Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуулийн дагуу энэ арванхоёрдугаар сардаа амжин батлах учиртай. Хэрэв үлдсэн хугацаанд буюу 22 хоногийн хугацаанд дээрх хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж амжихгүй бол ирэх 2016 оны сонгууль өнгөрсөн удаагийн хувилбараар явагдах болно. Өөрөөр хэлбэл УИХ-д 48 гишүүн тойргоос, 28 гишүүн намын жагсаалтаар сонгогдох юм. Хэдийгээр УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд 20 гаруй хонож байгаач намуудыг байр суурийг нэгтгэх чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын боловсруулсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын боловсруулсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг нэгдсэн байдлаар авч хэлэлцэх юм.
Хэдийгээр цаг давчуу байгаа ч намууд тус хуулинд эсрэг тэсрэг байр суурь илэхийлж байгаагаас хуулийг амжиж батлах эсэх нь тодорхойгүй байна. Ингээд энэхүү асуудлаар улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат
Сонгуулийн хуулийг өөрчлөх улс төрийн намуудын ажлын хэсгээс найман зүйл заалтыг өөрчлөх Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сар болж байна. Энэ хугацаанд УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудлыг дэмжсэн боловч АН-ын бүлгийн хурлаар “Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагагүй. Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэн баталсны дараа энэ хуулийг оруулах хэрэгтэй гэсэн агуулгатай зүйл ярьсан байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийг УИХ-д өргөн бариагүй, хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Тэнд очсон 10 гаруй улс төрийн намын дарга нар Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ хуулийн төслийн талаар намуудын удирдлагуудад нэг минут санал бодлоо хэлэх боломж олгосон нь цаг хугацааны хувьд үнэхээр давчуу байлаа. Өргөн бариагүй байхдаа намуудын эсэргүүцэлтэй тулгарсан Улс төрийн намын тухай хуулийн дараа Сонгуулийн хуулийг батлах тухай ярьж байна гэдэг чинь АН-ынхан энэ хуулийг батлахаас цааргалж байна гэсэн үг. Зугтааж, зайлсхийж байгаа юм байна. Иргэдийн дунд АН-ынхан хар машинаар булхай луйвараа хийх гэж Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй байна хэмээн ярьж байгаа эргэлзээг улам баталгаажуулж байна. Тиймээс бид Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр
Сонгуулийн тухай хуулинд намууд зарим нэг тохиролцоог хийвэл дорхноо л батална шүү дээ. Одоо бас ч 20 хоног байна. Яг баталъя гээд зүтгэвэл долоо хоногийн л асуудал. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр жил гаруйн хугацаанд бүх нам ажилласан. Ганц нэг асуудал дээр л санал нийлэхгүй байгаа болохоос ерөнхийдөө бол болж байгаа шүү дээ. Гэтэл МАН-ынхан Сонгуулийн хуулинд манай нам чөдөр тушаа болж буй мэтээр ярьж байна. Энэ асуудалд үгүй гэж хэлмээр байна. Учир нь Улстөрийн намуудын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачилсан. Энэхүү хуулинд зарим нэг хийхээс өөр гарцаагүй өөрчлөлтүүд бол байна гэж үзсэн. Тухайлбал улстөрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, хариуцлагыг ил тод болгох, өмч хөрөнгийн асуудлыг ил тод байх ёстой гэх чиглэл бүхий хууль Ерөнхийлөгчөөс өргөн баригдаад явж байна. Сонгуулийн тухай хуулийн тухайд бол аль аль нам зөвшилцөх шатанд явж байна. МАН тэргүүтэй намууд хар машиныг булхай, худал хуурмаг дүн гаргаж сонгуулийг луйварддаг гэж мэдээлж байна. Харин манай намын зүгээс саналыг хар машинаар тоолоод өнгөрсөн хугацаанд яг булхайтай, булхайцсан гэх баримтаа аваад ирээ л гэж байгаа юм. Яг тэгж булхайг нь нотолсон зүйл байхгүй шүү дээ.
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Цогтгэрэл
–Сонгуулийн тухай хуулийн төслийг өөрчилнө гэж яриад багагүй хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байгаа нь эрх баригч намд ямар ч хүсэл зориг байхгүйн илрэл шүү дээ. Ер нь аливаа хуулийг хэлэлцэхийг хүсэх юм бол хоёр, гурван хоногийн дотор ч баталж болдог гэдгийг бүгд мэднэ. Үндсэн Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхгүй арга саам хайж байгаа нь хар машинд найдсан, луйврын ардчилалыг тогтоох гэсэн санаархал юм. Тэгэхээр сонгуулийн дараа байгуулагдах төр нь иргэдийн итгэлийг даахуйц байхын тулд шударга сонгууль явуулах хэрэгтэй гэсэн байр сууриндаа баттай зогсч байна. Сонгууль шударга явахгүй юм бол сонгууль хийх хэрэг байхгүй шүү дээ. Улс төрийн намубуд Сонгуулийн хуулийг нэн яаралтай хэлэлцэхийг шаардаж байгаа.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
Comments are closed.