УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Манай улс 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр дэлхийн нийт 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 11 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 5.8 тэрбум ам.доллар, импорт 5.2 тэрбум ам.доллар байгаа ба гадаад худалдааны нийт эргэлтэд экспорт 52.44, импорт 47.56 хувь байна. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэлхийн зах зээлд өрсөлдөх хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, экспортод чиглэсэн, импортыг орлох, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэх харилцааг зохицуулахаар боловсруулсан хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Хуулийн төсөл батлагдсанаар Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байгуулагдана. Энэ сан ямар үйл ажиллагаа явуулах вэ хэмээн асуув.
Уг асуултад “Олон улс үйлдвэрлэлийн бодлогоо дагуулан тодорхой сан байгуулдаг. Уг сан нь үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох үндсэн үүрэг хүлээдэг. Монгол Улсын Үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагааг тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар бүрдүүлэхээр төлөвлөж байна хэмээн Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Энэ хууль Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болно. Монголчуудын дийлэнх нь жижиг дунд үйлдвэрт ажиллаж байгаа. Тиймээс жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжих чиглэлд бодлогоо чиглүүлэх нь зөв” гэсэн санал хэлэв. Түүнчлэн Л.Энх-Амгалан гишүүн, Үйлдвэрлэлийг дэмжих санг Зээлийн батлан даалтын сантай холбож, үйл ажиллагааг нь зөв чиглүүлэх хэрэгтэй. Мөн төр үйлдвэрээ татварын бодлогоор дэмжих ёстой. Тиймээс хуулийг илүү нарийн судлах, боловсруулах шаардлагатай” гэлээ.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.