
Испанид өнгөрөгч ням гарагт парламентын сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Улмаар өчигдөр гэхэд сонгуулийн санал хураалтын дүн гарч, эрх баригч нам олонхийн суудлаа алдлаа. Сонгуулийн хорооноос мэдээлснээр хэдийгээр Ерөнхий сайд Мариано Рахойгийн тэргүүлдэг эрх баригч Олон нийтийн нам энэ удаагийн сонгуульд улс төрийн намууд дундаа хамгийн олон суудлыг авсан хэдий ч, олонхи болж чадаагүй аж. Тиймээс дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжгүй болж, бусад намтай эвсэж, эвслийн Засгийн газар байгуулах шаардлагатай тулгарсан байна. Санал тооллогын ажиллагаа бараг дуусч байхад Олон нийтийн нам нийт 350 суудалтай парламентын доод танхимд 123 суудлыг авсан байсан бол Социалист нам 90, Подемос нам 69 суудлыг авч чаджээ.
Харин Либериал Иргэний нам 40 суудлыг авч, дөрөвдүгээрт бичигдэж байна. Сонгогчдын дунд бухимдал, үл итгэх байдал газар авсан энэ үед Либериал Иргэний нам, Подемос гэсэн хоёр нам анх удаагаа парламентын сонгуульд улс төрийн томоохон хүчнүүдтэй өрсөлдсөн нь энэ юм. Сонгуулийн дүнд тус хоёр нам чамлахааргүй амжилт гаргасныг энэ удаагийн дүн харуулж байна. Харин Олон нийтийн нам болон Социалист намын хувьд 30 гаруй жилийн турш Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ. Сонгуулийн дүн нэгэнт гарсаны дараа Подемос намын төлөөлөгч Иниго Эррижон мэдэгдэл хийж, энэ үеэр “Сонгуулийн санал хураалтын дүн Испанийн хоёр томоохон улс төрийн хүчний эрин үе дуусч буйг харууллаа” хэмээн мэдэгджээ. Эрх баригч намын хувьд энэ сонгуульд 176 суудлыг авч байж, дангаараа Засгийн газар байгуулах боломжтой болох байв. Тэд өмнө нь парламентад 186 суудлыг эзэмшдэг байсан юм.
Гэвч олонхийн суудал авч чадаагүй Олон нийтийн намын тэргүүн Ерөнхий сайд Мариано Рахой ч намын төв байрныхаа тагтан дээр гарч, дэмжигчиддээ баяр хүргэж талархал илэрхийлжээ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүний нам шийдвэрлэх ёстой олон амаргүй шийдвэрийг гаргасан ч итгэл хүлээлгэсэнд баярлалаа гэж хэлсэн аж. Улмаар сонгуулийн эцсийн дүнг танилцуулсаныхаа дараа “Би тогтвортой Засгийн газар байгуулахын тулд хичээх болно” гэж амласан байна. Сонгуулийн санал хураалтын дүнг хувьд шилжүүлбэл Олон нийтийн нам 28.7, Социалист нам 22, Подемос нам 20.6, Иргэний нам 13.9 хувийн саналыг тус тус авчээ. Сөрөг хүчний намууд ийнхүү хүч түрэн гарч ирсэн нь Испанийн улс төр дэх хоёр намын тогтолцоог халж чадсан гэж зарим ажиглагчид тэмдэглэж байгаа юм. Энэ удаагийн сонгуулийн ирцийн хувьд өнгөрсөн 2011 оны сонгуулиас бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй буюу 73 хувьтай байсан аж. Гэхдээ эвслийн Засгийн газар байгуулагдах хүртэл нэлээд хугацаа зарцуулагдах төлөвтэй болж ирснийг ажиглагчид онцолж байна. Ялангуяа Ерөнхий сайд Мариана Рахой эвслийн Засгийн газар байгуулахдаа томоохон бэрхшээлтэй нүүр тулж магадгүй байгаа юм байна. Учир нь Олон нийтийн нам Засгийн газар бүрдүүлэхийн тулд 176 суудлыг нэгтгэх ёстой.
Ингэхийн тулд хамгийн ойрын холбоотон болох Иргэний намтай эвсэх сонирхол тус намд байгаа хэдий ч, одоогийн байдалд боломжгүй. Олон нийтийн намд багадаа 176 суудал хэрэгтэй ч, Иргэний намтай эвслээ ч гэсэн суудлын тоо хүрэхгүй. Нөгөө талаар Социалистууд Подемос болон Иргэний намтай эвсэж Засгийн газар байгууламж боломж мөн бий. Сонгуулийн дүнд Испанийн эдийн засаг, авлигын дуулиан, Каталоны санал тусгаарлах асуудлууд нөлөөлсөн гэж харах нэгэн ч байна. Ямартай ч, сүүлийн жилүүдэд тус улсад ажилгүйдлийн төвшин 21 хувьд хүрч, Европын улсууд дундаа Грекийн дараа бичигдэж байгаа юм. Гэхдээ 2013 онд ажилгүйдлийн төвшин 27 хувьтай байсан бөгөөд мөн онтой харьцуулахад ялимгүй буурсан үзүүлэлт ажиглагдаж буй. Үүнээс гадна Олон нийтийн нам авлигын дуулианд нэр холбогдсоноор нэр хүнд нь унаад байгаа ажээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.