Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилайн мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч хэнд ч анзаарагдахгүй байсаар жилийн хагасыг үдэв. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр хаврын чуулган завсарлахын өмнөхөн ой тэмдэглэх комисс байгуулсан ч хөрөнгө, мөнгөгүйн улмаас ажил нь гацжээ. Өндөр гэгээн Г.Занабазарын ойг тэмдэглэн хоёр ч удаа даншиг наадам хийж байгаа хэрнээ ийнхүү их хаанаа үл ойшоож байгаад гайхширмаар. Энэ талаар тодруулахаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунтай холбогдлоо.
Сайн байна уу. Өнгөрсөн долоо хоногт Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх улсын комисс хуралдах байсан. Хурлын үеэр юу ярьсан бэ?
Хурал болсон. Дэвшүүлсэн саналыг дэмжинэ гэсэн. Гэхдээ одоо таг чимээгүй л байна.
Энэ ойг тохиолдуулан танай хүрээлэнгийн эрдэмтэд Хубилай хааны үеийн ордныг судлах байсан бил үү?
Тийм ээ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дахь Хубилай хааны үеийн ордны судалгааны ажлыг төлөвлөөд байлаа. Мөнгө байхгүй учраас ажил эхлээгүй л байна. Гэтэл урд хөрш маань гурван жилийн өмнө Хубилай хааны туурийг ЮНЕСКОгийн соёлын өвөөр бүртгүүлчихсэн. Бид их хааны нутгийнхан хэрнээ ийнхүү хоцорч байна шүү дээ. Судалгааны ажилд хэдэн төгрөг хэрэгтэй вэ? 40 сая төгрөг. Манай 20 гаруй судлаач сарын турш судалгаа хийх юм.
Хубилай хааны ойг тэмдэглэх ажлын хүрээнд өөр ямар үйл ажиллагаа төлөвлөсөн бэ?
Эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 20-23- нд болно. Манайх нэг каталог эрхлэн гаргах учиртай. Гэсэн ч санхүүжилтгүй учраас юу ч хийгээгүй байна. Бусад ажлын талаар би мэдэхгүй. БСШУЯ-ныхан л мэдэх байх.
Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач нар энэ зун ямар ямар аймагт малтлага, судалгаа хийж байгаа вэ?
32 экспедиц ажиллаж байна. Тэр дундаа Хүннүгийн анхны хотыг малтаж байгаа. Мөн Өндөр гэгээний уран бүтээлийн ордон Сарьдгийн хийдэд судалгаа хийж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.