Парламентыг сонгодог утгаар нь хөгжүүлсэн Англи мэтийн улс хууль тогтоох байгууллагаа дээд, доод танхим гэж заагладаг нь учиртай. Дээд танхимд нь үе дамжсан элит, салбар салбарын мэдлэгтэй эрдэмтэд, баялгийг жинхэнэ утгаар нь бүтээж чадсан эрхмүүд багтдаг. Дээд танхим өндөр шалгууртай учраас элдвийн хүмүүс багтчих вий гэсэн айдасгүй газар. Хөрөнгө мөнгө хаяж өрсөлдөх шаардлага тэнд суугаа лордуудад байхгүй. Доод танхим бол тэс өөр. Мөнгө хаяж өрсөлдөх бэнчинтэй, гудамжинд тэмцэл өрнүүлж байгаад гараад ирэх боломжтой, үзэл бодлоо илэрхийлж, хүргэж чаддаг хүмүүст нээлттэй. Тэднийг ард түмэн сонгодог. Масст таалагдаж чадсан хэн ч доод танхимд ороод ирэх боломжтой. Голдуу л бяртай, цөстэй, насаар залуу нөхдөөс бүрдсэн нь анзаарагддаг. Дэлхийн мэдээгээр хаа нэг парламентын гишүүдийн зодоон цохион гардаг даа. Доод танхим бужигнаж байгаа нь тэр.
Парламентаас улс орны хувь заяаг залсан шийдвэрүүд гардаг. Хөгжил рүү залсан мэргэн шийдвэр дээд, доод танхимтай парламентаас л гардгийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Шалтгаан нь их энгийн. Доод танхимынхан сэтгэлийн хөөрөлтэй, зориг зүрхтэй. Тэр утгаараа шинэ бүхнээс эмээж эргэлздэггүй. Орчин цагтай хөл нийлсэн шинэ санаа, агуулгатай хуулийн төсөл санаачилж чаддаг. Харин лордууд буюу элитүүд аливаад эргэлзэнгүй, болгоомжлонгуй ханддаг учраас ингэж зориглох нь ховор. Цөс ихтэй доод танхимынханд нэг том аюул байгаа. Мэдлэг нимгэн, бизнесийн сонирхолтой гээд өчнөөн шалтгаанаар хөгжлийг хойш татсан хуулийн төсөл санаачлах нь бий. Сэтгэлийн хөөрөл давамгайлсан доод танхимаас гарсан сайн, муу ямар ч хуулийн төслүүд дээд танхимын шүүлтүүрээр ороод гарахаараа хөгжилд нэмэртэй шийдвэр болж чаддаг учраас хөгжилтэй орнууд хоёр танхимтай парламентад толгой дохьсон хэрэг л дээ.
Манайд ямар Англи шиг үе дамжсан элит байгаа юм уу энэ тэр гээд элдэв эсэргүүцэл гарах нь ойлгомжтой. Лорд, элитүүдийг Монголдоо буулгаад харъя. Лордууд гэж хэлж болохоор хүмүүс парламентад бэлхнээ байна. УИХ-д гурваас дээш удаа сонгогдсон Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Р.Амаржаргал, Ч.Улаан, Д.Лүндээжанцан зэрэг улстөрчдийг энэ хэмжээнд үнэлэхэд болохгүй юмгүй. Юун хөгшин, үеэ өнгөрөөсөн гэж ад үзэх, эд чинь л жинхэнэ лордууд. Сонгууль дөхсөн энэ үед хоёр танхим энэ тэр гэж зарчмын айхавтар юм яриад яахав. Тийм том өөрчлөлтийг хийх сонирхол одоогоор хэнд ч төрөхгүй нь хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гэдэг шиг тодорхой зүйл. УИХ-д байгаа лордууд гэж хэлж болох, төрд өчнөөн жил хатаагдаж, төрийн хар хүн болж чадсан лидер улстөрчдөө жагсаалтаар гаргаад ирж яагаад болохгүй гэж. Амбиц өндөр, мэдлэг нимгэн, намын даргад таалагдсан нөхдийг жагсаалтад багтааснаас лорд гэж хэлж болохоор хүмүүсийг онцлоод жагсаачихвал Монгол гэдэг улсын хөгжилд л нэмэртэй, тустай хэрэг болно. Д.Дэмбэрэл гэхэд л төрд хатаагдсан, бэлтэгдсэн лордын жинхэнэ жишээ. Ийм хүмүүсийг нам харгалзахгүйгээр парламентад суулгахад болохгүй юмгүй.
Нэг хэсэг шинэ залуус, шинэ хүн гэж хуйларцгаасан. Одоо ч ялгаагүй “шинэ үе л…” гэх хандлага тод анзаарагддаг. Шинэ залуус, шинэ гишүүд УИХ-д сонгогдоод, улс төрд гараад юу хийж байна вэ, эргэж харцгаая. Үеийнхээ залуутай маргалдангуутаа өнөөхөө огцруулна гээд гүйж байна. Гадаад хүнтэй ам зөрөхөөрөө харийн иргэнтэй суусан хүнийг УИХ-д нэр дэвшүүлж болохгүй гээд үзчихнэ. Энэ жишээний л хөнгөн гоомой асуудлаар улс төр хийцгээж харагдах юм.
Монголын төрд лордууд гараад ирвэл улс төр одоогийнх шиг бужигнахгүй. Хөгжлийн том асуудлууд нэг хүний эрх ашгаар шийдэгдэж улсын хөгжил хойшлохгүй. Улс төрийн ганц бүлэглэлийн нөлөөтэй нөхдийн хуйвалдаан, тактикаар төрийн ажил явахгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин
Холбоотой мэдээ
-
Zochin (October 19, 2015 10:45:55 am )
Manai ulsad lorduud bhgui huuchin olon jil ih hurald suusan humuus chini l eh ornoo gej bodohgui zuvhun uursdiin erh ashgiig hamgaalj ur huuhdee ue zalgamjluulaad hedhen hun l idej uugaad duusaj bnashuudee tedend eh oron gesen setgel uchuuhench bhgui
-
даам (October 19, 2015 11:09:31 am )
лорд болох хүмүүсийн тоонд нөгөөх авлигачдаа нэрлэчихэж наадах чинь хэний захиалгаар бичсэн юм бэ ирэх сонгуулиар гарч чадахгүй нөхцөл байдал бий болоод ирэхээр аргаа өөрчилж эхэлж байгаа юм байхдаа тэгээд бас тэр авилгачид нь удам дамжин сууж авилга авах юм бна л даа ард түмнийг тэнэг гэж басамжлахаа болиорой
-
Anonymous (October 19, 2015 11:55:11 am )
ЛОРД Ч ГЭХ ШИГ ХЭДЭН МЯНГАН ЖИЛИЙН СУУРШМАЛ АМЬДРАЛТАЙ БСАН УЛСАД Л НААД ЛОРД ЧИНЬ БАЙДАГ БАЙХ МАНАЙХ ШИГ НҮҮДЭЛИЙН АМЬДРАЛААС САЛААД УДААГҮЙ БГАА УЛСУУДАД ДЭМИЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ТЭГЭЭД Ч ЦЭВЭР НЭР ТӨРТЭЙ ХҮН БНА УУУ
-
Зочин (October 20, 2015 9:27:04 am )
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж төрийн тогтолцоогоо өөрчлөх цаг аль эрт болжээ. Манайх шиг 1 шатлалтай парламентийн засаглалтай орнууд дэлхийн хамгийн хөгжил муутай ядуу улсууд байдаг гээ биздээ. Их хурлын 76 гишүүн болон бусад улс төрчдийг бус Эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож төрийн зөв тогтолцоонд шилжие. Их хурлын 76 гишүүн юу мэдэхэв дээ, хувийн эрх ашгаа л боддог биз дээ. Одоо дараагийн сонгуулийн бэлтгэлээ хийж орон нутгаар худлаа яриад яваад эхэлчихлээ, нөгөө хулгайчууд чинь, нээх сайхан шударга хүний дүр эсгээд
4 Comments