Сүүлийн үед “Хадгаламж” банкны захирлаар Г.Алтанг очлоо, ихэнх хувьцааг худалдан авлаа гэсэн мэдээлэл гарах болсон. “Бөмбөгөр” худалдааны төв шатсанаас хойш Сингапурт амьдрах болсон бизнесч эмэгтэй Г.Алтан үнэхээр эргэж ирсэн үү. Тэр дундаа банкир болж байгаа гэдэг үнэн үү. Энэ талаар “Хадгаламж” банкны Маркетингийн хэлтсийн захирал У.Сандагдоржоос тодрууллаа.
-Танай банкны захирлаар Г.Алтан очлоо гэсэн мэдээлэл гарах боллоо. Бас хувь эзэмшигч болсон ч гэж байгаа. “Алтжин” компанийн захирал хэзээнээс “Хадгаламж” банкны захирал болчихов оо?
-Г.Алтан манай банкны захирлаар томилогдсон гэдэг ташаа мэдээлэл байна. Манай банкны гүйцэтгэх захирлаар Л.Бадамцэцэг гэдэг хүн 2010 онд томилогдон одоог хүртэл банкаа удирдан ажиллаж байна. Тэгэхээр Г.Алтан гэдэг хүн манай хувь нийлүүлэгч ч биш, ТУЗ-ийн гишүүн ч биш, Гүйцэтгэх удирдлагад байхгүй.
-Гэхдээ ерөөсөө танай банктай холбоогүй хүнийг захирлаар очлоо гэсэн мэдээлэл тармааргүй юм. Танай ТУЗ-ийн гишүүдэд багтдаг юм уу?
-Би дээр хэлсэн. Г.Алтан гэдэг хүн манай хувь нийлүүлэгч ч биш, ТУЗ-ийн гишүүн ч биш. Манай ТУЗ-д Ш.Батхүү, О.Хүрэлбаатар, Н.Дамдинжав, Б.Энхбат, Л.Бадамцэцэг, С.Сүхболд, Жоель Каше гэсэн гишүүд байгааг та бүхэн банкны сайтаас харж болно.
-“Алтжин” шатахуун түгээх станцуудын оронд “Жаст” үйлчилгээ явуулах болж, “Жаст” групп “Хадгаламж”-ийг авсан болохоор түүнийг холбоотой байж болох юм гэсэн ойлголт бий. Тэгэхээр Г.Алтан үнэхээр танай банктай ямар нэг холбоогүй гэж үү?
-“Алтжин”-гийн ШТС-ууд нь аль 2006 онд “Жаст ойл” компанид худалдагдсан. Гэтэл энэ олон жилийн өмнө хийгдсэн наймааг өнөөдрийн “Хадгаламж” банктай холбож байгаа нь утгагүй зүйл.
-Тэгвэл энэ мэдээллийг хэн ямар учраас гаргадаг юм бол. Танайхан ямар таамаг гаргаж байгаа вэ?
-Энэ мэдээллийг хэн гаргаад байгааг бид мэдэхгүй байна. Ямар нэгэн таамаг ч алга байна.
-Зарим тохиолдолд ийм мэдээллийг улс төртэй холбох нь бий. Ийм учир холбоос байгаа юм болов уу?
-Банк аль нэг улстөрийн хүчин, хувь хүнээс ч байтугай хувь нийлүүлэгчээсээ хүртэл хамааралгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ нь банкны тухай хуулиар зохицуулагдсан байдаг. Тэгэхээр банк аль нэг улс төрийн хүчинд үйлчлэх ёсгүй, манай банк ч аль нэг улс төрийн хүчинд үйлчилдэггүй. Манай банкийг УИХ-ын гишүүн, экс Ерөнхий сайд С.Баярынх ч гэх шиг бас улс төртэй холбох гэсэн оролдлого удаа дараа гарч байдаг. Банкны тухай хуулинд зааснаар мэргэжлийн ур чадвартай хүн банкийг удирдан ажиллана гэж заасан байдаг. Хэн нэгэн мөнгөтэй хүн дураараа орж ирээд байдаг салбар ч биш, дуртай хүн ажиллаад байдаг бизнес ч биш. Дахин хэлье. Г.Алтан “Хадгаламж” банкны захирлаар ажиллаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл.
Э.ЭРЭЛ
“ӨДРИЙН СОНИН”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 24, 2011 12:10:55 am )
sandagaa chi boliochee,Sukholdtoi hamt HAAN-aas mungu saaj huugduud odoo Hadgalamjiig budaa bolgoh gej bgaa gesen.Altang niileed huusen gesen biz dee. Altan egch Sukhboldiig diilehgui ee. ug ni Altan egch chadmaardaa
-
Anonymous (December 24, 2011 12:18:48 am )
unen gesen
2 Comments