Төр өрөө дарах шийдэлд хүрчээ
Монгол улс өртэй Аж ахуйн нэгжүүдээ векселээр санхүүжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр гаргасан. Гэсэн хэдий ч төсвийн байнгын хорооноос векселээр санхүүжих байгууллагуудыг шалгах нэрийдлээр уг ажлыг түр зогсоогоод байсан юм.
Тэгвэл өнгөрсөн сарын 21-ний өдөр Төсвийн байнгын хорооноос векселийн санхүүжилтийг хэвийн олгож эхлэх чиг үүрийг Сангийн яаманд хүргүүлжээ. Ингэснээр вексел олгох ажил өнөөдрөөс албан ёсоор дахин эхэлж байгаа аж.
Тиймээс векселээр санхүүжих байгууллагууд өнөөдрөөс Сангийн яаман дээр очин бичгээ авах боломж нь нээлттэй болж байна. Векселийн бичгийг арилжааны найман банк хүлээн авч, мөнгөн хэлбэрт шилжүүлэн өгөх юм. Өмнө вексел бичүүлсэн байгууллагууд шинээр бичүүлэх ажил мөн явагдаж байгааг Сангийн яамнаас дуулгалаа.
MCS, Алтай тресс, Очир трейд компаниудад вексел олгохгүй
Төсвийн байнгын хорооноос хийгдсэн шалгалт, хяналтын шугмаар нийт вексел олгогдвол зохих 286 байгууллагын 3 нь хасагдаж байгааг өнөөдөр Сангийн яамнаас онцоллоо. Тодруулбал, шалгалтын тодорхой дүгнэлт гарах хүртэл MCS, Алтай тресс, Очир трейд компаниудад вексел олгохгүй байх чиглэлийг Төсвийн байнгын хорооноос өгсөн байна. Эдгээр гурван байгууллагын нийт векселийн мөнгөн дүн 70 тэрбум орчим байжээ.
Ингэснээр нийтдээ 283 ААН-д 176.1 тэрбум вексел бичигдэхээр болсон байна. Векселээр санхүүжих байгуулагууд нь,
- 2015 оны 1 дүгээр 1-ний байдлаар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй
- Монгол Улсын төсвийн 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл саанхүүжилт
- Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан векселиэр санхүүжүүлэх байгууллагуудын нэрсэд үндэслэгдэн олгогдох юм.
ААН-үүд хүүгийн алданги авахгүй
Сангийн яамнаас өнөөдөр вексэлийн асуудлаар мэдээлэл хийх үеэр векселийн санхүүжилт авах байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Үндсэндээ төр 2012 оноос хойш хийгдсэн бүтээн байгуулалтын өрөө төлж буй. Тиймээс вексел авах ихэнх байгуулагууд 2013 онд бүтээн байгуулалтаа ажлаа бүрэн гүйцэтгэчихсэн нэгжүүд байна.
Уг нь гэрээ ёсоор гүйцэтгэлийн хэмжээ бүрэн дууссан тохиолдолд гэрээлэгч тал хүүгийн алданги тооцон, төлбөрийг барагдуулах үүрэг хүлээдэг. Өөөр хэлбэл, эдгээр ААН-үүдэд төр алданги тооцсон байдлаар тооцоо хийх ёстой. Гэсэн хэдий ч бодит байдал дээр Төр зөвхөн үндсэн гүйцэтгэлийн мөнгөн дүнг гаргаж байгаа аж.
Түүнчлэн ААН-үүдийн ихэнх нь арилжааны банкуудад өртэй. Сангийн яамнаас вексел олгох зохицуулалтыг хийхдээ тухайн байгуулагын харилцагч банк руу нь холбож байгаа. Энэ үүднээс ААН-үүд арилжааны банкинд өрөө төлж, багахан мөнгөн дүнг гар дээрээ авахаар буйгаа учирласан юм.
Чухам иймээс л арилжааны банкууд Засгийн газарт таван хувийн хүүтэй, бараг л ашиггүй шахам зээлийг гаргаж өгөхөөр болсон байна. Банкуудын хувьд ААН-үүдийн векселийн зээлийн төлөлтдөө эргүүлэн татсанаар мөнгөний урсгал илүү түргэснэ гэх тооцооллыг хийсэн аж.
Ямартай ч ААН-үүдийг баярлуулан гомдоогоод байсан векселийн асуудал эцэслэн шийдэгдлээ. Урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр ААН-үүд нэг удаа мөнгөн урсгалдаа амь тариа хийж, дахин “цоглог” байдлаар зээл авах боломж нь үүсэх нь ээ.
Ж.Мядагбадам
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 03, 2015 4:21:22 pm )
tur munguu udaahaaraa hvv aldangi tootcohgvi harin tatvaraa tulj chdahgvi bhaar hvv aldangi tootcno
1 Comment