М.ГАНЦЭЦЭГ
Олон мянган монгол иргэн ажиллаж, амьдардаг Солонгосын Ерөнхий сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монголчууд Солонгост очих бүртээ, мөн тус улсын төлөөллийг манайд ирэх бүрт визний нөхцөлөө хөнгөвчлөхийг хүсдэг. Яагаад гэвэл Солонгос руу зорих манайхны урсгал тасраагүй байгаа. Хэдэн жилээр явж ажил хийх гэж гардаг байсан бол одоо гурван сарын аяллын визээр очиж ажилладаг болсон. Мөн монголчууд эмчилгээ ч их хийлгэдэг болжээ. Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхий сайд Хван Гё Аны айлчлалын үеэр ч олон жил ярьсан визний талаар хөндөв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг монгол иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг судалж үзэхийг хүсчээ. Харин Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад оршин сууж буй болон зорчиж буй солонгос иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэнэ. Ерөнхий сайд нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийх үеэр энэ тухай ярилцсан байна.
Мөн хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын салбар, хөгжлийн хамтын ажиллагаа болон олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд бүхий л салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг санал нэгтэй тэмдэглэлээ.
БНСУ-ын Ерөнхий сайдын удаагийн айлчлал Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог аж. Ерөнхий сайд нар дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаа үсрэнгүй хөгжиж ирснийг үнэлж, харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлан улам өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Өнгөрсөн гуравдугаар сард анх удаа зохион байгуулагдсан Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороогоор дамжуулан ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд нар авто болон төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, V цахилгаан станцын төслийг саадгүй хэрэгжүүлэх, тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Түүнчлэн, Ерөнхий сайд нар хоёр орны хоорондын агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар санал нэгдэж, нэн түрүүнд ирэх оны гуравдугаар сараас Улаанбаатар-Пүсаны хооронд нислэг үйлдэхээр тогтлоо.
Ерөнхий сайд Хван Гё Ан Солонгосын компанийн хэрэгжүүлж буй Ухаахудаг-Гашуун-сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулал-тын болон хөрс ашигласны төлбөрийн асуудал, Смарт картыг бусад бичил төлбөр тооцоонд нэвтрүүлэхэд Монголын талыг анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ойрын хугацаанд нааштай шийдвэрлэх талаар ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНСУ-ын буцалтгүй тусламж, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан болон техникийн туслалцаа зэрэг нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг үнэлж, ЭЗХАС-гаар хэрэгжүүлэх “Хот хоорондын авто тээврийн үйлчилгээг сайжруулах” төсөл болон мэдээлэл технологийн салбарт буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхэд Солонгосын талын дэмжлэгийг хүссэн байна. Ерөнхий сайд Хван Гё Ан хөгжлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд туслалцаа үзүүлэх, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг үнэлж, Монголын тал үндэслэлтэй, тодорхой төслийн төлөвлөгөөг өгсөн даруйд дотоод журмын дагуу холбогдох байгууллагуудаараа нааштай судлуулахаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урьжээ.
Айлчлалын үеэр БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангаас авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидал, далайн тээвэр, тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг, Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг, Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Нийслэлийн лаборатори хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Ерөнхий сайд Хван Гё Ан УИХ-ын хуралдааны танхимтай танилцаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нартай уулзлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.