Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Лалын улс бүлэгт ямар ч өршөөл үзүүлэхгүйгээр довтлох болно гэдгийг тангарагласан байна.
Лалын улс бүлэг хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно гэж мэдэгджээ.
Баасан гарагт болсон халдлагыг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш болсон хамгийн олон хүний амийг нэг дор хөнөөсөн эмгэнэлт хэрэг гэж Францчууд тодорхойлж байна.
Баасан гарагийн шөнө кафед буудуулсан иргэд, Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо амиа золиослогчийн тэсрэх бөмбөгт өртсөн иргэд, концертын танхимд барьцаанд байсан иргэд зэрэг нийт 127 хүн амиа алдсан гэж ерөнхийлөгч Олланд мэдэгдсэн байна.
Олланд гурван хоногийн гашуудал зарлаж, улс орныхоо аюулгүй байдлыг хамгийн дээд түвшинд хүртэл нэмэгдүүлж, дайны үеийн бэлэн байдал зарлажээ.
Баасан гарагийн халдлагаар гэмт этгээдүүд гол төлөв залуу хүмүүсийг онилсон байсан ба ажлын өдрөө дуусгаад амарч байсан иргэд, рок концерт үзэж байсан иргэд, үндэсний хөл бөмбөгийн багаа дэмжиж байсан иргэд зэрэг залуу хүмүүсийг онилсон байсан аж.
Франц улс энэ жил нэг бус удаа халдлагад өртсөн. Тухайлбал наймдугаар сард галт тэргэнд болсон халдлагыг дурдаж болно.
Франц улс Сири болон Ирак дах Лалын улс бүлгийн эсрэг агаараас довтолгоо хийж буй АНУ тэргүүтэй эвслийн гишүүн бөгөөд сүүлийн саруудад тус бүлгийн эсрэг агаарын ажиллагаа эрчимжиж байгаа юм.
АНУ-н ерөнхийлөгч Обама Вашингтонд хийсэн мэдэгдэлдээ тус халдлагыг “хүн төрөлхтний эсрэг халдлага” гэж тодорхойлсон байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Холбоотой мэдээ
Comments are closed.