antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

Д.Ганхуяг: Эдийн засгийн алуурчдад цөлмүүлсэн Африкчуудын гэрээний загварыг зарим нь магтаад байх юм

нийтлэсэн Admin

Оюу толгойн луйврын гэрээний талаар УИХ-ын зарим гишүүн үгээ хэлсээр байна. Харин уг гэрээ хэдийд, хэрхэн засагдах нь тодорхой бус хэвээр байгаа юм. Манай сонин уламжлалт буландаа энэ удаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг урилаа. Тэрбээр Оюутолгойн гэрээг энэ маягаар байгуулж болохгүй гэж анхнаас нь эсрэг байр суурьтай байсан УИХ-ын долоон гишүүний нэг юм. -Оюу толгойн төсөл гэдэг бие даасан баримт бичиг байх шаардлагагүй гэж УИХ, Засгийн газраас тухайн үед үзэж байсан юм уу. Мөн энэ гэрээг байгуулалгүй их удсан, арав гаруй жил болсон гэж ярьдаг? -Би хойноос нь хариулья. Хоёр, гурван парламент дамжсан, арав гаруй жил болсон гэж ярьдаг нь зүгээр л тархи угаалт. Яагаад санаатайгаар ингэж худлаа яриад байгаа цаад шалтгааныг нь олж тогтоодог газар ер нь манайд байдаг болов уу. Хөрөнгө оруулагчаас гэрээний төсөл нь УИХ-д 2007 оны долдугаар сард, наадмын өмнөх өдөр орж ирсэн юм. Тэгээд 2009 оны найман сард гэрээнд гарын үсэг зурж, 2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас хүчинтэй болж, мөрдөгдсөн. Хэлэлцүүлгийн үеэр Хөрөнгө оруулалтын гэрээ гэж байх шаардлагагүй. Шалтгаан нь дотоодын аж ахуйн нэгжүүд орд ашиглахад хөрөнгө оруулалтын буюу татварын орчныг тогтворжуулах, эсвэл хөнгөлөх зэргээр давуу нөхцөл олгодоггүй. Гэтэл гадныханд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрээр хөнгөлөлттэй нөхцөл олгоод байна гэсэн яриа гарч л байсан. Гэвч Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордуудыг ашиглахад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэсэн заалттай, үүнийг өөрчлөх хууль батлагдаагүй учир уг заалтынхаа дагуу шийдвэрлэсэн нь тэр. -Оюу толгойн төслийн баримт бичгийг орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлээр нь бүрэн тодорхойлох аргагүй байгаа учраас дээрх асуултыг хөндөж байна л даа. Олон улсын хөрөнгө оруулалттай томоохон бизнесийн төсөл нь зөвхөн техник эдийн засгийнхаа үндэслэлээр тодорхойлогддог жишиг ер нь байдаг юм уу? -Манай хуульд хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хавсаргана гэсэн заалттай. Олон улсын практикт ийм хэмжээний ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл хийж хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад дунджаар 8 жил зарцуулсан байдаг. Гол нь нөөцөө хангалттай тогтооход хугацаа шаардагддаг. Энэ нь тодорхой түвшний нөөц тогтоогдсоноор хөрөнгө оруулагч болон баялгийн эзэн, улс хоёрын хооронд ашгийг хэрхэн хуваарилах талаар хэлэлцээр хийж тохирох нь чухал байдагтай холбоотой. -Тэгээд ч Оюу толгойн гэрээ нь анх техник эдийн засгийн үндэслэлгүйгээр хийгдсэн биз дээ. Мөн нөөц, гүний ус ашиглах зэрэг нь одоо ч бүрэн шийдэгдээгүй байна. Алт, зэсийн нөөцийг хэд дахин багасгаж мэдээлж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ? -Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх үед Рио Тинтогийн хийсэн эдийн засгийн тооцоог бидэнд ирүүлсэн. Монголын тал өөрийн гэсэн тооцоо байгаагүй. Техник, эдийн засгийн үндэслэл нь гэрээ байгуулагдсанаас хойш батлагдсан. Гэрээг үзэглэж байх үед нөөц нь Эрдэс баялгийн зөвлөлөөр батлагдаагүй байсан. Түүнээс хойш хагас дутуу батлагдсан юм билээ. Хагас дутуу гэдгийн шалтгаан нь нийт нөөцийн 60 орчим хувийг л ашиглах нөөцөд тооцсон гэсэн үг. Энэхүү үлдээсэн нөөцийн ихэнх нь 0.84 хувийн агууламжтай зэсийн хүдэр гэж тайлбарласан байдаг. Зэсийн агууламжийн хувь нь Эрдэнэтийг эхэлж ашиглаж байх үеийн агууламжтай ойролцоо. Оюу толгойн ордод зэс, алт, мөнгө бий л дээ. Алтны нөөцийг ч мөн 60 гаруй хувиар тооцсон байгаа. Ийм сайн агууламжтай нөөцийг ашиглах нөөц, түүнчлэн эдийн засгийн тооцоонд оруулаагүйд нь хоёр шалтгаан байгаа байх. Нэгд, хөрөнгө оруулагч тал Эрдэнэтийн технологийн түвшнээс доогуур технологитой байж болох талтай, нөгөөдөх нь нөөцийг багасгаж тооцсоноор энэ төслийн ашиг багаар харагдах нь ойлгомжтой. Тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд нөөцийн хэмжээ 30 орчим хувиар нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий. Энэ талаар салбарын яам нь ямар ажил хийх гэж байгаа нь тодорхой бус байсаар байна. Оюутолгойн ордыг ломбарданд тавьсан гэрээгээ магтаад л байгаа болохоос биш дорвитой хийж байгаа ажил харагдахгүй байна. Гэрээний загвар нь Африкийн орнуудын баялгийг үндэстэн дамжсан корпорациуд ашиглахдаа хэрэглэж байсан загвар юм гэсэн. Үүнийг салбарын сайд нь хэлж байна лээ. Нэгэн үе Африкийн зарим орнууд баялгаа хэрхэн эдийн засгийн алуурчдад цөлмүүлснийг ихэнх хүмүүс мэднэ. Гэтэл тийм загвараар байгуулсан гэрээгээ манай зарим улс төрчид магтаад байдаг. Үүнийг юу гэж үзэх вэ. Гадныхны гар хөл бологсод гэж хэлэхэд дэгсдэхгүй байж магадгүй. Гүний усны тухайд бол судалгаа хийгдэж байгаа гэж ойлгож байна. Лав л эрж хайсан гүний усаа ашиглах эрхийг УИХ-аар батлуулаад авсан. Гүний ус хангалттай олдсон гэх мэдээлэл гарч байгаа. Энэ нь сайн хэрэг. -Хөрөнгө оруулалтын гэрээний нэг гол үндэслэлийг “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто”-гийн хооронд 2006 оны аравд угаар сарын 18-ны өдөр байгуулсан хувьцаа борлуулах гэрээ” гэж үзжээ. Гадаадын энэ хоёр компанийн хоорондын хувьцаа борлуулах гэрээ нь тухайн үедээ нууц байсан юм уу. Үүнийг та олж харсан уу. Ямар үнэтэй, хэдэн ширхэг хувьцаа худалдсанаар тэд хөрөнгө оруулалтын гэрээний эх үндсийг анх тавьсан юм бэ? -Энд нууц зүйл байхгүй. Угаасаа ордын ашиглалтыг хийж чадах “Рио тинтод” Айвенхоу Майнз компани тодорхой хувиа зарах нь тодорхой байлаа. Анх гэрээ байгуулахаас өмнө 2007 онд 9.9 хувиа 330 орчим сая доллараар зарсан байсан. “Айвенхоу Майнз” компанийн үнэлгээний 80 орчим хувь нь манай Оюутолгойн баялагтай шууд холбоотой. Компанийнхаа хувьцааны 49.5 хувийг одоогийн байдлаар “Рио тинто”-д 3.6 тэрбум доллараар зарсан байгаа. Монголын Засгийн газартай хөрөнгө оруулагч гэрээ байгуулснаар, компанийн үнэлгээ, хувьцааны ханш өсч ийм ашиг олсон. Харин Оюу толгойн ордын эзэн Монголд энэ компанийн үнэлгээ, хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр өсөх, хувьцаагаа хоорондоо наймаалцах зэрэг нь ямар ч хамааралгүй байна. Гэтэл нэг сонин юм нь баялгийн эзэн Монгол улс хүүгий нь тооцолгүйгээр 1.8 орчим тэрбум долларын өртэйгөөр Оюу толгойн төслийг эхэлж байна. Энэ нь хайгуул хийсэн 1.0 тэрбум доллар, дээр нь 34 хувиа худалдаж авсан 800-900 сая доллар л доо. Бид тэр мөнгөний хүүг тооцвол төлж дуустлаа 3.6-4.0 тэрбум доллар болж өсөх байх. Энэ бол Монгол улсын нэг иргэнд 1400 орчим доллар ногдох хөрөнгө гэсэн үг. Ер нь Монголын баялгаар мөнгө босгож, хөрөнгө оруулалт хийж байхад тэр хөрөнгө оруулалтын 34 хувь дээр хүү нэмээд Монгол улс төлнө гэсэн гэрээ байгуулсан нь эрүүл хүний ухаанд оромгүй зүйл шүү дээ. Хөрөнгө оруулагч эрж олох эрсдэл хийж, хайгуул хийснийхээ хүчинд л Оюу толгойн төслийн ашгийн 50-иас илүү хувийг авахаар байгаа. Энийг бас л бодох ёстой. Ашиггүй гэрээ хийх өөр шалтгаан байхыг үгүйсгэхгүй -УИХ-ын 40 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтанд “Ордыг түшиглэн байгуулах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх…” гэжээ. Гэтэл Засгийн газар үүнийг биелүүлсэнгүй. Ийм тохиолдолд УИХ яах ёстой вэ? -Оюутолгойн гэрээтэй холбогдуулж 40 дүгээр тогтоол гэхээсээ илүү энэ тогтоолын дараа гарсан 57 дугаар тогтоолын “Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай”, “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэсэн хоёр заалтыг зайлшгүй биелүүлэх ёстой байсан. Уг нь хууль дээдэлдэг төр бол ийм гэрээ байгуулсан сайд, түүнчлэн Засгийн газрыг огцруулах ёстой. Тэгээд энэ гэрээг Монголд ашигтайгаар өөрчилж чадах, түүний төлөө зогсч чадах сайд, Засгийн газар томилогдох ёстой. Гэтэл 57 дугаар тогтоолыг баталсан УИХ-ын олонх нь энэ тогтоолыг хэрэгжүүлээгүй Засгийн газар, тэр сайдтай хариуцлага тооцохыг дэмжихгүй байгаа нь УИХ, Засгийн газрынхаа дор тодорхой бус шалтгаанаар орчихсоныг харуулж байна. Тэрхүү 34 хувийн хөрөнгө оруулалтыг худалдаж авах асуудал Ашигт малтмалын тухай хуулийн 5.5.-ын “Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн заалттай холбогддог бөгөөд, энэ заалтыг өөрчлөх хуулийн төслийг гэрээг үзэглэхээс өмнө өргөн бариад байсан юм. Гэтэл нэгд, Засгийн газар нь гадны хөрөнгө оруулагчийг үргээнэ гэх үндэслэлээр дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн. Хоёрт, УИХ дээр цөөхөн саналаар уначихсан. Шалтгаан нь архаг улстөрчид төр их хувь эзэмшихээр Эрдэнэт шиг шахааны газар болно гэж ярьсаар байгаад ийм үр дүнд хүрчээ. Энэ заалт уг нь ашиглалтын лиценз эзэмшигчийг орд эзэмшигчээр тодорхойлсон учир Үндсэн хуульд нийц муутай л даа. Нөгөө талаас ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээнээс хамаараад төрийн эзэмшлийн хэмжээ 60-аас дээш хувь ч байж болно. Гэхдээ уг заалт болон мөн хуулийн 5.4 дүгээр заалтыг хамтарсан Засгийн газар, салбарын сайд нь Монголын төр, ард түмэнд ашиггүй талаас нь ойлгож ярьсаар,хэрэгжүүлсээр байна. Эрдэнэтэд шахааны бизнес хийлгээд сууж байхад арга хэмжээ авч чаддаггүй төр нь арчаагүйх юм. Нөгөө талаас, ард түмэндээ хувьцаа эзэмшүүлж олон түмний хяналтыг оруулж болноо доо. Сонирхолтой байгаа биз. -Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтлана гэсэн атлаа манай УИХ, Засгийн газар яагаад ухарчихсан юм бэ. Гадаадын дээрх компаниуд бас л татгалзсан уу. Эсвэл өөр шалтгаан байсан юм уу? -Ийм заалтыг гэрээнд оруулаагүй. Ер нь ордын олборлолтыг хувийн хэвшлийн компани явуулж байгаа тохиолдолд зэс хайлуулах үйлдвэр барихгүй байх нь олборлогч компанидаа ашигтай байдаг тул бараг л барихгүй дээ. Зүгээр үндэсний эдийн засагт асар их нэмүү өртөг шингээх болон ажлын байрыг ихээр бий болгох зорилгоор төрийн зүгээс өөр компаниудаар зэс хайлуулах үйлдвэрийг бариулах нь зүйтэй. -Хөрөнгө оруулалтын гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар заасан нь Ардын намын сонгуулийн амлалттай шууд холбоотой байв уу. Мөн энэ төслийн нийт ашиг нь ямар хэмжээтэй байх вэ. Энэ төслийн ашгаас Монгол улс 53 хувь ч билүү, 59 хувийг нь авна, хангалттай юм биш үү гэж ярьдаг сайд нарын яриа зөв үү? -Урьдчилгаа биш ээ. Зээл авсан байхгүй юу. Хүүтэй буцааж төлөх юм чинь. Амлалттай холбоотой. Би тархи угаасан худлаа шоуны үеэс эхлээд энэ гэрээнд улам сэтгэл хангалуун бус болсон. Гэрээ байгуулах үеийн нөөцийг өнөөгийн ашигт малтмалын ханшаар тооцоход татвар төлөхийн өмнөх ашиг нь 150 орчим тэрбум доллар болно. Тэр 59 хувь гээд байгаа нь өнөөгийн үнэ цэнэ гээд 50 жилийн доторх зардлыг агшаасан, ач холбогдол маш багатай тооцоо. Нэрлэсэн үнээр, тодруулбал, нэг тонн зэсийг 4400 доллараар тооцсон тооцоо нь илүү барьцтай. Ийм үнээр тооцоход анхны хөрөнгө оруулалтын 5 тэрбум долларыг 4.7 жилд нөхөхөөр байгаа. Гэхдээ Монгол улсын хувьд уг төслөөс авах ашиг яагаад ч 53 хувь хүрэхгүй. Шалтгаан нь 34 хувиа худалдан авах мөнгөө хүүтэй нь тооцоонд оруулаагүй. Нөгөө талаас, зардлыг хянах ямар ч арга хэмжээ энэ гэрээнд байхгүй. Мөн хөрөнгө оруулагч компанийн ашгаасаа Канад улсдаа төлөх татварыг хассан. Түүнчлэн давхар татвараас чөлөөлөх гэрээгээр ногдол ашгаас авах татвар “0” болно. Өөр тооцоо ч байгаа. Тэгвэл хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтаа 15-20 дахин нугалж авна. Ийм л байна. -Ер нь энэ гэрээг бизнесийн гэрээгэхээсээ улс төрийн ашиг хожоо харсан гэрээ хэмээн дүгнэх хүн цөөнгүй бий. Та санал нийлэх үү? -Амлалт биелүүлэх талаас нь улс төрийн ач холбогдолтой гэж хэлж болох байх. Тэр амлалтын мөнгө нь үсрээд гурван тэрбум доллар. Тэгэхээр ийм ашиггүй гэрээ хийх өөр шалтгаан байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг хугацаа харуулна биз ээ. -Хөрөнгө оруулалтын гэрээний есдүгээр бүлэг буюу 9.10.3-т “Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад худалдах болон чөлөөтэй зарцуулах” гэж заажээ. Энэ нь манай мөнгө хилийн чанадад эргэлдэнэ гэсэн үг үү. Монголд ямар ашигтай вэ? -Энэ бол ихээхэн ээдрээтэй, аюултай заалт. Гэрээ байгуулсан Засгийн газар, сайд нараас тодруулах шаардлагатай. “Алтан Дорнод Монгол” компани шиг татвараа төлөхгүй бултчихвал яадаг билээ. Гашуун туршлага байсаар атал ингэж байдаг. -Хувь нийлүүлэгчдийн гэрээнд “Оюу толгой Нидерланд Би.Ви” гэдэг компани оролцсон байна. Үүнийг Айвенхоу майнз, Рио Тинто нь Нидерландын вант улсад бүртгэлтэй, тус улстай давхар татварын гэрээтэй ажиллаж байгаагаас үүдэлтэй компани гэж ойлгож болох уу? -Гэрээний төслийг хэлэлцэж байхад гишүүд татварын диваажин гэж яригддаг “offshore” бүсэд бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж болохгүй шүү гэж хэлж л байсан. Нөгөө талаас давхар татвараас чөлөөлөх гэрээ байгуулсан хоёр орны компаниуд аль бага татвартай оронд нь татвар төлөх боломж бүрддэг. Тэгээд сайд нь өнгөрсөн оны сүүлчээр хөрөнгө оруулагч компаниудын бүртгэлтэй, бүртгүүлж байгаа тэр оронтой гэрээгээ цуцалж болно гэж ярих болсон. Цуцлагдахгүй бол дахиад том асуудал үүсэх нь ойлгомжтой. Энэ бол үнэхээр дэндсэн асуудал -Ер нь Оюу толгойн гэрээг цаашдаа бүтээгдэхүүн хуваах гэрээ болгон өөрчилж болох уу? -Ийм боломж хомс байх. Ер нь ихэвчлэн нефть, байгалийн хий дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ хийдэг жишиг бий. Миний хувьд энэ гэрээг цуцлах шаардлагагүй гэж боддог. Харин заавал өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг. Гэрээг байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн учир өөрчлөх боломжтой. Хууран мэхэлсэн явдал ч гарсан байж магадгүй. Тэр нь 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, түүнээс гадна байнгын хорооны тогтоол ч гарсан. Мөн гэрээг 57 дугаар тогтоолын дагуу байгуулах эрхийг Засгийн газарт өгөхдөө УИХ-ын дарга ч 68 хувийн татвараа тэглэсэн тул зэсийн үнэ өссөн тохиолдолд үүнийг тодорхой түвшинд орлох нөөцийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх татварыг гэрээг хүчинтэй болохоос өмнө оруулж ирэхийг үүрэгдэж чуулганы протоколд тэмдэглүүлсэн байдаг юм. Гэтэл Засгийн газар энэ хугацаанд уг хуулийн төслийг оруулж ирээгүйгээр зогсохгүй гэрээг байгуулахдаа аливаа татварын өөрчлөлтийг тогтворжуулна гээд хаачихсан. Тэгээд бүүр дараа нь уг хууль батлагдаж, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр нь зөвхөн Эрдэнэтэд үйлчлэхээр болсон юм. Одоо зэсийн нөөцийн төлбөр 5 хувь байгаа бөгөөд нэг тонн зэсийн үнэ 5000 доллараас дээш гарсан тохиолдолд 10 хувьд хүргэх шаардлагатай. Бусад оронд ч адилхан. Энэ хоёр өөрчлөлтийг ордыг ашиглаж эхлэхээс өмнө гэрээнд оруулахгүй бол ямар ч утгагүй зүйл болно. Гэтэл саяхан Ерөнхий сайд нь 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гээд хөрөнгө оруулагчтай хамтарсан мэдэгдэл гаргаж, дэлхий даяар зарлачихлаа. Уг нь Ерөнхий сайд УИХ-ын өмнө хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хариуцах эрх, үүрэгтэй. Үндсэн хуульд ийм л заалттай. Тиймээс энэ бол үнэхээр дэндсэн асуудал. Ер нь Засгийн газар Оюутолгойн гэрээтэй холбогдуулж олон хуульд оруулах өөрчлөлтийг өргөн барьж батлуулсан бөгөөд тэр бүхэн нь хөрөнгө оруулагч талд ашигтай хуулиуд болж хувирч байсан. -Оюу толгойн одоогийн гэрээгээр бол манайх 31 дэх жилдээ хувь эзэмшлээ 50 хувьд хүргэхийн тулд ганцхан жилийн дотор бүх хувьцаа эзэмшигчдээс бичгээр зөвшөөрөл авна. Энэ нь хэр зэрэг бодитой зүйл вэ. Биелэх боломж бий юу? -Гэрээгээ мөрдвөөс энэ бол боломжтой. Харин 30 жилийн дараа гол үүц болсон хэсэг нь дууссан байхыг үгүйсгэхгүй. Бараг л тэгэх байх даа. -Оюу толгойн гэрээг ийм муу түвшинд хийхийн тулд Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтарсан Засгийн газрыг байгуулсан юм уу. Хоёр нам хамтрахгүй л бол Оюу толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй гэж С.Баяр дарга хэлээд байсан? -Энэ гэрээний үр дүн нь одоогийн байдлаар тэгж харагдаад байна. Эндээс миний хувьд олонх, цөөнхөөрөө байсан бол хамаагүй илүү, Монгол улсад ашигтай гэрээ байгуулагдах байсан гэж бодож байна. 2007 онд гэрээний төслийг АН цөөнх, МАХН олонх байхад хэлэлцэж байсан. Даанч сонгууль болох гэж байна гээд МАХН-ын олонхын бүлэг зүгээс Эдийн засгийн байнгын хорооны хурлаас завсарлага авсан. Уг нь төслийг тэр чигээр нь баталсан бол хамаагүй дээр байх байсан. Гэтэл 2009 онд гэрээний төсөл УИХ-д дахиж орж ирэхдээ бүүр муудаад ороод ирсэн. Түүнийг нь УИХ-ын гишүүд шаардан байж бага сага засуулсан боловч Засгийн газар хамгаалсаар байгаад ийм муу гэрээ болсон шүү дээ. Тодруулбал, анхны хөрөнгө оруулалт нь 2.7 тэрбум доллар байснаа, 5.0 тэрбум доллар болж нэмэгдээд орж ирсэн. Үүнд аудит хийлгэнэ гэж сайд нь ярьж байсан боловч одоо болтол таг чиг байна. Гэхдээ гэрээний төслийг хэлэлцэж байх үед болон гэрээг байгуулснаас хойшхи энэ хугацаанд УИХ-ын нэр бүхий гишүүдийн шахалтаар гэрээнүүдэд өөрчлөлт орж Монголын талын ашиг хоёр тэрбум орчим доллараар нэмэгдсэн. Энэ нь мэдээж зохих өөрчлөлт байлаа. Гэлээ гэхдээ гэрээнүүдэд өөрчлөлт оруулах л ёстой, үүнд би эргэлзэхгүй байна. Үүний төлөө тууштай тэмцэж ажиллах болно. Ингэх нь УИХ-ын гишүүний тангарагт яв цав нийцнэ. -Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Сонгууль ойртсон тул” гэсэн үндэслэлээр Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдчихлээ. Бүрэн эрхийн хугацаанд туулах замынхаа төгсгөл үед ирээд “өрх” тусгаарлах нь танай намд ямар ашигтай вэ? -Миний хувьд Оюутолгойн гэрээг муу хийсэн, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон Таван толгойн ордын өрөм болсон Ухаа худгийн ордыг хууль бусаар хувийн компанид тасдаад өгчихсөн тул Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явсан. Уг нь намын дарга хууль, дүрмийнхээ хүрээнд Гүйцэтгэх зөвлөл, улмаар ҮЗХ-ны хурлын олонхын шийдвэрээр хамтарсан Засгийн газарт орсон шигээ, гарах байсан болов уу. Дарга нар улс төр бол багийн тоглолт гэж ярьдаг. Гэтэл тэгсэнгүй. Сонгууль дөхсөн учир гэдэг үндэслэл сайн сонсогдохгүй байна. Хамтарсан Засгийн газарт байсан ч намууд үзэл баримтлалдаа суурилсан өөр өөр мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцож болдог юм билээ. Харин манай намаас Засгийн газарт ажилласан сайд Х.Баттулга ашигт малтмалыг боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор барих, дэлхийн зах зээлд ойрхон үнээр гаргахын тулд хоёр, гурав дахь худалдан авагчтай болох зорилгоор төмөр зам барих зэрэг олон бодлогыг УИХ-аар шийдүүлж, ажлаа эхэлсэн. С.Баярцогт сайд УИХ дээр нэлээд ажиллагаа шаардагдсан ч төсөв, санхүүгийн эрх зүйн орчноо сайн шинэчилсэн. Мөн Лу.Болд сайд сайн ажилласан зэрэг Хамтарсан Засгийн газрын сайн зүйлүүдийг дурдаж болно. Сонгуулийн хуулиа хугацаа алдсан ч дэвшилттэйгээр батлуулж чадлаа. Аливаа юм хоёр талтай байдаг. Би хувь хүнийхээ хувьд Оюутолгойн муу гэрээ, Таван толгойн асуудал, тодруулбал, хамтарсан Засгийн газарт байгалийн баялгийн хувиарлалтыг шударга явуулах боломжгүй боллоо гэсэн үндэслэлээр ҮЗХ-гоо хуралдуулаад гарах нь зөв байсан гэж бодож байна. Гэхдээ Засгийн газраас АН гарлаа гээд харамсаад байх юм алга. Намын даргын ийм шийдвэр улсын, намын, хувь хүний нам доторх байр сууриа хадгалах гэсэн зарчмын алинтай нь холбоотой байсан нь яваандаа тодорхой болно биз ээ. -Удахгүй болох Ардчилсан намын ҮЗХ-ны хуралд та ямар ач холбогдол өгч байна? -Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдрал, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд маш шудрага, бодит дүгнэлт өгсөн, намын үйл ажиллагаанд шинэчлэл дэвшил гарсан хурал болоосой гэж бодож байна. -Уучлаарай, үндсэн сэдвээсээ жаахан хазайчихлаа. Оюу толгойн орд дээр хайгуулын ажил нь бүрэн дуусаагүй байхад ашиглалтын лиценз олгосон байсан. Энэ нь хууль зөрчсөн хэрэг биш үү? -1997 оны хууль, одоогийн хуулиар энд айхтар том хаалт бол байхгүй. Гол нь Оросын өрийг тэглэхэд Айвенхоугоос зээл авсан гэж ярьдаг байх аа. Тэр өрийг тэглэсэн нь сайн ажил болсон. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хуультай юм чинь онцын шалтаг болсон нь юу л бол. Гэрээ байгуулж байх үедээ юу ч ярихгүй байсан байх аа. -Оюу толгойн цахилгаан станцын асуудлыг концессийн гэрээгээр шийдэх нь манайд аль зэрэг ашигтай вэ? -Бас л муулах болох нь. Гэрээнд энэ станцыг Монголын төр өөрөө, Оюутолгойн хөрөнгө оруулагчаар, Оюутолгойн хөрөнгө оруулагчаас бусад хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчаар, хамтарсан хэлбэрээр барих гэсэн хувилбарууд байсан санагдаж байна. Гэтэл дахиад л Оюутолгойн хөрөнгө оруулагчаар бариулах болсон байна. Тэр хавьд нэгэн вант улс бий болох бололтой. Мэдээж Монгол улс лав цахилгааны төлбөрөөс ашиг олохгүй байх. Мөн Таван толгойн эрчим хүчний нүүрсийг энэ станцад ашиглах нь ихээхэн зохистой байсан. Фрийдланд гуай тэр хавьд бас нүүрсний ордын лицензтэй гэж ярьдаг. Мөн станц барих зардал нь төрд орох ёстой, Оюутолгойн орлогоос хасагдана биз. Ингэж бодохоор дургүй хүрээд байна. Энэ бол одоогоор миний өнгөцхөн бодол учир яагаад ийм шийдвэр гаргасныг тодруулах шаардлагатай. -Хэрлэн-Говь, Орхон-Говь төслүүд зогсонги байдалд оржээ. Эдгээр төслөөр Оюу толгой, Таван толгой болон бусад том орд дээр усан хангамжийг сайжруулах боломжтой гэж судлаачид үздэг. Гэтэл улс төржүүлээд байх шиг санагдах юм. Та юу гэж бодож байна? -Ийм яриа байдаг. Маш сайн судалгаанд үндэслэсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл хэрэгтэй. Гэвч тэр материал нь бидэнд ирээгүй болохоор сайн мэдэхгүй байна.

Ярилцсан Б.Отгонбаяр Үндэсний мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car