Үргэлжлэл
Батальон дарга шуудай Дандар чинь Чөлөөлөх дайн эхлэхэд хожмын Байтагийн Баатрууд Тэгщээ, Лхагвадорж нартай толгойн тагнуулын группээр хамгийн турүүнд хил давж, Өвөр Монгол дахь манай тагнуултай анх уулзсан хүн. Тагнуулын албанаас зааж өгсөн тосгоны заасан хашааг шөнө давж ороод Тэгшээ нь, за та хоёр ор, японууд ирвэл би хусчихна гээд Дегтяровын (бас Олзвой Баатарын ч гэдэг) дугуй магазинтай пулемётаа агсаад зогсож байв гэж нүдэнд харагдтал ярьдагсан. Хоёр Дандарын сэлэм эргүүлэх шиг сүртэй сайхан юм би урьд хожид үзээгүй. Зүгээр ертөнцийн салхи хүнгэнээд явчихдаг юм.
Түүнээс хойш би ямар ч циркийг тоохоо больсон. Дандар Баатар сэлэм эргүүлж сум хаадаг гэсэн домог хоосон газар үүсээгүй юм билээ. Шөнө дундаасаа өнгөрлөө. Хойноос Сайншандын зvг машины гэрлүүд гялалзлаа. Бэлтгэл командууд өгөгдлөө. БХ-ын сайд Армийн генерал Батын Дорж хүрэлцэн ирлээ. Ямар байдлаар нэг нь ирж, нөгөө нь угтах нөхцлүүдийг аль аль талаасаа ихэд бодолцсон хэрэг. Л.Дандар Баатар Хүндэт харуултайгаа хээр талд угтан авах ёслол түүхэнд ганцхан л тохиолдоно. Сайдад тэр удаа их сайхан сэтгэгдэл төрсен нь илт байв.
Хотоос зарим анги, салбар шилжин ирж Зүүнбаянд бригад, хожмын дивиз байгуулагдаж эхлэв. Хурандаа Сэрээнэн гэх согтуу буриад Бригадын даргаар ирэв. Бидний хэдэн цэрэг ангийн ногоо авахаар Төв, Сэлэнгийн САА-нуудаар армийн арын албаны офицер ахлах дэслэгч Бээжингийн хамт Ш баахан явав. Хожим улсын аврага бөх Бээжин л дээ. Ажил, аялалын элдвийг орхие. Сайншандын хар ууланд машины , бензин дуусаад би нэг шинэ цэргийг дагуулаад анги руу алхлаа. Оройхон айл таарлаа. Хонь гаргаж байна.Гэдэс идэж гэдэс гараад шөнө алхлаа. 34 км алхсан байдаг. Шөнө дөлөөр ангид ирээд шинэ цэргээ штабт очиж мэдэгд гээд явууллаа. Маргааш нь манайхны ярих нь, бригадын штабын даргаар хурандаа Туваанжав гэх аймаар хүн ирсэн гэнэ. Яасан айхтар хурандаа вэ, турших юм хуна гэж бодлоо. Нөгөөдөр өглөө нь би боссонгүй. Лагерьт л даа. Батальон ч боссонгүй шахам байсан бололтой. Тээр дороос нэг айхтар дуу хадаад босгож эхэлж буй бололтой. Эвлэлийн үүрийн дарга марсаан Тогоо, ротын бичээч би тусдаа майханд ширээ сандалтай, сейф шүүгээтэй байх.
Ротын дарга хар Чимид сүр сар хийж орж ирээд босооч гэж хашгиран ширээн дээр байсан хоолны цагааныг минь майхны хаяа руу ширвээд шидчих юм.
Би гайхлаа, ротын даргын түвшинд гэхэд насаар ахмад талдаа, орон шоронгоор явахдаа их юм үзсэн хүн тэгж сүрхий сандарч тэвдэнэ гэхэд үнэмшимгүй байв.
Би боссонгүй. Ротын дарга гарлаа. Доороос чимээ шуугиан хадаад л байгаа. Айхтар чанга дуутан ойртсоор ороод ирлээ. Урьд огт үзээгүи аимаар түнтгэр улаан хурандаа, бос чи гэж цочиж, огло үсэртэл хашгирч байна. Олон хоног ажилд яваад ирсэн, амарнаа гэлээ. Хал цэргийн догь мэддэггүй хаагуур явсан хурандаа вэ гэж эгдүү хөдөллөө. Мань хүн улаан дээрээ улаан болоод учиргүй дайрч миний муу одеялыг хуу татахаар тэмцэв. Би зориуд хэсэг чаргууцалдаад босов. Хурандаа буцаж гараад батальон жагсаад команд өгөв. Пижигнээд явчихлаа.Би гараад жагсаалд орлоо. Саяын тэр танхайг жагсаалаас гарга гэж ротын даргад хэлж байна. Би батальоны жагсаалын өмнө гарлаа. Хурандаа бээр армид 30 жил болохдоо ийм танхай балмад цэргийг үзээгүй гэнэ. Батальоны жижүүрийн офицерыг дуудаад, үүнийг сахилгад 20 хоног хий, болохгүй бол дахиад 20 хоног хий, ясыг нь цайтал хий, нохой тавьж махыг нь уруул гэх юм. Би яг үгчлэн ишлэж байна. Манай батальонд нохой байхгүй нь сайхан гэж бодогдож байна шүү. Байлаа ч таньдаг цэргээ урах нохой яаж байх юм. Хал цэрэг иймэрхүү шоу зориуд зохиохоор батальоны хэдэн зуун цэрэг кайф авдаг байхгүй юу.
Өөр үзэх юм, зугаа цэнгэл байхгүй шүү дээ. Гурван жил гэдэг чинь маш урт хугацаа. Идэр насны бидэнд үнэхээр уйдах мөч байдаг юм. Зүүнбаянд бид хааяа кино үзнэ. Тэр болгонд хурандаа Туваанжав миний хажууд ирээд суучихна. Бүр ёс юм шиг тэгнэ. Хамгийн аюултай цэрэг гэж үнэхээр итгэсэн хэрэг байх. Ардын дуу бүжгийн чуулга нэг удаа очсон юм. Концертын билет нь 3 төгрөг гэнэ. Би нэг хоосон цаасны тасархай олж бариад дайрчихлаа.Чуулгын бололтой билет шалгагч хүүхнүүд хөндөлсөж зуураад авч байна. Тэгтэл миний түрүүнд орсон огт танихгүй нэг цэрэг, билет нь энэ байхгүй юү гээд өөрийнхөө тасалсан билетийг хүүхнүүдийн нүдний өмнүүр савчуулах зуур би ороод явчихалгүй яахав. Шинэ ирсэн ангийн хал цэрэг байсан биз. Сайхан концерт байсан, Сүглэгмаа дуулдаг юм. Хэд дахиуллаа. Дахиад дахиулах гэтэл гарч ирдэггүй. Нэг цэрэг, хөөе, Сүглэгмаа, гараад ирээч ээ, найз аа гэж орилох юм. Бусад нь бас Сүглэгмаа гэж дуудан шуугих ю м . Э н э балай байдал явж явж Ю.Цэдэнбалын чихэнд хүрээд, тэр нөхдүдэд жилийн турш урлаг соёлын зүйл бүү үзүүл гэж зарлигдсан гэдэг.
Үнэхээр үзүүлээгүй. Гэхдээ би ротын дарга, батаяьоны 10 цэргийн хамт Халхын голын ялалтын 30 жилийн ойг Сайншандын зөвлөлтийн цэргийн гарнизонд тэмдэглэх баярт хүндэт зочноор оролцохоор шагнуулсан (дандаа сахилга амлуулдаг цэрэг биш байхгүй юү) ба тэнд Москвагийн нэрт жүжигчдийн концерт үзсэн. Ёстой сонгодог түвшний концерт байв. Орос ангийн хийлсэн клуб том боловч хороо, дивиз хэрхэн’ багтах. Ялгаагүй, цэргүүд над шиг дайраад л, офицерууд нь хүч хүрэхтэй үгүйтэй харагдсан. Баярын хурлын илтгэлийг 1939 онд Сайншандын бригадад байсан цэрэг, хожим Берлины тулалдаанд ЗХУ- ын Баатар цол хүртсэн генерал Морозов тавьсан.Тэрбээр хэлэхдээ: “Үе үеийн хүмүүст заавал нэг шалгуур тулгардаг. Бид тухайн үедээ Октябрийн хувьсгал, иргэний дайн өнгөрчихсөн болохоор гавъяа байгуулах боломжгүй азгүй үед амьдарч байгаа мэт боддог байлаа. Гэтэл Эх орны их дайн болсон, бидэнд түүхэн шалгуур давах ээлж ирсэн. Бид давсан. Танай үед ямар шалгуур тохиолдохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ тохиолдоно доо” гэсэн юм. Энэ санаагаа генерал Морозов хэд давтаж хэлсэн нь санаанаас гардаггүй. Бодвол, манай үеийнхний шалгуур нь социализмаас капитализмд шилжих явдал биз.
Баянцагааны алдарт тулалдаан яагаад тийм хүнд болсон юм гэхээр чухам Зөвлөлтийн цэргийн Сайншандын бригад замдаа төөрөөд хожимдсоноос болсон гэж генерал Морозов ярьсан нь түүхэнд тэмдэглэгдээгүй түүхэн үнэн байх. Ер утга зохиолд түүхэн үнэн орхигддог, худал гоёчлогддог. Харин дайнд оролцсон хүмүүс цэргүүдтэй ярьж байхдаа л яг үнэнийг хэлдэг. Дэд хурандаа шуудай Дандарын ярьснаар, Чөлөөлөх дайны Баатар С.Дампилын окопонд борооны ус час улаан учир нь мань хүн дизентерийтээд цусаар суулгах тул өмдөө шувталчихаад японы олон галын цэгүүдийг устгаж байжээ.Аяны цэрэгт шалбааг уухаас өер аргап/й үе тохиолдож байснаас тийм явдал цөөнгүй байсан гэнэ. Дандар Баатар нэг удаа буудлагын дараа бидний хэдэн цэрэгт ярьсан нь: “Дурандаад хэвтэж байгаа японы тагнуулыг алсаас харсан. Морио бариулж, гутлаа тайлаад гэтэж очлоо. Дараад автал ганцхан холбироод дээр гарчихсан. Би бас холбироод хоёулаа босч ирээд нүдэлдчихсэн. Ташаанд буу бий боловч тийшээ гар явах зав байхгүй. Нэг мөчид улаан нүүр нь гялсхийхэд өгчихсөн. Ар тийшээ тэрий хадаад сэлэм нь хуйнаасаа сугарсан, би шүүрч аваад цавь руу нь дүрчихсэн” гэж. Утга зохиолд баатрууд цусаар суулгаад юмуу, хүний цавь руу дүрээд байхгүй шүү дээ.
Түргэн авах, түгшүүр зарлах бол цэргийн ердийн амьрал. Шинэ цэргүүд тэр дайн нь түргэхэн болоод өнгөрөхийн төлөө сэтгэлзүйтэй.Харин хал цэргүүдийг шаналгая гэвэл, за даа, хятадууд та нарыг халуулахгүй янзтай мэдээ сонсдож байна энэ тэр гэж давслана. Цэргүүд надаасгюм их асууна. Зөвлөлт-Америкийн дайн болох уу гэж асууна. Би болохгүй гэж баттай хэлдэг байсан. Учир нь хоёр хэт гүрэн аль аль нь алдах юмтай. Мэдээж, хятад- зөвлөлт-монголын дайн гарах эсэх нь амин чухал асуулт байв. Би мэдээлэлтэй цэрэгбайв. Зөвлөлтийн нисэх анги хажууд байх.Цулгүй талд бүх юмаа барих үед нь бид тийшээ очиж ажиллах явдал байв. Офицер, түрүүч нар нь намайг тойрч шалгаана, Монголын тухай мэдээлэл авна. Орос цэргүүд жа нараасаа үнэхээр айдаг. Ер нь бол манайд ч, тэднийд ч жагсаалын дарга нар нь улирсан ахлагч нар байв. Нэг өдөр тэдний хэдэн бага даргатай ярилцаад сууж байтал цэргийн цол формтой хэдэн орос хүүхэн гарч орж гүйлдээд байх юм. Нэг түрүүчид, чи намайг тэдэнтэй танилцуулаадхаач гэтэл, анд аа, чи тэдний салхин доогуур ч гарах хэрэггүй гэдэг байгаа. Нисэх хороо хогоо хаяна.
Тэнд нь зөвлөлтийн бүх хэвлэл, нэртэй том сэтгүүлүүд бүрэн байна. Би явж тэр бүхнийг авчраад унших тул тухайн үедээ Монголд хамгийн мэдээлэлтэй хүний нэг би байв. Жинхэнэ 20-р зууны романч бол япон Абэ Кобо. Нобелийн шагналд нэр дэвшиж байсан зохиолч.Түүний романуудыг би тэгж л уншсан. Тиймээс дайн болох эсэх тухайд анализ хийх боломж надад байсан. Тэр үеийн Хятадад алдах юм байгаагүй нь дайн гарах магадлалыг өсгөж байв.Гэхдээ судлаад байхул арай өөр дүр зураг илрэнэ. Том дайн едеөхүл нэгмөсөн ялагдахаа маоист Хятад мэдэж байв. Оператив урлагийг тэд одоо ч гавьтай мэдэхгүй. Би хувьдаа ах нартай найраад Бээжингийн цэргийн комендант болж болмоор боддог байв. Ротын дарга хар Чимэдийн толгойд ч тиймэрхүү юм бас орсон бололтой. Бодвол, мань хүн комендатурын арын албаны дарга мөрөөдсөн биз. Тэгээд нэг удаа, чи хятад хэл сурмаар юм гэж билээ.
Гэтэл нэг удаа их сонин юм болов. Ер нь бол анги нэгтгэл хэзээ яаж түргэн авахыг цэргүүд бид үнэрлэж мэдээд байдаг юм. Дотоодын тагнуулын сувгууд байна. Огт санамсаргүй нэг шөнө түгшүүрийн дохио хангиналаа. 1969- 1970 оны өвөл. Эхлэх байранд гарлаа. Хөлдсөн хуягтуудыг асаана гэж маш бэрх. Гэхдээ минутын дотор асаадаг цэрэг бас байдаг. Монголчууд гэж их сонин хүмүүс. Бригад эхлэх байранд гармагц офицеруудыг дуулаа. Нилээд удаан үүрэг тавигдаад тэд Эргэж ирэхдээ хачин царайтай болчихсон байв. Хятадууд Сулинхээр, Замын Үүдээр довтолсон гэнэ. Сайншандын орос ангиуд хөдөлсөн гэнэ. Манай бригад бүх бүрэлдэхүүнээрээ одоо хөдлөх тушаал Жанжин штабаас ирсэн гэнэ. Ийм л өгөгдөл байв.Гэр бүлтээ офицеруудын царай барайв. Хал цэргүүд бид дуугаа хураав. Гайхал шинэ цэргүүдийн нүд сэргэж байх юм. Би ротын даргын холбооны станцийг үүрэх ба түүний доёгор антенна нь түвэгтэй тул авч хаячихаад төмөр утсаар орлуулдаг байв. Бодохнээ нь, тэр антенн аминд орохыг хэн байг гэхэв. Байранд буцаж очиж авлаа. Бригад бүх бүрэлдэхүүнээр жигдэрсэн боловч хөдлөх тушаал хараахан ирэхгүй байв. Үүр цайж өглөө болов.
Тэр хооронд дарга цэрэг, хуучин шинэгүй нийтдээ тайвшраад шийдсэн царайтай болчихдог юм билээ. Тэртэй тэргүй л хүлээж байсан зүйл. Офицерууд дахиад дуудагдав. Эргэж ирээд, түгшүүрийг буулга гэсэн тушаал сая Жанжин штабаас иржээ. Түрүүчийн өгөгдөл Жанжин штабаас ирсэн, Бригадын командлал ч урьдчилан мэдээгүй гэж байна гэв. Ихэнхи цэргүүд нэг сум халаасандаа хийсэн байж билээ.Санамсаргүй сонин явдал. Түүнээс нилээд хожим, гэхдээ өнөөгөөс олон жилийн өмнө далд эх сурвалжаас миний олж мэдсэнээр дараахи юм. Тэр жилүүд бол олон улсын байдал нийтдээ эрс хурцадсан үе. Израиль-арабын дайн, Чехословакийн үймээн гэх мэт. Цөмийн зэвсгийн салбарт ЗХУ АНУ-тай тэнцүү нөхцөлдхүрсэн боловч америкхүн Саранд анх бууснаар сансарын өрсөлдөөнд анхны том ялагдал хүлээв. Энэ нь зөвлөлтийн том толгой зохион бүтээгчдийн хоорондын өрсөлдөөний уршиг байсан нь одоо түүхийн материалаар илэрч буй юм.
Цэргийн эдийн засаг асар өссөн шалтгаанаар иргэний эдийн засаг хүнд байдалд орж эхлэв. Ерөнхийдөө иймэрхүү таагүй төлөвтэй нөхцөлд Хятадыг түрүүлээд цохичих сэтгэлзүй Зөвлөлтийн дээд удирдлагын хүрээнд нилээд газар авсан байна. Ямар боловч Зөвлөлт, Монгол даяар бэлэн байдлыг гэнэт шалгах шийдвэр гарчээ. Диймээс түгшүүрийн дохио хойноос ирсэн бөгөөд Ю. Цэдэнбал ч урьдчилан мэдээгүй байна.Гэтэл ийм өрнөлийг АНУ-ын ТТГ түншиж мэдээд Хятадад сэрэмжлүүлснээс гадна хэрэв ЗХУ дайн эхэлвээс АНУ төвийг сахих эсэхээ нээлттэй үлдээнэ гэж ЗХУ-д анхааруулсан дүр зурагтай. Өөрөөр хэлбэл, АНУ хятадын талд үйлчлээд миний комендант болох зүүд, манай ротын даргын комендатурын арын албаар хөлжих мөрөөдпийг хаажээ гэлтэй.
Хэрэв энэ бүхэн үнэн бол түүхийн үргэлжлэлийн асуудал их эгзэгтэй сонин болж ирнэ. Хятад-Оросын стратегийн түншлэл байна уу, байна. Орос нилээд газраа, түүний дотор мөнөөх домогт Даманы арлыг Хятадад өгсөн. Гэтэл Хятад-Америкийн харилцаа нь гүндээ үүнээс ч илүү итгэмжит үндэслэлтэй байхгүй гэх газаргүй байна. ЗХУ танайд довтлох санаархал агуулжээ, худал гэвэл Монголыгоо оролцуулаад бүх зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлыг шалгасан баримт байна гэж ТТГ Хятадад мэдээлсэн нь мартагдашгүй маш том дипломат алхам.Энэ нөхцөлд Монгол Улсын гуравдахь хөршийн асуудал бодууштай юмны нэг болно. АНУ маань Монголын төлөе Хятадын зах зээлийн ашиг сонирхлоо золиослох уу. Ерөөс АНУ-ын бодлогын мөн чанарын судалгаа чухал болов. Горбачев, Ельцин хоёр Оросын байдаг бүхнийг АНУ-д өгсөн. За, ямар боловч халагдах цаг ирлээ. 1965 оны цэрэг 3 сар илүү хаасан. Тэр оны өвөл татагдсан жолооч цэргүүд 8 сар илүү хаасан. Бид хугацаандаа халагдах уу, үгүй юү. Хугацаандаа гэвэл 6-р сарын 12-нд. Хугацаат цэргийн албаны хугацаа нь нийгмийн амьдралын маш чухал хүчин зүйл. Хаант Орост 15, 25 жил байгаад Зөвлөлтийн үед армид 3, флотод 4 жил болсон.
Гэвч 1967 онд 2 жил болсон. Ингээд манайд 2 жил болох уу, үгүй юү гэж лайтай надаас их асуух. Би болохгүйг гэж шууд хэлдэг байв. Яагаад гэж мэдээж асууна. Хариултыг хэлвээс нам засгийн эсрэг үг хэл гаргасан ялд унах тул хэлэхэд хэцүү. Манай нам засаг мэдрэмжгүй, үйл явцаас ямагт хожимддог, хөшүүн хойрго, 2 ба 3 жилийн нийгмийн амьдралын ялгааг зөв тооцож чадахгүй гэлтэй биш.
Цэргийн газар оны ялгаа байдаг, байхёстой. Цэрэг арми байх нэг нөхцөл нь энэ. Оны ялгаа муугаар эргэсэн нь миний үеийн дараахи үзэгдэл. Энэ нь, нэгд, чухам хугацаат албаны 3 жилээс эхтэй. Уйдаж гүйцсэн хал цэрэгт зугаа хэрэгтэй. Би гэхэд нэг ухаандаа хурандаа нар, дээд тушаалын офицеруудын эрлэг шахам юм байв. Туваанжав хурандаатай харгалдсан нь ганц жишээ. Сургууль төгсөж ирсэн, учир мэдэхгүй мөртөө их зантай офицеруудаар ч тоглоно. Хоёрт, шоронгоор дамжигсад цэрэгт олноор шилжсэн явдал. Манай ротод шоронгоос ирсэн хоёр хал цэрэг байсан.Шоронжсон хүмүүс уур амьсгалыг эвдэх талдаа ажиллагаатай. Шоронгоос хэзээ ч сайн туршлага авдаггүй, муу туршлага авдаг, тэр нь цэргийн хуарангийн нөхцөлд илрэхдээ хялбар. Маниас хойш тэдний тоо цэргийн эгнээнд олширсон. Энэ нь Монгол шоронжсоны гай байв. Яагаад шоронжсон бэ гэвэл, эдийн засгийн зарим салбарт өртөг зардалгүй хүний нөөц хэрэгтэй болсон. Энэ нь ерөөс Сталины зарчим.
Нөгөө талаар, цэрэг 3 жил цэрэг байж л цэрэг болдог гэх нь ор мөргүй биш үнэн. Цэрэг болох, цэргийн ямар нэг бэлтгэлтэй болох нь чанарын өөр зүйл.Гэвч заавал дайн хийх зорилго байж болохгүй учраас заавал цэрэг болгох хэрэггүй. хүнээ ба нийгмээ бодолцохгүй бол болохгүй. 2 жил гэвэл дундаж нөхцөл. 1 жилийн цэрэг бол шинэ цэрэг.Дан шинэ цэргээр байлдаж болдоггүй нь дэлхийн түүхэн туршлага. Тиймээс гэрээт буюу мэргэжлийн цэргийн асуудал үүснэ. Энэ мэргэжпийн цэрэг нь орчин үеийн өндөр технологийн шинэ зэвсэг техник сурч эзэмшсэн байж л мэргэжлийн цэрэг байна. Манай цэргийн зэвсэглэл хэр шинэчлэгдэж байгаа бол. Энэ салбар дахь шинэчлэлгүйгээр батлан хамгаалах салбарын тухай яриад ч Хэцүү тийм цаг үе Чойбалсан, Зүүнбаян. Манай ангийн хүүхэд шинэ цэргээр ирээд Бригадын штабын бичээч болдог юм. Том албан тушаал. Тамгагүй чөлөөний хуудас түүнд байх. Бидний үед албан ёсны чөлөөгөөр явах явдал огт байхгүй шахам. Миний чөлөөгөөр шагнуулсан хоногийн тоо 30 хүрсэн байсан. Тэгээд тэртэй тэргүй хал цэрэг Зүүнбаянгаас хаашаа юу хийж явах юм. Манай ангийн хүүхэд Сайншандад байхтай тааралдтал, чи чөлөө аваад ирж хэд хонохгүй гэв.
Ротод ирээд хэлтэл онжавууд дургүй байна. Биднээс уйдсан биш, үлийгээ хийх юм гэлээ. Гэхдээ чөлөөгүй яваад ирэхийг сонирхогчид мэдээж байна. Би тэр зун намар хэд хэдэн цэргийг тамгатай чөлөөний хуудсаар хот явлууллаа. Тамгагүйг ангийн хүүхэд буюу штабын бичээч Гонгоржаваас авна. Ангийн тамгыг би үйлдэж дарна. Сүлдтэй тамга шүүдээ. Нарийн ажил. Нэг удаа ротын хоёр цэрэг явлаа. Бид арыг нь дааж аргална гэгч болно. Хэлцсэн ёсоор долоо хоноод нэг нь ирлээ.
Нөгеө нь вокзал дээрээс комендантын эргүүлд баригдсан гэнэ. Коменданттамгыг нарийн үзэх нь мэдээж. За, ингээд төрийн тамга хуурамчаар үйлдсэн хэргээр…гэж бодогдлоо. Хоёр хоноод нөгөөх маань ирлээ. Яав гэтэл, тамганд сэжигтөрөөгүй, хувцасны зөрчилтэй гээд хоёр хоног суучихлаа гэв.
Чингээд халагдах цаг туллаа. БХ- ын сайд Б.Дорж Зүүнбаянд хүрэлцэн ирлээ. Дорнодын партизан өвгөн хүүгээ авна гээд бас иржээ. Энэ өвгөн тухайн цагтаа хурандаа генералын дарга нь байсан тул цэрэгтэйгээ уулзаж таарна гээд мань өвгөнд, та цэрэг хугацаандаа халагдах эсэхийг асуугаад ир гэж захилаа. Хугацаандаа хална гэж байна, би хүүгээ долоон хоногийн өмнө аваад явъя гэсэнд Дорж тэг гэж байна гэсэн хэлтэй ирэв. Бригад бүх бүрэлдэхүүнээр жагслаа. Эрдэнэ жагсаалаас гар гэж Штабын дарга хурандаа Туваанжав дуудаад байх юм.
Зөвхөн манай батальонд 5 Эрдэнэ байх тул хэнийг хэн мэдлээ. Эцэст би болох нь тодорлоо. Жагсаалаас гарч очлоо. Маргааш 8 цагт штаб дээр бэлэн бай гэж байна. Очлоо. Чамайг офицероор улируулна, маргаан шинэ офицеруудын тушаал гарна гэж байна. Би улирахгүй гэлээ. Маргаан үүслээ. Уурхай ухахаас өөр юм мэдэхгүй, чадахгүй, тэндээ л очиж социалист бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэж би донгосоод байв. Хурандаа асч байна, уурандаа бол аймаар хүн шүү дээ. Босоод ирлээ. Улаан нүүр нь тулж ирээд халуун амьсгаа нь цоргиж байна. Шанаадахад нь унаад өгөх үү, тулаад зогсох уу гэж шүү бодогдлоо. Гэтэл хурандаа, чи чинь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүн биздээ, нөхөөр гэж учиргүй хашгирлаа. Бишээ, нөхөр хурандаа гэж би бас хашгиран хэллээ. Штабын даргын өмнөө барих юм дууссан тул нилээд шалчийгаад ширээндээ суулаа. Мэдээж, манай оны, тэр тусмаа ротын онжавуудаас улирах нь улирч хожим дивизийн захирагч хүртэл дэвшсэн армийн шилдэг офицерууд төрсөн.
Бригадын халагдсан цэргийг Бригадын Штабын дарга хурандаа Туваанжав өөрийн биеэр тэргүүлэн Сайншандаас галт тэргээр хөдөллөө. Замд хоёр ч удаа бүртгэлээ. Эрдэнэ хэмээгч оршин буй эсэхийг хурандаа өөрийн биеэр ойртон ирж үзэх юм. Түүний хувьд би гэгч нэг талаас хамгийн аюултай цэрэг, нөгөө талаар офицер болгох ёстой цэрэг гэхээр би өөрөө ерөөс хэн юм гэсэн асуулт гарна. Хар Усан тохойд ирлээ. Дахиад бүртгэлээ, нэрс дуудлаа. Мөнөөх Эрдэнэ оршин буйг хурандаа биеэр ойртон ирж харлаа. Хурандаа одоо чамайг болимоор юм гэж онжавууд хэлж байв.
Нэртэй зүстэй цэрэг байхад сайхан, сайхан.Хожим генерал, дивизийн дарга Туваанжав бээр жинхэнэ Монгол цэргийн дарга байсан юм. Би Дандар Баатарын цэрэг гэхээр хүмүүс энэ солиорчиж гээд түргэхэн холддог. Би хоёрын хоёр Дандарын цэрэг. Дандар Баатараар сайшаалгаж ч, шийтгүүлж ч байсан. Хуучин үед 30 000 хувь хэвлэгддэг олон хэлний “Монгол Улс” (МопдоИа, Монголия) сэтгүүлийг эрхэлж байхдаа Гарамгай Баатартай уулзаж ярилцлага аваад, том өнгөт зургийн хөрөгтэй нь нийтэлж байв.
Халагдсан даруй Ардын армийн Улстөрийн газрын дарга генерал Ендондүйчир тэр Эрдэнэ гэгчийг буцаагаад олоод ир гэсэн байдаг. Би хаанаас олдох, стратегийн металл олборлохоор нэгэнт одсон байв. Жилийн дараа хөдөөнөөс хотод ирээд явтал манай батальоны штабын туслах ахлах дэслэгчтэй БХЯ- ны урд таарсанд, мань хүн намайг шууд хөтөлж оруулж офицер болгох гээд сүйд болсон.
Маршал Г.К.Жуковын алдарт “Дурсамж ба Бодрол” номыг Москвад хэвлэгдсэний маргааш нь ба Монголд анх удаа уншсан хүн нь би юм. Батальон даргын зөвлөх дэд хурандаа Соловьев амраад буцах өдөр нь тэр ном худалдаанд гарч уншигчид шуурч байжээ. Зөвлөх нэгийг аваад ирэхдээ манай ротын даргад, энэ номыг нөхөр Ю. Цэдэнбал ч хараагүй байгаа, тэр Эрдэнээр хоёр хоногийн дотор уншуулаад цэргүүдэд яриа хийлгэ гэжээ.
Дэлхийн байдал дэн дун байна. Олон улсын дүн шинжээчдийн нилээд нийтлэг бодлоор, цэрэг-стратегийн салбар дахь үйл явц цаашдаа хаашаа яаж ч эргэж магад нөхцөл байдал бүрэлджээ.
Хуучин цэргийг энэ мэт маш нууцыг уншаад, устга.
Судлаач: С.Эрдэнэ
6 Comments