
-Эрдэнэт үйлдвэрийн нээлттэй хаалганы өдөрт оролцлоо. Ажиглаж байхад та бүхэн үйлдвэрээ өргөжүүлэхийн хэрээр орон нутгийн хөгжлийг ч орхигдуулахгүй ажиллаж чаджээ. Орон нутагтай хамтран ажиллах гэрээний талаараа ярилцлагаа эхлэе?
-Манай үйлдвэр уул уурхайн салбарт үргэлж үлгэр жишээ үйлдвэр байсаар ирсэн. Үүнийг орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаагаас харж болох юм. Бусад аймгуудад байгуулагдсан, үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн үйлдвэрүүд бидний жишгээр ажиллаасай гэдэг үүднээс хийж бүтээснээ сурталчилж, тайлагнаж байгаа хэрэг. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа нь Уул уурхайн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, Орон нутгийн хөгжлийн тухай бодлого гээд олон үзэл баримтлал дээр тулгуурлан хамтарч ажиллаж байгаа юм. Бид 2013-2017 он хүртэл хамтарч ажиллах төлөвлөгөө, хэлэлцээр хийсэн. Орон нутгийг хөгжүүлэх талаар нэлээд олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа. Томоохон ажлуудаас дурьдвал, гуравдугаар хороолол шинээр зам тавьсан, зам засварын ажил хийсэн, Эрдэнэт хотын төв гудамжны инженерийн шугам сүлжээ шинэчилсэн. Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийг ойг тохиолдуулан 2-3 тэрбум барилгын фасадны ажил гээд олон талын ажлыг хийж хэрэгжүүллээ.
-Хамтран ажиллах гэрээний хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг нээхэд бэлэн болж байгаа гэсэн үү?
-Манай үйлдвэр “Эрдэнэт медикал” эмнэлгийг өөрсдийн хөрөнгөөр бариад өгсөн. Үүнийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр япончуудаас авах юм. Энэ эмнэлэг үйлдвэрийн ажилчдад хөнгөлөлттэйгөөр үйлчилнэ. Мөн Булган, Сэлэнгэ гээд бусад аймгуудын иргэд ч эмчлүүлэх боломжтой. Шаардлагатай бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон алсын зайн оношилгоо хөтөлбөрийг боловсруулан Япон руу явж эмчилгээ хийлгэх гэх мэт үйлчилгээг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, Японы менежмент болох эмч өвчтөн рүүгээ ойртсон тэр үйлчилгээг нэвтрүүлнэ. Японы элчин сайд “Монголчууд ноён зантай” гэж тодорхойлсон байна. Үйлчлүүлэхээр ирсэн өвчтөнийг “Чи яах гэж байна” гэсэн үл хүндэтгэсэн байдлаар ханддаг. Харин “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төв нь “Эмчлүүлэгч бол хаан” гэсэн байдлаар хандаж та ямар үйлчилгээ авах вэ гэж дээшээ харж сэтгэл ханамжийн 100 хувийн үйлчилгээг үзүүлсэн эмнэлэг байна л гэж хүсч байгаа.
-Уурхайн хаалтын менежментийн хүрээнд томоохон ажлууд хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Эхнээсээ ажил хэрэг болж байгаа ямар ажил байна вэ?
-Хаалтын менемжентийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, “Баян-Өндөр” хайрханыг ойжуулах төслийг хэрэгжүүлээд эхэлж байгаа. Уг төслийг бид Орхон аймаг, Герман улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд явж байна. Эрдэнэт хот, Булган аймгийн бүс маш олон үйлдвэрүүд ажиллаж байгаа. Тиймээс бизнесийн орчин бүрдсэн энэ бүст цаг хугацааг хэмнэх зорилгоор онгоцны буудалтай болох төлөвлөгөөтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Булган, Эрдэнэтийн нисэх онгоцны буудлыг бүтээн байгуулахаар ажлын хэсэг гараад, Зам тээврийн яамтай хамтран ажиллаж байгаа. Нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор орон нутгийн иргэд зорчихоос эхлээд энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн бизнесийн үйл ажиллагаа хурдан шуурхай явуулах зэрэг олон талын ач холбогдолтой. Түүнчлэн манай Эрдэнэт үйлдвэр Орхон аймаг хамтран аж үйлдвэр технологийн парк байгуулахаар ажиллаж байна. Парк байгуулах ажлын ажлын хүрээнд олон ажил хийгдэж байгаа.
-Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар олон ажлыг хийж байгаа гэсэн. Орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжих талаар ямар ажлыг хийж байна вэ?
-Бид нийт импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалтын 30 хувийг орон нутгаасаа авна гэж хэлэлцээрт тусгасан. Тэгвэл өдгөө 39 хувьдаа хүрээд байгаа. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Булган Эрдэнэтийн онгоцны буудал ашиглалтад орвол энэ тоо улам бүр өсч, өргөжин хөгжих боломжтой юм.
-Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаад байгаа. Цаашдаа ч унах төлөвтэй байгаа гэдгийг мэргэжилтнүүд дуулгаад байгаа. Улсын төвсийн багагүй хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн хувьд энэхүү хямралын үеийг хэрхэн даван туулахаар төлөвлөн ажиллаж байгаа вэ?
-Монгол Улс санхүүгийн хямралд нэрвэгдэх нь гэж 2013 оноос л ярьж, хэлж байсан. Энэ ч үүднээс манай үйлдвэр олон мянган ажилтнаа цомхотгох, үйл ажиллагааныхаа хүрээг хумихгүйн тулд 2013 оноос хямралын эсрэг бодлогын арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн онд улсын төсөвт Эрдэнэт үйлдвэр 462 тэрбум, энэ онд орон нутгийн төсөвт 42.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Мэдээж, дэлхийн зах зээлд зэсийн үнэ унахын хэрээр улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгөний хэмжээ багасна. Тэгэхдээ өөрсдийнхөө дотоод нөөц боломжийг ашиглаж, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх гэх мэт ажил хийж байна. Үүний үр дүнд өөрийн өртгийг бууруулах замаар нэлээд олон ажил хийсэн. Олон ч хямралыг Эрдэнэт үйлдвэр давж гарч байсан. Одоо ч хямралыг даваад гарчихна.
-Сүүүлийн үед шилэн данстай холбоотой танай үйлдвэрийн талаар таагүй мэдээлэл цацагдаад байгаа. Улсын хамтарсан үйлдвэр учир шилэн данс хөтлөх, тайлагнах тал дээр асуудалтай байдаг гэсэн үү?
-Шилэн данс үндсэндээ төсвийн байгууллагад хамаатай зүйл. Тухайлбал, Төрийн яам, Тамгын газар, Засаг дарга гэх мэт. Харин төрд мөнгө өгдөг газарт хамааралтай биш. Эрдэнэт үйлдвэр Орос, Монголын хамтын хэлэлцээртэй учраас олон улсын гэрээ хэлэлцээрээр явах учиртай. Энэ хэлэлцээрт тухай асуудал ороогүй. Энэ мэт байдлаас болоод санхүүгийн асуудлаа 100 хувь тайлагнахад хүндрэлтэй байгаа. Ямар ч гэсэн Улаанбаатар төмөр зам, Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэр нийлж энэ асуудлыг шийднэ. Засгийн газарт асуудлыг тавьсан байгаа. Гэхдээ манай үйл ажиллагааны зардлын талаарх мэдээлэл бол нээлттэй байгаа.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол- Оросын Эрдэнэт үйлдвэрийн талаар Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Эрдэнэт үйлдвэр Оросын талд ногдол ашгийн 140 гаруй сай долларыг өртэй гэдэг зүйл яригдсан. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэр Оросын талд шилжих магадлалтай гэх яриа гарсан байсан?
-Ийм зүйл огт байхгүй. Энэ бол зүгээр явган яриа. Ногдол ашгийн тухайд Оросын талд өгөх ёстой ашгаа өгөхөд асуудал ямар ч асуудал байхгүй. 1990-ээд оны үед Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 40 орчим хувийг бүрдүүлдэг байсан. Харин одоо улсын төсвийн 10-15 хувийг бүрдүүлж байна. Ер нь, хуучин нийгмийн үед байгуулагдсан болоод ч тэр үү нийгмийн хариуцлагаараа манайх шиг үйлдвэр Монголд байхгүй. Эрдэнэт үйлдвэр хоёр жигүүртэй гэж үзвэл нэг нь нийгмийн хариуцлага, нөгөө нь улсын төсвийнхээ ихэнх хувийг бүрдүүлж өгдөг явдал юм.
-Уурхай дагасан хотын хөгжлийг уурхайн насаар тодорхойлох явдал байдаг. Гэтэл уурхайн нөөц 30 жилийн дараа дуусна гэсэн. Тэгвэл энэ хотын цаашдын асуудал ямар байх бол?
-Уурхай дагасан хот гэж их ярьдаг. Ер нь Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот үүссэн. Тэгэхээр социалист үеийн хэв шинжийн хот учраас манайхан тэгж хүсээд байгаа хэрэг. Оюутолгой бол хэдэн гэр бариад хүмүүсээ сардаа ганц, хоёр удаа гэрт нь хариулдаг. Тухайн суурин газрыг хөгжүүлье гэвэл үйлдвэр байгуулсан тохиолдолд тавих л ёстой асуудал. Ер нь хотоо дагаж л хөгжинө. Түүнээс биш Эрдэнэт үйлдвэрээ дагана гэж байхгүй. Дашрамд дуулгахад, хаалтын менежмент гэдэг бол энэ уурхай цаашдаа, ирээдүйд 30-40 жилийн дараа энэ район, Эрдэнэт хотыг хөгжүүлэхэд бүх мөнгө чиглэгдэж, сан нь байгуулагдан орон сууц нь баригдаад, байгаль орчин нөхөн сэргээлт хийгдээд явах ёстой юм. Ингэж байж л дэд бүтэц хөгжинө. Тийм учраас уурхайг дагасан хот гоё болно. Эрдэнэт үйлдвэр хөгжлөө гурван удаа 10 жилээр төлөвлөсөн байдаг юм. 1994 онд анхны концевнцийг боловсруулж байсан бол дараагийнх нь 2004 онд боловсруулсан. Одоо гурав дахь удаагаа төлөвлөж байна. Энэ концвенц дотор түрүүчийн хоёр нь үйлдвэрлэлийн дөрвөн цех буюу ил уурхай, РМЗ, засвар механикийн завод, авто тээврийн байгууллага, баяжуулах фарик гэсэн энэ дөрвөө түшиглэн боловсруулсан байдаг. Харин одоо Уурхайчны соёлын ордон, спорткомплекс, амралтын бааз гээд бүгдийг нь нийлүүлэн авч үзэж байна. Тухайлбал, 40 жилийн дараа гэхэд засвар механикийн завод Монголын уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэгийн үйлдвэр болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоо бид “Оюутолгой”-н зарим хэрэгцээтэй тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл, Таван толгойн уурхайн зарим сэлбэгийг мөн үйлдвэрлэж байгаа. Үүнийг цаашдаа бие даасан үндэсний том үйлдвэр болгох төлөвлөгөөтэй байна. Зөвхөн уул уурхай гэж төлөвлөсөн ч зарим нөхөд маань машин, техник үйлдвэрлэнэ гэж ярьж байгаа. Ямар ч байсан “Оюутолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Тавантолгой” үйлдвэрүүдэд шаардлагатай байгаа уул уурхайн сэлбэг, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг үйлдвэр байгаасай гэж хүсч байгаа.
-Эрдэнэт үйлдвэр олон шинэ зүйлийг санаачилж, дотооддоо үйлдвэрлэж эхэлж байгаа нь үйлдвэрлэлийн үе эргэн ирэх нь гэсэн бодлыг төрүүлж байна. Тэгвэл үйлдвэрийн дараагийн төлөвлөгөөг сонирхвол бас шинэ санаа, баялаг бүтээх боломжууд гарч ирэх байх гэж найдаж байна?
-Манай инженер, техникийн ажилчдын мөрөөдөл бол зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах явдал. Энэ үйлдвэрийг байгуулахаар инженер техникийнхээ ажилчдын дунд урьдчилсан ТЭЗҮ боловсруулаад, БНХАУ-ын сүүлийн үеийн технологи авахаар Аж үйлдвэрийн яаманд танилцуулсан байгаа. Мөн сайдын дэргэдэх хүнд үйлдвэрийн зөвлөлд танилцуулаад дэмжигдсэн. Энэ бол үндэсний том үйлдвэр болох юм. Үйлдвэр байгуулагдахаар Оюутолгой, Цагаан суваргаас хэр их баяжмалаа авах уу гээд төртэйгөө ярилцаад суувал шийдлийн ард гарах л байх даа. Гэхдээ төсөвт дарамтгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтаар шийдэл зүгээр юм уу гэж урьдчилсан байдлаар ярьж байгаа. Тэгэхээр Монголд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж чадвал гидрометалургийн үйлдвэрийн том суурийг тавих юм. Энэ үйлдвэрийг дагаж олон ч салбар хөгжинө. Бусад үйлдвэрээ дэмжих эрин үе гарч ирнэ гэж харж байгаа.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 01, 2015 3:03:50 pm )
Монголчууд элдэв юманд ингэж ам гараад байдаггүйсэн,амаа барих гэж бас нэг үг бий дээ?
-
Намдаг (December 01, 2015 4:25:24 pm )
Эрдэнэт үйлдвэр чадна. Барилгын пасад будахад арай тооцоо муутай хандсан байна лээ. 100 сая төгрөгийн пасад будаад гүйцэтгэгч нь 60 саяын ашиг унагасан байналээ. Энэ болохгүй л дээ. Төсөвийг сайн хийх хэрэгтэй. Иймэрхүү бага юмнаас л хэмнэлт гаргана шүү дээ.
2 Comments