Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Авлигын эсрэг хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хуулийн төслүүдийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсан. Тэрбээр шүүгч нарын цалинтай холбоотой асуудлыг хөндөн асуусан бөгөөд зарим шүүгчид хэрэг шийдэхдээ хойрго ханддаг хэмээн шүүмжилсэн. Хуралдаанд оролцсон гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нар шүүгчдийн цалинтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Л.Цог, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссыг Хууль зүйн яам руу шилжүүлэх асуудлыг дахин ярилцах шаардлагатай хэмээсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай тогтоолын төслөөс бусад хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шүүгчдийн цалинг итгэлцүүрээр тогтоох бус хатуу тоогоор тогтоох нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.
Холбоотой мэдээ
-
Арзгар (October 28, 2015 2:42:21 pm )
Шүүгчид даварсан новшнууд… Цалингийн хасвал авилга авна гэж Лүндэндорж хэлээд бгаа юм даа. Цалинг нь нэмэхээс өмнө шүүгчдийн хэдэн хувь нь авилга авдаг байсныг хэлэх хэрэгтэй. Авилга авдаг шүүгчдийг яагаад АТГазар шалгахгүй бгаа юм гээд олон асуудал байна. УИХ-ын гишүүдийн хэмжээнд л цалингийн тогтоож өгөх нь зүйтэй. Тогтоосон цалингаар ажлаа хийж чадахгүй гэж байгаа бол халах хэрэгтэй. УИХ-аас тогтоосон цалингаар илүү харж билүү долоохгүй ажлаа хийгээд яваад байх шударга хүмүүс зөндөө бий.
1 Comment