Хэдхэн хоногийн дараа шинэ он айсуй. Хүн бүр хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, ирэх оны зорилгоо тодорхойлж буй энэ цаг мөчид эрхэм төрийн түшээд л амрах завгүй цаг хугацаатай уралдаж явна. Учир нь ирэх онд сонгуулийн жил айлчлан ирж байгаа тул өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэнээ сонгогчиддоо тайлагнах гээд юун шинэ жил манатай. Ялангуяа сонгуулийн тухай шинэчилсэн хуулинд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс элдэв сурталчилгаа, зурагт хуудас бэлэг сэлтээр сонгогчидод тараахыг албан ёсоор хориглосон нь нөлөөлсөн бололтой. Тиймдээ ч УИХ-ын гишүүд хот хөдөөгүй сонгогдсон тойргын ард иргэдээ эргэж тойрч, сайхан сэтгэлт өвлийн өвгөний дүрд хувилах нь хувилж, хүүхэд хөгшид гэлгүй бэлэг тарааж явна. Тэдний тарааж буй бэлэг нь хүүхдэд нь ууттай бэлэг, хөгшидөд нь оргилуун дарс, архи, өмд гутал тэргүүтэн. Тэрэлжид л гэхэд таван кг гурил, нэг литр сүү, нэг шуудай нүүрс зэргийг тараасан гэнэ.
Гэтэл өөрийн тойрогтоо очих гэхээр цаг алдахаар байсан уу аль эсвэл ирэх оны сонгуульд нэр дэвших боломжоо бодсон уу Баянхонгор аймгаас 2008 оны сонгуульд нэр дэвшсэн Батж.Батбаяр гишүүн Чингэлтэй дүүргийн хөгшидөд саймширч яваа бололтой. Ер нь хөгшид ихэнхдээ гэрийн мухар сахиж. ач зээгээ харан хаяахан тоглолт энэ тэрхэн үзэхээс өөрөөр гадуур нэг их яваад байдаггүй. Харин эрхэм гишүүн маань оны сүүлийн долоо хоногийг Чингэлтэй дүүргийнхэнд зориулж, хороо хороогоор нь “тусгай” автобусанд суулган Зайсан дахь Бэлла Виста Хотхонд байрлах “Цагаан дариум” нэртэй үзэсгэлэнгийн танхимаар зочлуулж яваа аж. Гэртээ суугаа хөгшидийг урлаг, уран зураг сонирхуулж гарын бэлэг болгон жинсэн өмд, “Алтантүрүү” архийг хүн тус бүрт өгсөн аж. Манайхан л болсон хойно үнэгүй юманд нугасгүй гэгчээр бэлгээ авч гадаа нэгэндээ орхин дахин дахин оочерлон байж, түүний эрэлт ихтэй бэлгийг авах боломжыг алдалгүй авцгаасан байна.
Гишүүний энэхүү баярын бэлэгт сэтгэл нь хөдөлсөн зарим нэг азай буурлууд “Эхнэрийнхээ дурсгалд зориулсан гэнэ шүү энэ үзэсгэлэнгээ” хэмээн өрөвджээ. Харин зарим нь “Түүний хүү манай дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нэг юмаа. Ирэх онд хүүгээ сонгуульд өрсөлдүүлэх санаатай л эртнээс “сойж” байгаа бололтой. Яахав яахав сайн хүн байгаан дэмжнээ” гэж саймширчээ. Үнэндээ баярын өдрүүдэд төр засаг дүүрэг хороо байтугай үр хүүхэд нь ч олигтой баяр хүргэж чадахгүй ядруухан амьдралтай хөгшид тэдний дунд байгаа нь үнэн. Тиймдээ ч баяруулах гэсэн сэтгэлийг нь буруушаах гэсэнгүй. Харин тойргоо андуурсанаасаа илүүтэй, “галуун хүзүүт” –ээр гар цайлгаад байгаа нь даанч харамсалтай. Дээр дооргүй л “Архигүй Монгол” гэж ярьж хэлсээр байтал эрхэм төр түшигчдэд энэ үг “үйлчилдэггүй” бололтой.
П.Мөрөн NUUTS.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 29, 2011 6:01:27 pm )
Mah zov asuudal hondson bna ene setguulch. Mongol uls arhin dalaid jivj bhad ulam oogshuuleed unegui arhi taraagaad bdag ni ug hun ni yamar ch eh oron ch setgelgee baihgui mon uls undestnee dord uzej bgaagiin tod ilrel gedeg ni haragdaj bna.
1 Comment