Гацууртын ордод зөвхөн орон нутгийнхан ирээд зогсохгүй Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Төв зэрэг зэргэлдээ аймгуудаас болон бусад аймгаас ч ирж буйг орон нутгийнхан хэлж байна. Нутаг нутгаас ирсэн иргэд наад зах нь архидан согтуурахаас эхлээд хоорондоо муудалцаж, алт ухах газар булаацалдан хүйтэн мэсээр нэгэндээ халдахдаа тулж байгаа аж. Cap гаруйн өмнө 28 настай Б алт олборлож байсан нүхээ булаалцалдан 50 настай хөгшнийг хутгалж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Мөн хоёр хүн шороонд дарагдаж хорвоог орхисон нь саяхны явдал.
Ажил амьдралаа дээшлүүлж, орлогтой болохоор очсон хүмүүсээс бусдад хорлогдож, зарим нь шоронгийн хаалга татах болж байна. Уг нь орон нутгийн зүгээс 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө гарган харуул хамгаалалт тавьж байгаа ч дийлдэхгүйд хүрснийг зөвхөн цагдаа нар ч биш сумын удирдлагууд хэлж байна. Удалгүй онц байдал зарлахад ч хүрч мэдэхээр болжээ.
Харин нөгөө талд сум орон нутгийн уугуул иргэдийн хувьд ч байдал сайнгүй байна. Алтны төлөө хаа холоос ирсэн нинжа нарын хөлд нутгийнхан өртөж мэдэхээр байна. Бас дээрээс нь Ноён уулын орчмын байгаль орчин, түүх соёлын дурсгал тэдний хөлд устаж үгүй болох вий гэсэн болгоомжлол нутгийнханд байна. Учир нь тэнд олон зуун хүн байгаа учраас нутгийнхан хяналтаасаа алдаж эхэлж байна. Дахиад хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга. Төр засгийн ямар ч бодлого хэрэгжихгүй байгаа, хэрэгжүүлэх шийдвэр ч гараагүй байгаа нь олон хүний гайхширлыг төрүүлсээр байна. Гацууртын ордыг хэрхэх тухай асуудлыг яаралтай шийдэж өгөхийг төр засгаас нутгийн иргэд төдийгүй олон нийт хүсч байна.
Б.Заяа
2 Comments