1. Дэлхийн ардчилсан орнуудын нийгэмлэгийг тэргүүлж байна
2011 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаатайгаар даргалах болсныг албан ёсоор зарлалаа.
Энэ өдөр нийгэмлэгийг даргалах эрхийг шилжүүлэн өгөх ёслол болж хамтын нийгэмлэгийг 2009-2011 онд даргалсан Литва улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Аудронюс Ажубалис Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид тус байгууллагын далбааг гардууллаа. 100 гаруй орныг эгнээндээ нэгтгэдэг олон улсын томоохон байгууллагыг Монгол Улс тэргүүлэх болсон нь манай улсын нэр хүнд олон улсын тавцанд улам бэхжиж буйг илтгэсэн томоохон ач холбогдолтой үйл явдал юм.
2013 онд энэ байгууллагын гишүүн орнуудын сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо болно.
2. Монголын боловсрол Кембрижийн стандарт руу шилжиж эхлэв
Хүүхэд, залуучуудаа чанартай, өрсөлдөх чадвартай боловсролтой болгох, боловсролын системээ дэлхийн стандарт, ирээдүйн хөгжлийн боломжтой нийцүүлэх үүднээс Монгол Улс Кембрижийн стандартыг нутагшуулж, нэвтрүүлэх ажлыг 2011 оноос эхлүүллээ.
Одоогоор нийслэлд 2 лаборатори сургууль уг стандартаар хичээллэж байна. Улсын хэмжээнд 30 гаруй лаборатори сургуулийг Кембрижийн стандартын дагуу хичээллүүлэх бэлтгэл ажлыг хийж эхлэв.
2015 оноос Монгол Улсын ерөнхий боловсролын бүх сургууль Кембрижийн стандартад бүрэн шилжинэ.
3. Түүхэн тэгш ойнууд давхцан тохиож, шинэ аварга төрөв. Монгол бөх Гиннесийн номд бичигдлээ
Монгол үндэстний тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойнууд давхацсан жил болов. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын талаас Хүннүгийн үеийн хаадтай холбоотой маш ховор олдвор олдсоноо судлаачид зарласан нь энэ жилийн бас нэгэн бэлгэдэлтэй мэдээ байлаа.
Эдгээр түүхт ойн жилийн үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдаж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын харцага С.Мөнхбат түрүүлэн “Улсын аварга” цол хүртлээ.
Мөн энэ онд Монгол Бөхийн холбооноос 6002 бөхийн барилдааныг амжилттай зохион байгуулж, Гиннесийн номд бүртгүүлснээр Монгол бол эх бөхийн орон болохыг дэлхий даяар батлан илэрхийлэв.
4. Гадаадын төрийн өндөрлөгүүд Монголд айлчлав
Өнгөрч буй он төрийн өндөр дээд айлчлалууд шил дарсан жил байлаа. Манай улсад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил /7-р сар/, БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Баг (8-р сар), АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден /8-р сар/, Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан /8-р сар/, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Тарьяа Халонен (8-р сар), ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркель (10-р сар) нарын гадаад улс орны нэр хүндтэй төрийн тэргүүнүүд айлчиллаа. Эдгээр шил дарсан айлчлалыг дотоод, гадаадын ажиглагчид “Монголын баялгийн төлөөх өрсөлдөөн” гэх зэргээр тайлбарлаж байв.
5. МАХН ба шинэ намууд. Сонгуулийн шинэ хууль батлагдлаа
Намынхаа 26-р их хурлаас хойш эе эвдрэлцсэн МАХН / МАН-ынхан 2011 онд албан ёсоор хоёр хуваагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэсэг нөхдийн хамт намынхаа хуучин нэрийг хадгална гэж тэмцэн, 6-р сард Улсын дээд шүүхээс албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхээ гардлаа. Ирэх жил сонгууль болох учраас Монголын нийгэм хөдөлгөөнд орж, олон шинэ нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах эрх авлаа. Тухайлбал, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Хөдөлмөрийн Үндэсний нам зэрэг шинэ нам төрлөө. Мөн ҮШН нэрээ МҮАН хэмээн сольж, ИЗН-д намаа нэгтгэх асуудлаас болж хоёр хуваагдаад байсан Ногоон намын “партизан”-ууд УИХ-ын гишүүн Д.Энхбат тэргүүтнүүдээс намаа салган авч УДШ-ээр баталгаажууллаа.
Удтал санал зөрөн маргалдсаны эцэст Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн батлав.
Шинэ хуулиар сонгууль 48:28 гэсэн харьцаа бүхий холимиг тогтолцоогоор явагдах бөгөөд эмэгтэйчүүдийн квот 20 хувь, намуудын босго 5 хувь байхаас гадна гадаадад байгаа монголчуудын саналыг тодорхой хэмжээгээр тусгах боломжтой болж байгаа юм. Мөн хариуцлагыг өндөршүүлж, нээлттэй ил тод байх талаар дэвшил гарсан байна. Гэвч эрх баригчид өөрсөддөө илүү боломж гаргасан хууль боллоо гэсэн хатуу шүүмжлэлийг ч тойрч гарсангүй. Шинэ хууль Үндсэн хууль зөрчсөн маргаанд ч хүргэж магадгүй байна.
6. Далай лам Монголд айлчилж, IX Богд Монголын шашны тэргүүн боллоо
Дээрхийн Гэгээн XIV Далай лам 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Монгол оронд айлчилж, монголын сүсэгтэн олон, лам хуврагуудад буян номын авшигаа хайрласан нь монголын нийгмийн оюун санааны ертөнцөд чухал үйл явдал болов. Мөн 11 дүгээр сарын 2-ны билэгт сайн өдөр Гандантэгчинлэн хийдэд Монголын бурхан шашинтнуудын тэргүүнээр Энэтхэгт дүрвэн гарсан Төвд гаралтай IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцанг залан тамгыг нь гардуулах ёслол үйлдэв. Энэхүү үйл явдал нь Бурханы шашны зарим томоохон хийдийн тэргүүнүүд болон сүсэгтэн олны эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
7. Эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрч, Тавантолгойгоос иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа олгохоор боллоо
Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 20 хувьд хүрлээ. Энэ нь алт, зэс, нүүрсний үнэ өнгөрч буй онд өндөр байсантай холбоотой гарч байгаа манай орны хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм. Эдийн засгийн өсөлтийг ирэх жил үүнээс өндөр байна хэмээн Засгийн газраас амлаж байна. Харамсалтай нь эдийн засгийн энэхүү өсөлт хүн амын амьжиргаанд хүрч наалдахгүй байна. Албан ёсны статистик мэдээгээр ядуурал 40 хувьд дөхсөн нь үүний нэг нотолгоо юм. Монголд эдийн засгийн хөөсрөлт, халалт болж байна гэж зарим улстөрч, эдийн засагчид шүүмжлэх болов.
Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас Тавантолгойн хувьцаанаас 1072 ширхэг хувьцааг Монголын иргэн бүрт хүртээхээр боллоо. Хувьцааг ирэх жил иргэдэд олгож дуусах ажээ. Эдгээр олгосон хувьцааныхаа оронд бэлэн мөнгийг нь авахыг хүссэн иргэдэд Засгийн газар 1 сая төгрөг олгоод хувьцааг нь буцаан авах юм байна.
8. Багш нар ажил хаяж, цалингаа нэмүүлэхээр тогтлоо
Засгийн газраас Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, цалинг 2012 оны 1, 3-р сараас нэмэхийг шаардсан багш нар оны сүүлчийн улиралд жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар ажил хаялт зарласнаар Засгийн газар, МҮЭ, Ажил олгогч эздийн холбоо дахин хэлэлцээний ширээнд суулаа.
Хэлэлцээгээр Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2012 оны 2-р сарын 1-нээс 80000 төгрөг, 5-р сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр төсөвт тодотгол хийхээр болж, багш нар ажил хаялтаа зогсоолоо.
УИХ өмнөхөн нь төрийн албан хаагчдын цалинг 2012 оны 4-р сарын 1-нээс 80000 төгрөг, 10-р сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр тусгасан байсан юм.
9. Монголчууд өөрсдөө бүтээж байна
“Энержи Ресурс” компанийн Ухаа-Худаг уурхайн төслийн хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр энэ онд ашиглалтад орлоо. Уг үйлдвэр жилд 5 сая тон нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай юм. Энэхүү бүтээн байгуулалтад дотоодын 20 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 600 гаруй ажилтан, ажиллагсад гар бие оролцжээ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед нийт 140 гаруй хүн ажлын байраар хангагдах аж.
Үүний зэрэгцээ Ухаа-Худаг уурхайн дэд бүтцийн цогц шийдлийн хүрээнд 18 мегаваттын цахилгаан станц баригдаж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Технологийн шийдлийн хувьд усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой, усны “0” хэрэглээ бүхий хуурай хөргөлтийн системийг амжилттай нэвтрүүлсэн нь Монголд одоо ажиллаж буй цахилгаан станцуудад түгээмэл ашиглагддаг усны хөргөлтийн системтэй харьцуулахад усыг даруй 4-5 дахин хэмнэлттэй ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм байна.
Тэмдэглэлтэй нь уг цахилгаан станцыг манай залуу инженерүүд буюу монголчууд өөрсдөө угсарч ашиглалтад оруулсан байна.
10. Арвин их ургац авлаа
Энэ онд улсын хэмжээнд 433,4 мянган тн үр тариа, 191,5 мянган тн төмс, 97,2 мянган тн хүнсний ногоо хураасан нь манай улсын сүүлийн жилүүдийн түүхэнд байгаагүй дээд амжилт боллоо. Зөвхөн Сэлэнгэ аймаг гэхэд л 214 мянган тн үр тариа хурааж авсан нь манай улсын нийт ургацын тал хувьтай тэнцэж байгаа юм.
Ингэснээр эх орныхоо хөрсөнд ургасан үр тариа, төмс хүнсний ногоо, чанартай гурил, органик бүтээгдэхүүнээр ард иргэдийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангах болов. Үүгээр ч зогсохгүй үр тариа, хүнсний ногоо, гурил экспортлогч орон болох зорилт тавьж, эхний ээлжинд БНХАУ зэрэг оронд үр тариа экспортлохоор болоод байна.
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын III” аяны хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжиж байгаа нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.
Мөн энэ онд Монголын мал сүрэг таван төрөл дээрээ өсч 38 саяд дөхөж очсон мэдээлэлтэй байна.
МОНЦАМЭ агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.