Ард нийтийн санал асуулга явуулсаны 70 дахь жилд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
Өнөөдөр монголын ард түмэн ард нийтийн санал асуулгад оролцож, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө, өөрсдийнхөө ирээдүйн хувь заяаны төлөө саналаа өгсөний 70 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд бид ойн баяр, тэмдэглэлт өдөр гэж тэмдэглэж байсангүй. Харин энэ удаад МАХН, Шинжлэх Ухааны Академи, Үндэсний архивын газар хамтран 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ард нийтийн санал асуулгын түүхэн ач холбогдлын талаар эрдэмтэн мэргэдийг оролцуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаад баяр хүргэе.
Түүхийн баримт бичгээс үзэхэд 1940-өөд оны дунд үеэс манай улс өөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулах асуудлыг гадаад бодлогынхоо үндсэн зорилт болгон тавьж байсан байна. Ялангуяа өмнөд хөрш Дундад иргэн улсын Засгийн газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах нь Монголын тусгаар тогтнолын үндэс болж байлаа. Энэ асуудалд байнга анхаарч ажилласны хүчинд 1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс “Ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм” гэсэн нот бичгийг манай тал хүлээн авчээ.
Энэ нот бичгийг хүлээн аваад БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид 1945 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Бүх ард түмний саналыг тус улсын нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай” гэсэн заалт бүхий 76 дугаар тогтоолыг гаргажээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 76, 85 дугаар тогтоол болон Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа энэхүү түүхэн санал хураалтад холбогдох 380 гаруй баримт бичиг байна. Энэ бүх баримт бичгийн үг өгүүлбэр, утга агуулгыг эрдэмтэн судлаачид та бүхэн олон талаас нь судалж дүн шинжилгээ хийж байгаа байх.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол нь Монгол Улс тусгаар тогтносон улс байх, эсхүл Хятад улсын бүрэлдэхүүнд багтах эсэхээ шийдвэрлэх түүхэн шийдвэр байсан юм. Түүнчлэн тухайн үед бүх нийтийн санал асуулгын санал хураалт явуулсан зарчим нь монголчуудын хувьд анхны ардчилсан сонголт байсан гэж бид үзэж байгаа юм. Үүнийг олон баримтаар нотолж болно. Тухайлбал, Нэгдүгээрт, БНМАУ-ын Бага Хурлын 1945 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаар тогтоолд “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заажээ. Энэ нь монгол хүн бүр энэ санал асуулгад биеэр оролцож, иргэн бүр улс орныхоо тусгаар тогтнолын төлөө өөрийнхөө байр суурийг чөлөөтөй илэрхийлэх ардчилсан сонголтын зарчмыг иргэддээ эдлүүлж чадсаныг харуулж байна. Хоёрдугаарт, Санал хураалтыг 1945 оны 10 дугаар сарын 20-нд 06-23 цагийн хооронд орон даяар нэгэн зэрэг явуулахаар тогтоож, санал асуулгад яс үндэс, хүйс, шашин шүтлэг, боловсролын байдлыг үл харгалзан БНМАУ-ын харьяат 18-аас дээш насныхан оролцохоор заажээ. Ингэснээр иргэдээ ялгаварлан гадуурхахгүйгээр бүгдийг оролцуулах ардчиллын үндсэн зарчмыг баримталсан байна. Гуравдугаарт, Бүх нийтийн санал хураалтанд сонгуулийн насны 494.960 хүн оролцох байснаас 7.551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1.5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцож чадаагүй ч сонгуулийн насны хүний 98.5 хувь буюу 487.409 хүн бүгд тусгаар тогтнолоо батлан “зөвшөөрөв” хэмээн саналаа өгсөн нь монголчуудын ардчилсан сонголтын үр дүн байлаа. Дөрөвдүгээрт, Санал хураалт тухайн өдрөө бүрэн дуусч, санал хураах төв комисс 1945 оны 10 дугаар сарын 30-нд протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад иргэн улсын Засгийн газарт хүргүүлсэн байна. Энэ бол санал хураалтыг явуулах байгууллага ард түмнийхээ ардчилсан сонголтыг бодитойгоор баталгаажуулсаныг харуулж байна. Тавдугаарт, Санал хураалт эхлэхэд Дундад иргэн улсын Засгийн газраас Ли Фа Жан тэргүүтэй хүмүүс ирж ажиглалт хийсэн нь энэ түүхэн санал асуулгын санал хураалт шударга, ардчилсан зарчмаар явагдсан гэдгийг давхар нотолж байна.
Хэдийгээр санал өгсөн нийт иргэдийн 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байсан хэдий ч анх удаа явагдсан бүх нийтийн санал асуулгад хүн бүр идэвхтэй оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, ардчилсан сонголтоо хийж чадсан ард түмнээрээ Монголын залуучууд, хойч үе маань бахархах ёстой. Тийм ч учраас бүх нийтийн санал асуулга явагдсан энэ өдрийг бид жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байх учиртай.
Цаашид энэ түүхэн өдрийг хэрхэн тэмдэглэж байх, бүх нийтийн санал асуулгын түүхэн ач холбогдлыг судлах, дэлгэрүүлэх ажилд манай эрдэмтэн судлаачдын санаачлага чухал бөгөөд та бүхнийг энэ чиглэлээр их зүйл хийнэ гэдэгт итгэж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлын ажиллагаанд амжилт хүсье.
Холбоотой мэдээ
Comments are closed.