antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 Comments are off

Халагдсан ажилчид нь захирлыгаа барьцаалав

нийтлэсэн Admin

Канадын хөрөнгө оруулалттай “Өмнийн говийн элс” (South Gobi Sands) компаниас оны өмнө халагдсан гэх ажилчид нь өчигдөр захирлыгаа ажлынх нь үүдэнд барьцааллаа.

Тодруулбал, халагдах тушаалаа авсан 49 ажилчин тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийг өчигдөр 12.00 цагийн орчимд “Моннис” цамхагийн үүдэнд 92-50 УНР улсын дугаартай цагаан өнгийн машинаас нь гаргахгүй бүчиж авсан юм. Машинд захирлаас гадна орчуулагч, жолооч хоёр нь байсан юм. Захирал машинаасаа цухуйгаагүй бөгөөд халагдсан ажилчдад хэн ч тайлбар өгөхийг хүсээгүй. Харин цагдаа нар “Удахгүй үүгээр тусгай хамгаалалттай машинууд зөрж өнгөрнө. Тиймээс замаасаа гар” гэсэн шаардлагыг тэнд цугласан хүмүүст тавьж байв. “Өмнийн говийн элс” компанийн зарим удирдлага өнөөдөр халагдсан ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар болсноор цугларалт тарж, Курт Черч чөлөөлөгдсөн юм.

Ажилчдаа ямар шалтгаанаар халах болсон талаар тус компаниас ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Тиймээс “Өмнийн говийн элс” компанид оператороор ажиллаж байсан Б.Базарбидарьмаатай ярилцлаа.

-Та нарыг хэзээ ажлаас чинь халсан юм бэ?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд манай ээлжийнхэн ажлаа хийж байтал нэг нэгээр нь Овоо толгойн уурхайн ерөнхий менежер дуудаж уулзсан.

Ингэхдээ гурван хуудас өгсөн. Нэг нь халах тушаал. Нөгөөх нь халах тухай мэдэгдэл. Гурав дахь нь ажлаас халагдахыг хүссэн өргөдөл байсан. Ерөнхий менежер компаниа санхүүгийн хүндрэлд орсныг хэлээд цомхотгол хийж байгаа мэтээр тайлбарласан. Уурхайд дөрвөн ээлж ажилладаг байсан юм. Тэдний нэгийг нь цомхотгож байгаа гэсэн. Нэг хуудсан дээр нь гуравдагч этгээдэд мэдэгдэхгүй, хэл ам хийхгүй бол 500 мянган төгрөг олгох тухай бичсэн байсан.

-Халагдах өргөдөл гэсэн нь ямар учиртай юм бэ?

-Бидний өмнөөс бичээд хувилчихсан байсан. Өөрөөр хэлбэл, бид халагдахыг хүссэн болж таарч байгаа юм.

-Танай компани үнэхээр санхүүгийн хүндрэлд орчихоод байгаа юм уу?

-Үгүй. Компани ашигтай ажиллаж байгаа талаар сонин дээр саяхан гарсан шүү дээ. Монголын баялгийг их хэмжээгээр цөлмөж байж монгол залуусынхаа цалинг нэмэх шаардлагыг бид тавьсан. Мөн Үйлдвэрчний эвлэл байгуулахаар тохиролцоод байсан юм. Үүнээс шалтгаалж л халж байгаа хэрэг. Өнгөрсөн сарын 25-нд хүний нөөцийн ажилтан бид нартай уулзахдаа та нар өндөр цалин авдаг. Дээр нь өдөрт 25 ам.долларын хоол иддэг. Ийм байж үйлдвэрчний эвлэл байгуулж болохгүй гэх мэтээр ятгасан. Бид үнэндээ 25 ам.долларын хоол иддэгээ мэдэхгүй юм. Дарамттай ажилалдаг учраас Үйлдвэрчний эвлэл байгуулахаар болсон.

-Ямар дарамт байдаг гэж?

-Гадаад захирлууд нь мастераа шахдаг бололтой юм. Тэд биднийг юм л бол халагдах өргөдлөө бич. Цалингийн хувиар торгоно гэх мэтээр дарамталдаг.

-Та нар хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг байсан бэ?

-Миний үндсэн цалин 920 мянган төгрөг. Гар дээрээ 800 гаруй мянган төгрөг авдаг. Зарим нь нэг сая гаруй төгрөг ч авдаг.

-Олон жил ажиллаж байна уу?

-Энэ компани 2008 оны зургадугаар сараас олборлолтоо хийхэд нь орсон хүмүүс одоо халагдаж байна. Миний хувьд 2008 оны долдугаар сараас ажиллаж эхэлсэн. Ер нь манай ээлжийнхэн уурхайг авч яваа гол хүч нь. Уулын мастер засварын мастер, засварын механик, операторууд зэрэг 49 хүнийг халчихлаа.

-Та нар тэгээд хэл ам хийхгүй бол өгнө гэсэн 500 мянган төгрөгийг нь авсан уу?

-Миний хувьд 3.9 сая төгрөг авсан. Цалин буухаар цалингийн задаргаа өгдөг юм. Гэтэл халагдсан гэх үндэслэлээр бидэнд харуулаагүй. Тэгэхээр ямар учиртай мөнгө вэ, цалин нь хэдэн төгрөг гэдгийг ч мэдэж чадахгүй байна. Дархан, Эрдэнэт, Шивээ-Овоо, Шарын голоос ирсэн хүмүүсийг халчихсан.

-Халагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд хандаж болдоггүй юм уу?

-Өчигдөр шүүхэд өргөдлөө өгсөн.

-Тэгтэл яагаад заавал захирлаа барьцаалаад байгаа юм бэ?

-Уулзъя л гэсэн шаардлага тавьсан шүү дээ. Гэтэл уулзахгүй маргааш өглөө ир гэж байна. Тэгэхдээ Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлгүй ир гэсэн. Ер нь тэд Үйлдвэрчний эвлэл гэхээр ухаан алдчихдаг. Хүний нөөцийн ажилтан нь хүртэл “Та нар хуулиараа яваад юу ч олж долоохгүй. Бидэнд арав гаруй хүнтэй хуульчдын баг байна” гэж хүртэл хэлж байна лээ. Бид шүүхэд гаргасан өргөдөлдөө эргээд ажилдаа орох хүсэлт тавьсан байгаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car