-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Эдийн засгийн зөвлөх, судлаач хүний хувьд энэхүү хуулийг ямар болсон гэж харж байна вэ?
-Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр иргэдэд ашигтай байж чадахгүй. Магадгүй мафийн угшлыг бий болгох тийм аюултай хуулийг баталлаа. Судлаач хүний хувьд ингэж л харж байна даа.
-Яагаад тэр вэ?
-Хуулийн үүрэг, хэрэгжилтийг эдийн засгийн зохион байгуулалтад оруулж, хууль эрх зүйн тогтолцоо, нийгмийн байгууламжийн бүтцийг тодорхойлсон байдаг. Өнөөдөр манай улсад 571 хууль, 1557 УИХ-ын тогтоол гээд нийт долоон мянга гаруй хууль, эрх зүйн акт шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.
Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсад 612 мянган бизнес эрхлэгчид байдаг. Үүний багаахан хэсэг буюу 20078 нь НӨАТ төлдөг. Үлдсэн нь огт төлдөггүй гэсэн үг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар жилд 10 сая төрөгөөс дээш борлуулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгж НӨАТ-аа төлөх ёстой. Үүнээс харахад нийт бизнес эрхлэгчдийн 96.6 хувь нь өдөрт 27 мянган төгрөгийн борлуулалт хийх чадваргүй гэх тооцоо гарч байна.
Гэтэл бодит байдал дээр энэ мөнгөөр амьдарч чадах уу. Тиймээс хоёр баланс гаргаж байгаа гэх таамаг чатлагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр НӨАТ нь мал аж ахуй болон газар тариалан, үйлдвэрлэлтийг борлуулалт дээр нь хязгаарлаж, Монгол Улсын эдийн засгийг унагах алсын хараат бодлогыг хэрэгжүүлж байгааг нотолж байна. Энэ удаагийн НӨАТ-ын тухай хууль нэлээд онцлогтой.
-Ямар онцлогтой гэж?
-Өршөөлийн тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль шинээр гарч ирлээ. Энэ хоёр хуулийг тодорхой цаг хугацаанд аливаа зүйлийг зохицуулахад гаргаж ирдэг байна. Өөрөөр хэлбэл, зохицуулах механизм нь гараад ирсэн.
-Тэгвэл өнгөрсөн одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль ямар үр дүнд хүрсэн болоод зохицуулах механизм ороод ирэв ээ?
-Энэ бол үнэхээр анхаарал татах асуудал. 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгжиж буй НӨАТ-ын хуулиар НӨАТ төлөгч болон төлөгч биш гэж авч үздэг. Гэхдээ би түрүүн хэлсэн ихэнх аж ахуйн нэгж НӨАТ төлдөггүй гэж. НӨАТ-аа төлдөг 20 мянга гаруй аж ахуйн нэгж борлуулалтынх нь орлогоор хэд хэдэн ангилалд хуваагддаг. Үүнээс 4200 аж ахуйн нэгж 6.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, түүнийхээ 2.2 тэрбумыг нь зөвхөн НӨАТ-т төлж байна. Ийм нөхцөлд үнэхээр амьдрах боломжгүй.
-Босго байх ёстой юу?
-Үгүй, их хортой.
-Тайлбарлаж болно биз дээ?
-Энэ хуулиар босго тогтоосноор НӨАТ төлөгч, төлөгч биш ялгаагүй ээлж ээлжээрээ хаалгаа барьж байна. Бүүр нэг тийм эргэх тогтолцоонд шилжчисэн гэхэд болно. Хамаа алга, бүх аж ахуйн нэгж НӨАТ-аа төлөөд, эдийн засгаа ил тод болгох хүсэл бол бүгдэд нь бий. Гэхдээ энэ нь зайлшгүй шаардлагаар НӨАТ төлөх боломжгүй болгож байна. Жишээлбэл, 200 гаруй малтай таван ам бүлтэй айл байна. Судалгаанаас харахад малчин өрх нэг кг хонины махыг 4655 төгрөгөөр зарж байна. Үүний зах зээлд 4500 төгрөгөөр нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл малчид 155 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ бол чиглэсэн тоо. Нийт малчдын 31.5 хувь нь ядуу байна. Ингэж алдагдалтай ажиллаж байхад ядуу байхгүй гээд яах юм бэ, тийм биз дээ. Энэ мэтчилэн судлаад үзэхээр нийт бизнес эрхлэгчдийн 96.6 хувь нь хууль зөрчиж байна. Учир нь, өдөрт 27 мянган төгрөгийн боруулалт хийдэг бизнес эрхлэгч байхгүй.
-Нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсвийн тодорхой хэмжээг бүрдүүлдэг. Шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр аж ахуйн нэгжүүдэд ирдэг ачаалал жаахан ч гэсэн багасах уу?
-Зөвхөн НӨАТ-аас улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг гэж ярьдаг. Ингэхдээ бүхэл бүтэн нягтлан бодохын боруулалт дээр нь хориг тавьж байж, улсынхаа төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг. Уг нь бага хувийг бүрдүүлэх тусмаа сайн. Ингэж байж зөв татвар болдог.
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар 20 мянга гаруй аж ахуйн нэгж татвар төлдөг байсан бол ирэх оноос хэрэгжих шинэ хуулиар 600 мянга гаруй аж ахуйн нэгж татвар төлөхөөр болж байна. Гэтэл үүний 20-хон мянган аж ахуйн нэг нь татвар төлөхөөр тэндээс нь төсвийнхөө 30 хувийг бүрдүүлнэ гэдэг байж болохгүй зүйл. Энэ бол яах аргагүй буруу тогтолцоо.
-Тэгвэл таны бодлоор яавал зөв тогтолцоо руу оруулах вэ?
-Маш амархан. Ерөөсөө л нэг хувьтай татварын тогтолцоонд л шилжүүлэхэд хангалттай. Ингэж чадвал иргэн, аж ахуйн нэгжүүд төсвийн 30 хувь ,байтугай бүрдүүлэх боломжтой. Үүнийг бизнес эрхлэгчид ч хэлдэг л дээ.
-Юу гэж тэр вэ?
-НӨАТ-ын хуулийг нэг хувь болгочих юмсан гэж. Тэгвэл Монгол Улс маань хөгжих гээд байна шүү дээ.
-Шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр далд эдийн засгийг ил болгоно гэж яриад байгаа. Энэ хэр бодитой зүйл вэ?
-Уг нь, нягтлан бодох бүртгэлийн хуулиараа далд эдийн засгийг хянах боломжтой. Бүр бүгдийг нь хянах боломжтой гээд бод доо. Энгийнээр тайлбарлах гээд үзье л дээ. Байшинд байгаа зүйлийг аягаар л хянаад байгаа болохоор л далд эдийн засаг бий болоод байгаа юм. Бүхэл бүтэн байшинг хянаад ирэх юм бол хэн ч далд эдийн засгийг бий болгохгүй. Тийм ч боломж байхгүй юм.
-Тухайн хуулийг УИХ болон Засгийн газрын төвшинд ярьж байхад эдийн засгийн зөвлөх, судлаачдын үүрэг, оролцоо хэр байдаг юм бэ. Учир нь, манайд хуулийг баталсан хойно нь үгээ хэлдэг зуршил тогтчихлоо л доо?
-Энэ хуулийг батлах хүртэл нь бид ажилласан. Судлаач хүний хувьд албан бичгүүдийг ч өгсөн. Асуудал болгож шат шатны дарга нарт хэлсэн. Харамсалтай нь, бидний үгийг авч хэлэлцээгүй. Уг нь энэ хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр шахуу байсан. Бид ярьсны эцэст нэг жил хойшилж, ирэх оноос хэрэгжиж эхлэх гэж байна. Үнэнийг хэлэхэд бид судлаачийнхаа хувьд үнэхээр их явдаг. Ямар ч үр дүнд хүрдэггүй. Бүр огт шүү. Жишээлбэл, энэхүү хууль дээр бид төрийн өндөр албан тушаал хашдаг 500 гаруй хүнд захиа бичсэн. Энэ асуудлыг ч гэсэн хурцаар тавьсан ч үр дүнд хүрээгүй. Үнэхээр ямар бодлогоор, ямар хүмүүст зориулж баталж байгаа хууль юм бол, мэдэхгүй байна.
Б.Төрбат


2 Comments