БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зинпинь өнгөрсөн жил Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын хамтын ажиллагааг стратегийн шинэ төвшинд гаргаж, хоёр улс эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүх салбарт хамтарч ажиллахаар болж хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан билээ. Тэгвэл энэхүү шинэ түншлэлийн эхлэл болох Монгол-Хятадын анхдугаар экспо энэ сарын 23-наас эхлэн Өвөрмонголын Хөх хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, мөн хамтын ажиллагаа, хоёр орны бизнес эрхлэгчдийн холбох гүүр болох уг үйл ажиллагааг зохион байгуулах яриа хэлцэл одоогоос таван жилийн өмнө яригдсан аж. Гэсэн ч яриа хэлцэл цаасан дээр явсаар дөрвөн жил өнгөрсөн бол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хагас жилийн өмнө БНХАУ-ын Худалдааны яамны албан хүмүүстэй яриа хэлцлийг ажил хэрэг болгох асуудлаар тохиролцож таван сарын хугацаанд л бэлтгэл ажлыг зохион байгуулж бизнес эрхлэгчдийн анхдугаар экспог зохион байгуулж чадсан юм.
Монголын талаас урлаг соёл, бизнес эрхлэгч, албаны хүмүүс, хамтарч ажиллах том төслүүдэд гарын үсэг зурах зарим аймгийн Засаг дарга зэрэг төлөөллийг багтаасан 900 гаруй төлөөлөгч энэхүү анхдугаар экспод оролцсон бол Хятадын талаас 10 мянга орчим хүмүүс оролцсон өргөн хэмжээний уулзалтууд боллоо. 10 гаруй салбар хуралдаан мөн тооны форум экспогийн хүрээнд зохион байгуулагдав. Хоёр талын урлагийн одуудын тоглолт, спортын арга хэмжээ, үндэсний хувцас загварын үзүүлбэр, морины үзүүлбэр зэргийг ч энэ үеэр зохион байгуулав. Монгол талын ерөнхий зохион байгуулагчаар оролцож, монголын бизнес эрхлэгчдийг дэлхийн хэмжээнд гаргах том ажлыг зохион байгуулсан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас Монгол-Хятадын анхдугаар экспогийн талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Хятад бол аж үйлдвэржсэн том улс. Энэ экспог зохион байгуулснаар хоёр улсын аж үйлдвэрийн салбарт ямар өөрчлөлтүүд авчрах бол. Мөн бидний суралцах зүйл юу байна?
-БНХАУ-ын Засгийн газраас Монгол-Хятадын анхдугаар экспог зохион байгуулах санал тавьсан. Энэ бол олон талын ач холбогдолтой ажил боллоо. Хятадын талаас экспог зохион байгуулахдаа ямар асуудалд илүү ач холбогдол өгч байгааг та бүхэн анзаарсан байх. Шинэ торгоны зам төслийн хүрээнд хоёр улсын хамтарсан экпог зохион байгуулах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Монгол Улс БНХАУ-д талын зам төслөө танилцуулсан. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ төсөл яригдаж, Ерөнхийлөгч ажил хэрэг болгох талаас нь ярьсан.
ОХУ, БНХАУ-ыг холбох гүүр нь Монгол Улс байх, хоёр улсын том ажлууд манайхаар дамжвал гурван хөршийн хувьд хамгийн ашигтай гэж үзэж санал тавьсан юм. Экспогийн хамгийн том зорилго энэ гэж харж байгаа. Экспогийн нээлтийн үеэр БНХАУ-ын Шадар сайд Монгол Улсын санаачилсан Талын зам төслийг бид дэмжиж байна. Гурван улсын хоорондын эдийн засгийн коридорыг мөн дэмжиж байна гэж хэллээ. Энэ хүрээнд найрсаг харилцаагаа улам батжуулж, эдийн засгийн хувьд дээд зэргээр хөгжих боломж байгаа. Монгол Улсаар дамжсан дэд бүтэц тээврийн асуудлаа мөн шийдэх талаар яригдлаа.
-Өвөрмонголын өөртөө засах оронтой ямар төвшинд хамтарч ажиллах яриа хэлцэл хийгдэв?
-Бүс нутгийн хөгжлийн асуудал мөн энэ үеэр яригдсан. Өвөрмонголын өөртөө засах орон, Монгол Улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг анхаарч ажиллана. Эдийн засгийн болон чөлөөт худалдааг дэмжихэд бүс нутгийн хөгжлөөс эхэлье гэдэг асуудлыг гаргаж тавьсан байгаа. Хил дамнасан чөлөөт бүс, өмнөд хөршөөр дамжин гарах боомтын асуудлыг мөн ярилаа. Татварын болон татварын бус дарамт багасгах, худалдааг чөлөөтэй хийх талаар бид ярьсан. Монгол Улс ашигт малтмал, хөдөө аж ахуйн түүхий эдийн асар том нөөцтэй улс орон. Түүнд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэл, үйлдвэржилтийн асуудлыг ч энэ үеэр ярьсан. Гурван том ажлын эхлэл тавигдсан экспо боллоо гэж харж байгаа.
-Хоёр талаас хэчнээн төсөл хөтөлбөрт гарын үсэг зурав. Манай бизнес эрхлэгчид хэчнээн хэмжээний бараатай ирсэн бэ. Хамтын ажиллагааны хүрээнд олон зүйл дээр ахиц гарсан нь ажиглагдлаа?
-Хоёр талын Засгийн газар хэлэлцэж байгаад БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсаас Аж үйлдвэрийн яамыг зохион байгуулахаар сонгосон. 45 хоногийн хугацаанд л ажил хэрэг болгосон. Анх яриа хэлцэл болгох тухай ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард ярьсан юм. бүх санхүү, зохион байгуулалтын ажлыг Хятадын талаас хариуцсан. Анхны гэдэг утгаараа маш их ач холбогдол өгсөн. Засгийн газар хоорондын харилцан ойлголцол бий болсон тохиолдолд хоёр улсын хооронд хүндрэл учруулдаг жижиг асуудлыг ч зохицуулж чаддаг гэдгийг энэ удаад харлаа. Экспод урьд өмнө байгаагүй өргөн хүрээтэй баг бүрэлдэхүүн ирснийг та бүхэн харсан байх.
Соёл, урлаг, хүмүүнлэгийн, бизнес, үйлдвэрлэгчид нийлсэн 800 гаруй төлөөлөгч оролцож байна. Харин Хятад улсын талаас олон мужуудаа төлөөлсөн 7500 орчим төлөөлөгч оролцож байна. Экспод бид 600 гаруй нэр төрлийн, хоёр тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй ирсэн. Соёл урлагийн хэд хэдэн том групп ирж өдөр болгон тоглолтоо үзүүлж байна. Салбар хуралдаанууд маш идэвхтэй, ажил хэрэгч болж өнгөрлөө.
Бизнес эрхлэгчид 100 гаруй гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бол бага зүйл биш. Экспод оролцож байгаа бизнес эрхлэгчдийнхээ барааг бүтээгдэхүүнийг орж үзлээ. Тэнд хөл гишгэх зай алга. Монголын бараа бүтээгдэхүүн энэ том зах зээлд үнэхээр эрэлт хэрэгцээтэй гэдэг нь харагдаж байлаа. Манай бизнес эрхлэгчид ч өөрсдийн бараа бүтээгдэхүүний чанарт анхаардаг болсон байна гэж харагдлаа.
-Экспог хэр хугацаатай зохион байгуулахаар ярилцав. Энэ том зах зээлд гарахад бидэнд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудал юу байна?
-Манайх жижиг зах зээлтэй. Тиймээс чанартай бараа бүтээгдэхүүн олон хийдэг ч борлуулалт байхгүй гэж хэлдэг. Үйлдвэрлэл хөгжих боломж алга гэж ярьдаг. Тиймээс холыг харж ажиллах тухай зөндөө ярьсан. Тэгвэл хөршийн зах зээлийг судалж, чанартай бүтээгдэхүүн хийж чадвал борлуулах өргөн боломж байна гэдгийг харлаа, үзлээ. Бидэнд буруу дохио олон жил явсан. Манайх шиг жижигхэн зах зээлд үйлдвэрлэх ямар хэрэг байна. Тэртэй тэргүй хойд, урдаас оруулаад ирж байхад гэсэн “гаж” бодолтой явж ирсэн. Одоо энэ бодлоосоо салах цаг нь болсон байна. Өөрийнхөө бараа бүтээгдэхүүний чанарт анхаарч, худалдааны маркетингийг зөв хийж чадвал асар өргөн зах зээл биднийг тойроод байна шүү гэдгийг энэ экспо мэдрүүлж чадсан. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр жил тутамдаа нэг удаа зохион байгуулах нь экспогийн асуудал. Харин жил тутам хоёр удаа болгох эсэх нь бидний асуудал болсон гэж харж байгаа. Боломжийн зах зээлийг ашиглаж бараа бүтээгдэхүүнээ сурталчлах нь маш зөв юм байна. Төрийн бус байгууллагууд ганцхан хийж чадахгүй. Төрийн ойлголцол бүх зүйлийг хялбар шийддэг юм байна. Экспог зохион байгуулахад манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд маш идэвх санаачлагатай оролцсон. Тэр тусмаа гааль, татварынхан эх орныхоо төлөө гэж ажилласан. Олон зуун бараа бүтээгдэхүүн хилээр гарахад гаалийн болон татварын асуудал дээр ямар ч хүндрэл үүсээгүй. Хоёр Засгийн газар ойлголцсон байхад цаашдаа бүх зүйл зөв явна гэсэн дохиог бас Хятадын талаас өглөө. Мах махан бүтээгдэхүүн зарагдаж байна. Онцгой албан татвар нэхдэг архи, согтууруулах ундааг ч зарж байгаа. Энэ бүгдийг төр дэмжсэнээр Хятадын том зах зээл дээр гаргаж ирлээ. Зөв зохион байгуулалт л чухал.
Торгоны зам гэдэг бол Евро-Азийн том мөрөөдөл шүү дээ. Евроазид өнөөдөр дэлхийн 88 улс хамрагдаж байна. Хуурай газрын 44 хувь нь энд ордог. Дэлхийн нийт хүн амын 4/3 нь энд амьдарч байна. Ийм өргөн хүрээтэйгээр асуудлыг харж байхад бид явцын дунд асуудалд хандаж, хоцорч болохгүй. Тийм учраас маш идэвхтэй, тэргүүлэгч орон болж оролцох ёстой. Ерөнхийлөгч Уфад очихдоо энэ асуудлыг маш нухацтай ярьсан. Хүн бүхний мөрөөдөл болсон шинэ торгоны зам төсөлд монголчууд маш идэвхтэй оролцож, өөрсдийн эдийн засгийн нөхцлөө хангах учиртай. Бусад улс орнуудтай ч бүх талаар хамтарч ажиллах ёстой.
-Экспогийн хамгийн том зорилго Торгоны зам, Талын зам төсөл гэж та хэллээ. Эдгээр төслийг ажил хэрэг болгохын тулд хил гаалийн дарамт, давхардлыг арилгах ёстой гэдэг. Торгоны зам төсөл чинь хэзээ хэрэгжих бол гэж хүмүүс асууж мэдэх. Ажил хэрэг хэр хугацааны дараа хэрэгжих вэ?
-Хил гаалийн асуудал, худалдааны бүх сүлжээг хөнгөвчлөх тарифыг чөлөөлөх асуудал өргөн хүрээнд яригдаж байгаа сэдэв. Экспогийн хүрээнд ч яригдлаа. Хятад улс хэзээ Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах вэ гэдгийг ярилаа. Энэ бол яах аргагүй төсөлтэй холбогдож яригдана. БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж болно. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Ганцхан харилцан ашигтай байх уу гэдэг нь асуудал. Бид ямар ямар бүтээгдэхүүнээр энэ зах зээлд гаргах вэ, бидний тулгуур үндэс юу вэ гэдгээ эхлээд ярих ёстой. Эдийн засгийн коридорын асуудал яригдаж байна. Хоёр хөрш маань хоёр талынхаа тээврийг түргэвчлэх, хөнгөвчлөх, бараа эргэлтээ сайжруулахад анхаарч байна.
Монгол Улс мэдээж тээврийн дэд бүтцийн манаач байхыг хүсэхгүй. Бид ямар үүрэгтэй байх вэ гэдгээ ярилцмаар байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд хүрвэл манайх аж үйлдвэрийн орон болох алхам руугаа шилжсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө түүхий эдийг боловсруулах хэмжээнд хүрсэн, боловсруулах үйлдвэртэй болох боломжийг бүрдүүлэх учиртай.
Тэгж байж бид бараа бүтээгдэхүүнээ экспортлох, экспортын бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах зах зээлтэй болох юм. Хэдэн түүхий эдээ гадагш гаргаад, оронд нь импортын хэрэгцээ шаардсан барааг татвараас чөлөөлөөд байвал Монгол Улсад хэр ашигтай вэ гэдгээ бодох ёстой. Евроазийн талаасаа ОХУ бол эдийн засгийн холбоонд нэгдчихсэн. Эдийн засгийн холбоонд хамтарч ажиллахаар өнгөрсөн хавар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурсныг та бүхэн санаж байгаа. Хоёр талдаа хоёр хөрштэйгээ том алхмаа хийсэн. Одоо хоёр хөрш маань манай эдийн засгийн нөхцөл байдалд хүлээцтэй, зөвшөөрч хандах, боловсруулах төрөл бүрийн хүнд, хөнгөн, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх /улс төрийн болон эдийн засгийн/ тухай асуудал яригдана. Ний нуугүй хэлэхэд бид хүсч байгаа. Сая экспогийн үеэр БНХАУ үүнийг хүлээн зөвшөөрлөө гэж харж байгаа. Монгол Улсын үйлдвэржилтийн асуудлыг хөндөж, дэмжихээ илэрхийлсэн нь том ололт байлаа.
Б.ӨНӨРТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN
Холбоотой мэдээ
-
зочин (October 27, 2015 11:39:01 am )
Монголын газар нутгийг 100 жилээр гадныханд түрээслүүлнэ, гэдэг заалтыг нууцаар оруулж ирж газрын хуулинд батлуулах гэж гүрийгээд байсан нөхөр чинь энэ шүү дээ,
/ЗУРАТЫН ОЛОН бичлэг байгаа,/// хэний даалгавараар ийм зүйл сэдсэнийг хуулийнхан анхаарахад зүгээр л байх даа, нөгөө нэг нөхөр нь Гарамгайбаатар гэдэг нөхөр шүү, олон түмэн мартаж болохгүй
1 Comment