх вэ?
-Төрийн болон орон нутгийн өмчийн нэг айлын түрээсийн сууц нь норм, дүрмийн шаардлагыг хангасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн, инженерийн иж бүрэн хангамжтай байх ёстой. Мөн зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө нь нийлээд 30-50 ам метр хүртэлх талбайтай байна гэж заасан. Хувийн хэвшлийн нэг айлын түрээсийн орон сууцны хувьд талбайн дээд хязгаарыг тогтоохгүй. Харин доод хэмжээ нь 30 ам метрээс багагүй байхаар хөтөлбөрт тусгасан.
С.ЮМСҮРЭН
Холбоотой мэдээ
Comments are closed.