Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ өдрүүдэд хэсгийн сүүлийн тоглолтууд болж байгаа аж. Урд шөнө “А”, “В”, “С”, “D” хэсгийн зургаа дахь тоглолтууд болж, шөвгийн 16-д өрсөлдөх найман багийн нэр тодорлоо.
“А” хэсэгт Испанийн “Реал Мадрид”, Францын “ПСЖ” цааш өрсөлдөх нь тодорхой байсан. Эзэн хааны “Реал Мадрид” сүүлийн учраа “Мальмё”-г “Сантьяаго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авч 8:0-ээр бут ниргэсэн. Хожлын гоолуудыг К.Роналду 39, 47, 50, 59, К.Бензема 12, 24, 74, Н.Ковачич 70 дахь минутанд оруулсан. Нөгөө талд З.Ибрагимовичийн “ПСЖ” клуб “Шахтёр”-ыг 2:0-ээр хожиж, хэсгээсээ хоёрдугаар байраар гарч байна.“В” хэсэгт тун сонирхолтой үр дүн гарлаа. Хэсгээ тэргүүлэх магадлалтай байсан “Манчестер Юнайтед” Германы талбайд 3:2-оор хожигдсон бол “Аваргуудын лиг”-ийг олон улирал өнжсөн “ПСВ” өрсөлдөгч баг “ЦСКА”-г 2:1-ээр хожсон юм. Ингэснээр Германы “Вольфсбург” 12, Голландын “ПСВ Эйндховен” 10, Английн “Манчестер Юнайтед” 8, ОХУ-ын “ЦСКА Москва” 4 оноотой хэсгийн тоглолтыг дуусгалаа.
Ангийн алдарт клуб “Ман.Ю” өмнө нь 2006, 2012 онд хэсгийн шатнаас хасагдаж байсан бол энэ удаа гурав дахь тохиолдол нь болов. Яг л өмнөх жилүүдтэй адил хэсгийн сүүлийн тоглолтонд өрсөлдөгч багтаа ялагдаж, оноо алдсан юм. Тэд “Аваргуудын лиг” гэж нэрлэх болсноос хойш 1999, 2008 онд тус тэмцээнд түрүүлсэн байсан билээ.
“С” хэсгийн хувь заяа дөрөвдүгээр тойрогт шийдэгдсэн. Урд шөнө сүүлийн тоглолтууд болоход “Бенфика”-“Атлетико Мадрид”-ийг 2:1-ээр хожиж, “Галатасарай”-“Астана” 1:1-ээр тэнцлээ. Улмаар Испанийн “Атлетико Мадрид” 13, Португалын “Бенфика” 10, Туркийн “Галатасарай” 5, Казахстаны “Астан” 4 оноотой болсон аж.
“D” хэсэгт “Ювентус”, “Манчестер Сити”-гийн хэн нь нэгээр гарахаа шийдэх тоглолтууд байсан. Харин “Сити” талбай дээрээ “Боруссия Мончебладхач”-ийг 4:2-оор хожсон бол “Ювентус” айлын талбайд буюу “Севилья”-д 1:0-ээр ялагдлаа. Эцсийн дүн гарахад Английн “Манчестер Сити” 12, Италийн “Ювентус” 11, Испанийн “Севилья” 6, Германы “Боруссия Мончебладхач” 5 оноотой болж байна.
Өнөө шөнө “E”, “F”, “G”, “H” хэсгийн сүүлийн учраа болох Испанийн “Барселона”-Германы “Байер Ливеркузен”, Италийн “Рома”-Беларусийн “БАТЭ”, Германы “Бавари Мюнхен”-Хорватын “Динамо Загреб”, Английн “Арсенал”-Грекийн “Олимпиакос”, Украйны “Динамо Киев”-Израйлийн “Маккаби”, Английн “Челси”-Португалын “Порту”, ОХУ-ын “Зенит”-Белгийн “Гент”, Испанийн “Валенсиа”-Францын “Лион” багууд хоорондоо тоглоно.
Хэсгийн тоглолтууд өндөрлөж байгаа энэ үед “Реал Мадрид”-ийн Португал довтлогч К.Роналду 11 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлснээс гадна дээд амжилт тогтоолоо. Өмнө нь хэсгийн шатанд 11 гоол оруулсан тоглогч байгаагүй юм. К.Роналдугийн хувьд 2013-2014 оны улиралд 17 гоол оруулж мөн дээд амжилтын эзэн болж байсан түүхтэй.
Эх сурвалж http://www.info.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.